Ууц, өвчүү тавихгүй байя, мах хэрэгтэй бол жаахныг чанаад тавьчихна биз гэх мэтээр. Нэг талаараа буруу биш. Гэхдээ нөгөө талаараа хүмүүс мөнгөндөө тааруулаад ууцаа тавина уу, өвчүүгээ өрнө үү хамаагүй. Огт мах тавихгүй ч айл байж л байгаа. Энэ бол хувь хүн, тухайн айлын дур. Ууц тавьсан байна гээд гайхаад байхгүй. Тавиагүй байна гээд муулаад байх хүн одоо цагт гарахгүй. Тэртээ тэргүй Улаанбаатарт гэлтгүй хөдөөд ч ууц 200 мянга даваад байхад.
Харин үүний оронд бэлэг өгдөг байдлыг ямар нэг байдлаар өөрчилмөөр байна. Зарим нэг айлууд нь ах дүүгээрээ нийлж байгаад, мөнгө хураагаад шийдчихдэг. Тэгээд жил бүр нэгнийдээ дорвитой юм авч өгдөг юм билээ. Болдог л арга. Бас нэг гарц шүү дээ. Гэхдээ бэлэг өгч, биенээ хуурахаас бүр татгалзах хэрэгтэй байгаа юм.
Өнөө цагт цагаан сараар бэлэг явдал нь ёс заншил гэхээсээ илүүтэй айлуудад дарамт болсон. Хар захын наймаачид нь цагаан сарын бэлгэнд зориулж Эрээнээс элдэв хог чирж ирдэг. Түүнийг нь хүмүүс худалдаж аваад, нэгэндээ сэмэрхий даавуу шиг хятад оймс бэлэглэж доромжилж байгаа юм.
Өнөөх оймс нь дамжсаар байгаад буцаад ирэх нь энүүхэнд. Нэг айлд ороод тэднийх ямар бэлэг өглөө гэж дүйцүүлнэ. Том бэлэг өгвөл хариуг нь адилхан барих гэнэ. Оймс өгвөл адилхан өгөх гэнэ. Бэлэг биш биенээ хуурдаг тохуурхал, эсвэл дамжуулж тоглодог бараа болж таараад байгаа юм, өнөөх цагаан сарын бэлэг чинь. Ямар ч утга учиргүй зүйл болж таарч байгаа биз дээ.
Уг нь хүний алгыг дээш харуулж гаргах гэсэн учир утга бэлэгний цаана нуугдаж байгаа юм гэсэн. Тэр нь яван явсаар эцэстээ хятад оймсны үлгэр болж хувираад байгаа. Уг нь хүний алгыг ганц чихрээр ч гэсэн дээш нь харуулж болно шүү дээ. Монголчуудын нэрэлхүү зан нь дийлээд, бие биедээ бэлэг өгч давхиад байгаа юм. Тэгсэн хэрнээ жил бүр цагаан сар дөхөхөөр бие биедээ бэлэг өгөхийг болиулах хэрэгтэй гэж ярина. Уг нь өөрчлөлтийг өөрөөсөө, өөрсдөөсөө эхэлбэл бэлэг өгөхөө болих шиг амархан юм алга.
Хүн бүр дор бүрнээ л шийднэ гэсэн үг. Эсвэл огт өөрөөр, айл бэлэг өгвөл татгалзсан ч яадаг юм. Бид оюун санаандаа байгаа нэрэлхүү зангаа авч хаяж, оймс тараах, авахаас татгалзах хэрэгтэйг нэгэндээ ухуулъя л даа. Түүнээс Ерөнхийлөгч зарлиг гаргаад зогсоочих юм биш шүү дээ энэ чинь. Бэлэг өгөхгүй байлаа гээд муу хэлэх хүн нэг их олон гарахгүй болов уу. Тэртээ тэргүй бид хадгаа дэлгээд, ахмадынхаа тохойг өргөж золголддог, ерөөлийн үгээ хэлж, ашдын бэлгээ хайрладаг ард түмэн.
Тэр хэрээрээ идээ будаагаа өрж, амттан шимттэнээрээ хэн хэнийгээ дайлдаг сайхан уламжлалтай. Сайхан баяртай, баярладаг ард түмэн. Тийм олон бэлэг нэгэндээ өгдөг, дайлж цайлдаг байж хятад оймс нэгэндээ өгч, эцэст нь хогийн саванд хаях шаардлага байна уу.
Гараа гаргаж хийсэн буузаараа, намраас авахуулж хураасан айргаараа, идээний дээж бүхнээрээ дайлаад, урамтай үгээ харамгүй хэлээд, тохойг нь өргөж золгоод гаргахаас илүү сайхан бэлэг гэж байхгүй. Тийм том бэлгийг чамлаж байвал айл хэсэхээ болчихгүй юу. Бид бие биенээсээ бэлэг авах гэж биш бэлэгтэй үг сонсч, ахан дүү, айл хотлоо мэдэх гэж айлчилж, зочилдог монгол түмэн юмсан, уг нь.
http://www.mminfo.mn/