Китаноуми сумогийн холбоог дахин толгойлно

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Китаноуми сумогийн холбоог дахин толгойлно

Японы сумогийн холбооноос өнгөрөгч даваа гаригт ояката Китаноумиг холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгожээ. Холбооны дүрмийн дагуу 109 дэвжээний ояката болон гол бөхчүүдийн саналаар сонгогдсон 10 эрхэм хоёр жил тутамд дэвжээний тэргүүн ояката нараас Сумогийн холбоог тэргүүлэх хүнийг сонгодог дүрэмтэй юм. Энэ удаад 12 ояката нэр дэвшсэн тухай “Sankei Sports” мэдээлжээ.

Ояката Китаноуми 2002-2008 оны хугацаанд Сумогийн холбооны тэргүүнээр дөрвөн удаа сонгогдон ажилласан ч 2008 онд хоёр сумоч хар тамхины хэрэгт орооцолдож, сумогийн ертөнцөд дуулиан дэгдсэнээр ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Китаноуми сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ цаашид бөхчүүдийн зан төлөв, хүмүүжилд анхаарлаа хандуулж, сүүлийн үед сумогийн ертөнцөд дэгдсэн мөрийтэй тоглоом, хар тамхи, даваа наймаалцах зэрэг дуулианаас үүдэн энэ спортоос хөндийрсөн сумо сонирхогчдыг дахин татах асуудалд дорвитой ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Өдгөө 52 настай Китаноуми ийнхүү Японы сумогийн холбооны 12 дахь ерөнхийлөгч болж байна. Өмнө нь тус холбоог тэргүүлж байсан ояката Ханарэгомагийн тухайд 2013 онд 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж