УИХ-ын гишүүн Батж.Батбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүнийг хайхаас эхлээд худалдах хүртэлх үйл ажиллагааг тусгасан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Энэ хүрээнд нефтийн импортыг Засгийн газар мэдэлдээ авч, өнөөгийн нефть импортлогч компаниуд жижиглэн худалдааг хийдэг байхаар төсөлд заажээ. Ингэсэн цагт жил бүр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргааг туйлдуулдаг байдал эцэслэнэ гэж үзэж байна. Түүний зэрэгцээ авто бензины үнийг литр тутамд нь 500 төгрөг рүү бууруулах боломжтой байгааг ч хэллээ. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ нэг сая тонноор хэмжигддэг . Үүнээс 30 хувь нь ахуйн хэрэглээнд хамаарна. Үлдэж байгаа 65-70 хувийг уул уурхайн томоохон компаниуд ашигладаг. Тэгэхээр ахуйн хэрэглээний 30 хувьд төр хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ литр нь 1000 төгрөг, экспортын татвар нэмэгдэж байна гэсэн үндэслэлээр импортлогчид шатахуунаа литрийг нь 1800 төгрөгөөр үнэлдэг. Тэгвэл хэрэглэгчдэд хямд үнэтэй нефтийн бүтээгдэхүүн хүргэхийн тулд улсаас татаас олгоно. Жилдээ 150 тэрбум төгрөгийн татаас өгөхөд литр бензин 500 төгрөгөөр буурах боломжтой. Эх үүсвэрийг ч байлгах боломжтой. Тухайлбал, Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг олгоход жилдээ 800 тэрбум төгрөг зарцуулдаг. Халамжийг оруулбал нийт 1.5 их наяд төгрөг болдог. Өөрөөр хэлбэл, иргэдэд дээрх хэмжээний мөнгийг олгож байгаа нөхцөлд хэлбэрийг нь өөрчлөөд нефтийн бүтээгдэхүүний татаасд зориулбал, түүнээс үүдэж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг хөөрөгддөг байдал зогсож тэр хэрээр инфляци буурна гэлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Батж.Батбаяр хоёр жилийн өмнө боловсруулсан. Нефть импортлогч компаниуд хийгээд нефтийн ассоцаци, Газрын тосны хэрэг эрхлэх газар гээд салбар бүрээс мэдээлэл авч, санал солилцсоны үндсэн дээр төслийг боловсруулсан гэж байна.
Г.Дарь