Улсын Ерөнхий прокурорын газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Т.Сүхбаатар, Улсын Ерөнхий прокурорын туслах Сургалт, судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, Баянзүрх дүүргийн Прокурор С.Цэрэнсамбуу болон Нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай нар хүрэлцэн ирсэн. Өнгөрсөн 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгааг Улсын Ерөнхий прокурорын газраас санаачилж 2012 оны хоёрдугаар сарын 12-20 хүртэл хугацаанд Монгол Улсын хэмжээнд аймаг, нийслэлийн хэмжээнд шалган, туслах ажлын хэсгийг явуулах гэж байна. Уг ажлын хэсэг нийт долоон группээр явж байгаа. Шалган туслах групп нь Аймгийн шүүх, Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газруудад хяналт шалгалтыг хийх юм байна. Мөн хуулийн төв байгууллагуудаас ирсэн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгах аж. Нийт гурван гол бичиг баримтын биелэлтийг шалгах гэнэ. Хуулийн байгууллагын ажилтны сахилга бат, нэг тоот албан даалгаварын биелэлт, Эрүүгийн хууль тогтоомж гэсэн гурван биелэлтийг шалгах ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд эрүүгийн 617 хэрэгт 700 төрийн албан хаагч холбогдон шалгагдсан байна. Энэ нь улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 2.6 хувь болж байгаа юм. Үүнийг 2010 онтой харьцуулахад 15.7 хувиар нэмэгдсэн байна. Төрийн албан хаагчдаас 2011 онд нийт 65 хүн шийтгүүлсэн байна. Хорихоос өөр ялаар 58 ажилтан шийтгүүлсэн нь төрийн албан хаагчдын сахилга батыг дээшлүүлэхийг анхааруулж байна. Энэ бүх мэдээлэл тоо баримтыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн байна.
Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголбанкны Эрдэнэсийн сангаас алдагдсан 20 килограмм алт алдагдсан. Энэ талаар?
-Монголбанкны Эрдэнэсийн сангаас 20 кг алт алдагдсан хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Нийслэлийн ерөнхий прокурорын газраас мөрдөн байцаах, таслан зогсоох үйл ажиллагаанд хяналт тавиж байгаа. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа. Энэ хэрэг олон жилийн үйл ажиллагааны учраас нарийн төвөгтэй учир мөрдөн байцаалт явуулахад удаашралтай юм. Дөрвөн хүнийг цагдан хорьж мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа. Хэргийг бүрэн гүйцэт шалгаж дууссаны дараа мэдээлэл өгөх болно. Мөрдөн байцаах үйл ажиллагааны талаар нийтэд зарласан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн хариуцлага хүлээдэг юм. Тиймээс энэ талаар нийтэд мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Говьсүмбэр аймгийн Засаг даргыг баривчилсан байгаа. Түүнийг барьсан нь хууль бус гэсэн мэдээлэл байна?
-Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхтэй холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газар мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байна. Сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнийг буруу шийвдэр хэмээн Ж.Баянмөнхийн өмгөөлөгч гомдол гаргасан. Харин Ерөнхий шүүгч уг гомдолыг үндэслэлгүй хэмээн хүлээж аваагүй. Өнөөдрийн байдлаар шүүх эцсийн шийдвэрийг гаргаагүй байна.
Э.Баясгалан"Улс төрийн тойм" сонин