“Хүн хүнээ гэсэн сэтгэлээр хандаж байгаасай”

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“Хүн хүнээ гэсэн сэтгэлээр хандаж байгаасай”

Он гарсаар хүйтний эрч чангарч гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт ихэсч байна. Үүнтэй холбоотойгоор Гэмтэл согог сэргээн засах клиник эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын клиникийн зөвлөх эмч Л.Тулгаас тодруулга авсан юм.

-Их хүйтрэлээс болж эмнэлгийн ачаалал ихэсч байна уу?

-Хүйтэрч байгаагаас болж гэмтсэн хүмүүс олон ирж байна. Нэгдүгээр сард л гэхэд хөлдсөн 160, түлэгдсэн 347 иргэд хэвтэн эмчлүүлсэн. Манай Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасаг ердөө 80 ортой. Гэтэл 100-110 хүн хэвтэн эмчлүүлж байна.

-Гэмтлийн шалтгаан нь юу байна?

-Үүнд олон шалтгаан бий. Ердийн үед манай эмнэлэгт өдөрт 20-40 гаруй хүн ирдэг. Тэдний ихэнх нь архи хэтрүүлэн хэрэглэсэн, хүнд зодуулсан эсвэл удаан хугацаагаар хүйтэн газарт ухаангүй байснаас болж хүндэрсэн байдалтай ирдэг. Энэ тал дээр бид хүмүүсийн амь насыг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авдаг ч зарим үед хүний амь насыг аварч чадахгүй тохиолдол гардгийг үгүйсгэх аргагүй.

-Насны хувьд ямар хүмүүс ирж байна?

-25-45 насны хүмүүс их ирдэг. Мөн хариуцлага муутай эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй байлгаснаас болж бага насны хүүхдүүд гэмтэх нь элбэг байдаг.

-Хүмүүс хөлдөж бэртсэн бол хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?

-Энэ тал дээр иргэд яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй. Монголчууд хөлдсөн хэсгээ хүйтэн мөстэй усаар угааж, дүрэх нь хамгийн буруу арга юм. Хүйтэн усаар угаахад улам хүндэрч, аюултай болдог. Хүний биеийн хамгийн хурдан хугацаанд хөлдөж гэмтдэг эрхтэн болох чих, гар, хөл. Эдгээрийг хөлдөөсөн үедээ хүчтэй ширүүн үрж, хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.

-Их хүйтрэл хоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ. Иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Иргэдийн зүгээс дулаан хувцаслаж, архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх мөн бага насны хүүхдүүдэд анхаарал халамжаа сайжруулах нь чухал байна. Мөн хотын гудамж, талбайд Согтуу хэвтэж байгаа хүмүүст хүн хүнээ гэсэн сэтгэлээр хандаж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад шуурхай мэдэгдэхийг хүсье.

Д.Даваасүрэн

"Нийслэл таймс" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж