-Ардчилсан хүчний холбооны чуулганаар гол нь ямар асуудалд анхаарч байгаа вэ?
-Ардчилсан хүчний холбоо байгуулагдаад нэгдүгээр сарын 26-нд хоёр жил боллоо.Өнөөдөр их хурлын өмнөх байгууллага болох чуулганаа хийж байна. Бүх аймаг, нийслэлийн дүүргүүдээс төлөөлөгчид ирлээ. Энэ жил бол сонгуулийн жил. Ардчилсан хүчний холбооны журамд зааснаар бүх шатны сонгуульд аль болох ардчилсан үзэлтэй олон хүнийг оруулах зорилготой. Холбоо ТББ учраас сонгуулийн мөрийн хөтөлбөр гаргаж болохгүй. Тиймээс өнөөдрийн чуулганаас сонгуулийн мөрийн хөтөлбөр гаргадаг намуудад хандаж уриалга гаргах гэж байна. “Ийм асуудлын ингэж шийдэх нам болон нэр дэвшигчийг бид дэмжинэ” гэсэн агуулгатай.
Үдээс хойших хуралдаанаар асуудал гэхээсээ илүү шийдлүүдийг ярина. Улаанбаатарын утаа, орон сууцны зээл, түүний шийдэл гэх зэргийг ярина. Бид бол “2030 онд 60 мянган ам.доллартай болно. Тэр хүртлээ чи гэр хороололдоо амьдар” гэж хэлэхгүй. МАН-ын бага хурал тийм л зүйл ярьсан. Социализмын үед “2000 он гэхэд коммунизмд орно. Тэр үед хүн ажил хийсэн ч хийгээгүй ч хүссэнээ авч болно” гэж ярьдаг байсантай яг ижил зүйлийг өчигдөр МАН-ын бага хурлаар ярьсан.
Бидэнд 2030 он биш, өнөөдрийн амьдрал хэрэгтэй байна. Ажил хийдэг бүх айлаа ядаж хамгийн багадаа 40 м/кв талбайтай, халуун , хүйтэн устай байранд оруулах хэмжээний эдийн засаг Монголд байна. Эдийн засгийн хөшүүргээ ашиглаж моргежийн зээл, хоёр дахь зах зээлийг ашиглаад хийж болохоор байтал хийхгүй байгаа нь буруу юм. Үүнийг хийсэн нам, нэр дэвшигчдийг бид дэмжинэ гэж байгаа. Маш тодорхой асуудал дээр тодорхой хариулт гаргана. Тэрнээс биш 2031 оны асуудал бидэнд сонин биш.
Сонгууль бол үзэл бодлын тэмцлийн хамгийн том талбар. Энэ улсыг өнөөдрийнх шиг олигархиуд удирдаад явах уу, ард түмний төлөө хэсэг гарч ирээд хуримтлагдсан олон асуудлыг шийдэх үү гэдэг тэмцэл сонгуулиар явна. Зөвхөн АН биш, бүх нам мөрийн хөтөлбөртөө том асуудлуудын шийдлийг тусгаасай гэж бодож байгаа. Тийм агуулгаар уриалга гаргана.