Мөн чуулганаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч буцаах шийдвэр гаргав. Эл асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор дахин хэлэлцэж нягтлах шаардлагатай гэж үзэв.
Харин хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Бид засаг захиргааны нэгжийг тараахгүй гэдэг. Тэгсэн атлаа одоо өөр юм яриад сууж байна. Хэрэв Бор-Өндөрийг сум болговол дэргэдэх Дархан сум нь эзгүйрнэ. Гэтэл сонгогчид “Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба гишүүн сум байгуулчихлаа. Та бас сум байгуул гээд шаардаад унавал яах вэ. Ийм замаар сум байгуулах нь буруу. Өмнө нь бид энэ асуудлыг хэлэлцээд бараг 100 хувь эсрэг санал өгч байсан мөртлөө яагаад долоо хоногийн дараа эсрэгээрээ 100 хувийн саналаар дэмжээд гаргаад ирэв. Ямар мундаг лобби орчихов оо. Монголд Бор-Өндөр шиг олон газар бий. Бид сумаа 330 болгож жижиглэчихээд одоо дахиад хэд жижиглэх гэж байгаа юм” гэж асуусан юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Энд гишүүдийн лобби орсон эсэхийг хэлж мэдэхгүй. Асуудлыг Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Тэгэхээр буруу байгаа бол Засгийн газарт бий” гэсэн хариулт өгсөн юм.
Дээрх асуудлын дараа чуулганаар Зээлийн батлан даалтын сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгасан юм. Чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан бөгөөд 15.00 цагаас үдээс хойшхи хуралдаан үргэлжилнэ.