ТОП-10 одон бөмбөгчдийн бооцоот тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

ТОП-10 одон бөмбөгчдийн бооцоот тэмцээн болно

Монголын ширээний теннисний холбооноос Монголын бүх ард түмний анхдугаар их наадмын аварга, улсын гурван удаагийн аварга Б.Амарсанаагийн хөдөлмөр, алдрыг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын топ-10 теннисчдийн дунд бооцоот тэмцээн зохион байгуулах гэж байна. Хоёрдугаар сарын 4-нд буюу ирэх бямба гаригт “Оч” клубт болох тус тэмцээнд саяхан болж өндөрлөсөн Үндэсний лигийн VI тэмцээнд эрэгтэй тамирчдын чансааг тэргүүлсэн шилдэг найман тамирчин, мөн эмэгтэй тамирчдын чансааг тасархай тэргүүлсэн ОУХМ Б.Батхишиг, урилгаар Хятадын Тяньжин хотын II шигшээ багийн тамирчин Ван Чи нар оролцох ажээ. Тус тэмцээнд Монголын одон бөмбөгчдийн хувьд энэ сарын сүүлээр Макаод болох Азийн аварга шалгаруулах тэмцээн, гуравдугаар сард болох МБАТ-ий их наадам, мөн гуравдугаар сарын сүүлээр Германы Дортмундад болох багийн ДАШТ-ий өмнөх томоохон сорилт болох юм.

Б.Амарсанаагийн нэрэмжит ТОП-10-ын тэмцээнд өрсөлдөх тамирчид:

1.    Э.Лхагвасүрэн /Улсын аварга, СМ/
2.    Л.Алтантулга /Улсын гурван удаагийн аварга, ОУХМ/
3.    З.Төрболд /СМ/
4.    Б.Баатарсүрэн /СДМ/
5.    Н.Энхсайхан /Улсын аварга, СМ/
6.    Т.Энхтөр /Улсын аварга, ОУХМ/
7.    Б.Баярмагнай /Улсын хошой аварга, СМ/
8.    Б.Билэгт /ДМ/
9.    Б.Батхишиг /Улсын таван удаагийн аварга, ОУХМ/
10.  Ван Чи /Тяняжин хотын II шигшээ багийн тамирчин/

Б.Амарсанаа нь 1960 онд байгуулагдсан Монголын анхны шигшээ багийн гишүүн бөгөөд 1961 онд болсон МБАТ-ий анхдугаар их наадамд ширээний теннисний бүх төрөлд 15-хан настайдаа түрүүлж, гайхамшигт амжилт үзүүлж байсан нь одоог хүртэл Монголын ширээний теннисний түүхэнд давтагдаагүй байгаа билээ. Б.Амарсанаа нь 1962, 1966 оны улсын аварга, спортын мастер цолтой. Тэрбээр мэргэжлийн дипломатчийн ажлаа хийхийн зэрэгцээ ширээний теннисний спортоор тасралтгүй хичээллэж, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцохын зэрэгцээ тэмцээнд оролцох баг тамирчдыг бэлтгэж, ширээний теннисний спортын дөрвөн мастер, 10 гаруй бусад зэрэг цолтой тамирчдын бэлтгэн гаргажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж