Ялангуяа нүүрсний экспорт 2010 онд 16.7 сая тонн байсан бол 2011 онд 21.1 сая тонн, төмрийн хүдрийн экспорт 2010 онд 3.6 сая тонн байсан бол 2011 онд 5.8 сая тоннд тус тус хүрчээ. Засгийн газрын тооцооллоор энэ онд нүүрсний экспорт 31.6 сая тонн, төмрийн хүдрийн экспорт 6.3 сая тоннд хүрэхээр байгаа. Ингэснээр эдийн засгийн өсөлт энэ онд ч багагүй хувиар өсөх тооцоо гарав.
Хэдий эдийн засгийн өсөлт өндөр байж болох ч орлогын тэгш хуваарилалт гэдэг зүйлийг анхаарах ёстой. орлогын тэгш бус хуваарилалт өндөр байвал эдийн засгийн өсөлт хүн бүхэнд хүртээмжтэй бус байх бөгөөд ард иргэдийн амьжиргаа өснө гэж шууд дүгнэж болохгүй.
Эдийн засаг өндөр өсөлттэй байх таамаглал байгаа хэдий чүүнтэй зэрэгцээд инфляцийн дарамт их хэвээр байсаар байна. Tөгрөгийн ханшийн огцом сулралт, нефтийн бүтээгдэхүүний дотоодын үнийн өсөлт, эдийн засгийн халалт, мөнгөний зах зээлийн тэлэлт зэрэг нь тодорхой хугацааны хоцролттойгоор суурь инфляци өсөх шалтгаан болдог.
Үүний хажуугаар мах,махан бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээврийн үйлчилгээний тариф өссөн нь хүнсний инфляцийг тасралтгүй бий болгосоор байна. Mөн иргэд, аж ахуйн нэгжүүд инфляци өсөх хүлээлттэй байгаа нь бодит байдал дээр инфляцийг бүр илүү өсгөх богино хугацааны эрэлтийн инфляцийн дарамтыг бий болгодог.
Инфляцийн хүлээлт өндөр байх нь аливаа бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Банк, санхүүгийн байгууллагуудын хадгаламжийн хүүгээр дамжуулан зээлийн хүү өндөр байх нөхцлийг бий болгож эргээд үйлдвэрлэл,хэрэглээний өсөлтийг сааруулдаг. Уул уурхайн баялагтай холбоотой томоохон өсөлтүүд гарах хэдий ч уул уурхайн бус салбарын өсөлт саарах эрсдэлтэй байгааг бид анхаарах хэрэгтэй.
I. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн онд нэрлэсэн дүнгээр 10.8 их наяд төгрөгт (7.8 тэрбум ам.доллар) хүрч өмнөх оноос 28.7 хувиар өсөв. Харин бодит эдийн засгийн өсөлт түүхэн хамгийн өндөр буюу 17.3 хувьд хүрсэн байна. Энэхүү өсөлтийн 42 хувь нь үйлчилгээний салбарын өсөлтөөр, 41.4 хувь нь бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлтөөр, 16.3 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарын өсөлтөөр тус тус тайлбарлагдаж байна (Зураг 1). Өмнөх жилүүдэд улсын нийт хөрөнгө оруулалт ДНБ-ий 30-40 хувийг эзэлдэг байсан бол 2011 онд огцом нэмэгдэж 58 хувьд хүрсэн байна. Үүний зэрэгцээ эцсийн хэрэглээний (хувийн болон засгийн газрын хэрэглээ) эзлэх хувь 64 болж буурсан бол гадаад худалдаа түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай буюу ДНБ-ний 23 хувьтай тэнцэж байна (Зураг 2). Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлт 8.9 хувьд хүрсэн. Ирэх онуудад ч өндөр өсөлттэй байхаар таамаглаж байгаа. Өөрөөр хэлбэл Хятадын хэрэглээ буюу эрэлт өндөр байна гэдэг нь манай орны түүхий эдийн экспорт нэмэгдэх, дагаад өндөр үнээр зарах боломж байгааг илэрхийлнэ.
Tүүнчлэн 2010, 2011 онуудад уул уурхайтай холбоотой хүнд даацын тоног төхөөрөмж, машин их хэмжээгээр импортолсон. Энэхүү импорт нь экспортыг дэмжих чиглэлд нөлөөлөх бөгөөд хөрөнгө оруулалтын шинж чанартай юм. Экспортын орлого нэмэгдсэнээр улсын төсөв, компаниудын ашиг өсч бизнесийн үйл ажиллагаа идэвхжих болно.
Засгийн газар 2012 онд эдийн засгийн өсөлт 25.6 хувь, 2013 онд 14.9 хувь, 2014 онд 14.2 хувьд тус тус хүрнэ гэсэн маш өөдрөг таамаглалыг дэвшүүлэв. Харин олон улсын валютын сан 2012 онд 11.8 хувь, монголбанк 16.6 хувьд, Дэлхийн банк 15.1 хувьд тус тус хүрнэ гэж тооцоод байгаа юм.
II. ИНФЛЯЦИ
Хэрэглээний үнийн индексээр (ХҮИ) тооцсон инфляцийн түвшин өнгөрсөн 2011 эцсийн байдлаар УБ хотод 11.1 хувь, улсын хэмжээнд 10.2 хувьд хүрэв. Үүнээс хүнсний бүтээгдэхүүн 8.2 хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 19.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. оны эцсийн инфляцид мах махан бүтээгдэхүүний үнэ 30.3 хувь, хувцас бөс барааны үнэ 18.3 хувь, тээврийн үйлчилгээний үнэ 16.6 хувь, орон сууц, ус, цахилгаан түлшний бүлгийн үнэ 12.2 хувийн нэмрийг тус тус оруулж байна (Зураг 3). манай орны инфляцид эрэлт нийлүүлэлтийн шок хүчтэй нөлөөлдгөөс гадна улирлын шинж чанартай. Эдийн засагт ерөнхийдөө мөнгө орох хоёр төрлийн суваг байдаг. Нэгдүгээрт, төсвийн зарлага, хоёрдугаарт, банкуудын зээл гэж үзэхэд болно. 2011 оны төсвийн гүйцэтгэлээс харахад нийт зарлага 4.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 55.6 хувиар, банкуудын зээлийн өрийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 72.8 хувиар тус тус өссөн нь эдийн засаг дахь мөнгөний хэмжээг багагүй нэмэгдүүлсэн байна.
Tөсвийн зарлага дотроо цалин, тэтгэвэр тэтгэмж, бэлэн мөнгө тараах нь хэрэглээг дэмжсэн байдаг бол банкуудын зээлийн хувьд тал орчим хувь нь хэрэглээний зээл, тал хувийг нь үйлдвэрлэлийн зээл эзэлдэг. Tөсвийн зарлага дээрх шинж чанартайгаар батлагдсан тохиолдолд эрэлтийн инфляцийн дарамтыг үүсгэдэг учир монголбанкны зүгээс мөнгөний бодлогыг чангаруулах чиглэлд шийдвэр гаргадаг.
Mөнгөний бодлогоо чангаруулна гэдэг нь TБҮЦ-ны хүүгээ нэмэх замаар банкуудад зээлээс өөр ашиг авчирдаг активт байршуулах сонголт өгөх, заавал байлгах нөөцийн нормыг нэмэгдүүлснээр зээлийн өсөлтийг хазаарлах зэргийг ерөнхийд нь ойлгож болно. Энэ ч үүднээс монголбанк өнгөрсөн 2011 онд заавал байлгах нөөцийн нормыг 11 хувь, бодлогын хүүгээ 12.25 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг 25 хувьд тус тус хүргэж өсгөөд байгаа билээ.
Ийм тохиолдолд хэрэглээний болон үйлдвэрлэлийн зээлийн аль алиний нь өсөлтийг хумихаар байна. Гэхдээ мөнгөний бодлого хэр хүчтэй байх нь түүний хараат бус байдал болон банк хоорондын нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. Дээр дурдсан бодлогууд нь эрэлтийн талын инфляцийг удирдахад нөлөөлөх бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтын зардал, банкуудын үйлдвэрлэлийн зээл нь нийт нийлүүлэлтэд нөлөөлдөг.
Ийнхүү төрийн бодлого нийт эрэлт, нийлүүлэлтэд шууд болон шууд бус сувгаар нөлөөлөх боловч төрийн бодлогоос хамаарахгүй гадны шок манайд хүчтэй нөлөөлдөг. Сүүлийн үед төгрөгийн ханш сулраад эргээд бага зэрэг чангарсан. төгрөгийн ханш сулрах нь экспортыг дэмжих бөгөөд импортын үнийг нэмэгдүүлдэг.
Ялангуяа манайх шиг импортоосоо хүчтэй хамаардаг улсад валютын ханш нь хүчтэй шокыг бий болгодог юм. Tөгрөгийн ханш суларснаар нефтийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх, цаашлаад нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнөөр тээвэртэй холбоотой бараа үйлчилгээний үнэ өсдөг билээ. Энэ мэтчилэн инфляцийн дарамтыг нэмэгдүүлдэг.
Валютын ханшийн шокоос гадна дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өсөх нь шууд нөлөөлөх болсон. мөн мах, гурил, будаа гэх мэт цөөн хэдэн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй инфляци үүсэх нь элбэг болсон. тухайлбал өнөөгийн байдлаар нэг килограмм хонины махны үнэ дунджаар 5000 төгрөг, үхрийн махны үнэ 5500 төгрөгт хүрч дунджаар 20 хувиар өсөөд байгаа билээ.
Дээр дурдсан хүчин зүйлүүдээс гадна улс орны дэд бүтэц, институци, шат дамжлага, нэмүү өртөг үүсэх суваг, хүмүүсийн инфляци өснө гэсэн хүлээлт зэргээс хамааран инфляци өндөр хэвээр байсаар байна. Энэ онд ч инфляцийг нэмэгдүүлэх эрэлт, нийлүүлэлт хоёулангаас нь үүдэлтэй дарамтууд байсаар байна. тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний дотоодын үнэ өссөн байгаа, импортын үнэ өссөн, махны үнэ өндөр хэвээр байгаа зэрэг нь нийлүүлэлтийн шок болж байгаа бөгөөд энэ хагас жилд төрийн албан хаагчдын цалинг огцом нэмэгдүүлэх, сонгууль, баяр ёслолууд гэх мэтчилэн эрэлтийг өдөөсөн хүчин зүйлүүд тасралтгүй үргэлжлэхээр байна.
Гэсэн хэдий ч инфляцид хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйл бол хүмүүсийн инфляцийн талаарх хүлээлт л байдаг билээ. Өснө гэсэн хүлээлт нь богино хугацааны эрэлтийг нэмэгдүүлснээр жинхэнэ утгаар нь инфляцийг өсгөчихдөг. тийм учраас иргэд аж ахуй нэгжүүд инфляцийн талаар зөв хүлээлттэй байж мөнгө, санхүүгийн хөрөнгөө удирдах нь ач холбогдолтой юм.