Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд суралцагчид олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчдын тоо, сургалтын төлбөрийн жишиг хэмжээг харгалзан санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөх, сангийн хөрөнгийг улсын төсвөөс хуваарилсан хэмжээгээр Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд, Агентлагийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан түүнийг байршлыг Засгийн газар тогтоохоор нэмэлт оруулжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан /БТКУС/ ийн ангиллын дагуу Засгийн газар батлахаар эдгээр хуульд тус тус тусгасан байна.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт, Танхимын тэргүүнээр томилох тухай, Шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдсэн байна.
Мөн дугаарт нийтлэгдсэн “Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай” зарлиг нь “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”- ын зарим заалтыг хэрэгжүүлэх, эх түүх, үндэсний соёлын өв сангаа өргөн хүрээнд судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгааны эргэлтэд оруулах, энэхүү ажилд гадаад орны эрдэмтдийг татан оролцуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах, Монгол Улсад болон гадаад оронд монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлалыг хөрөнгө санхүүгийн хувьд ивээн тэтгэх замаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхжүүлэх, залуу судлаачдыг урамшуулах, тэдний бүрэлдэхүүнийг бэлтгэх, чадавхижуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилготой ажээ. Зарлигаар Монгол судлалыг дэмжих сан байгуулж ажиллуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, Гадаадын монгол судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор докторын судалгаа-сургалтыг зохион байгуулахыг Монгол Улсын Шинжлэх ухааны академид зөвлөмж болгосон байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
Эмхтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор, 2012 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувь байхаар тус тус тогтоож 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр болжээ.
Эмхтгэлд,“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоос гадна “Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Үүгээр усны нөөцийн менежмент хийх, төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж, түүний дотор толгойн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцотой үйлдвэрийн газар байгуулахаар болж түүний дүрмийг баталж мөрдүүлэхийг холбогдох газруудад даалгасан байна.
Мөн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг нийтэллээ. Журам батлах тухай Засгийн газрын хоёр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, ”Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-уудыг хавсралтаар баталжээ.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай тогтоолоор тус хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг баталж холбогдох хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй хэрэгжилтийг хангуулах Гэрээ байгуулж хамтран ажиллах, бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөтөд хамруулах зэрэг талаар судалж тодорхой санал боловсруулан Засгийн газарт оруулахыг холбогдох сайд нарт даалгасан байна.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ.
“Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох, “Гаалийн улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолуудыг тус тус нийтэллээ.
2012-2-3