Хятад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Хятад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмлээ

БНХАУ-д ажиллах хүчний хомсдол нүүрлэв. Үүний улмаас Бээжин хотын эрх баригчид ажилчдын цалинг энэ сараас эхэлж дунджаар 8,6 хувиар өсгөсөн талаар Deutsche welle болон Оросын холбогдох сайтад мэдээлжээ. Хонконгтой хил залгаа оршдог эдийн засгийн онцгой бүс болох Шэньжэнд гэхэд л өнөөдрөөс эхэлж 1500 юаниас доогуур сарын цалин олгохыг хориглосон байна. Дээрх  хэмжээний  юань ойролцоогоор 330 орчим мянган төгрөг болох аж.

Манай урд хөршийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ийнхүү нэмэгдсэнээр гадаадын олон компани захиалгаар хийлгэдэг ажлаа Бангладеш, Индонез гэхчлэн цалингийн түвшин доогуур орнуудаар хийлгүүлэх боллоо. Өнгөрөгч онд улсын хэмжээнд цалин 20 гаруй хувиар нэмэгдсэн гэж Хятадын Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас мэдээлэв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг огцом өсгөх болсон явдлыг Шэньжэнийн Орчин үеийн судалгааны хүрээлэнгийн хөдөлмөрийн зах зээлийн мэргэжилтэн Лю Каймин дараах байдлаар тайлбарлав. “Цалин нэмэгдэж буй үндсэн шалтгаан бол ажилчин ангийн дутагдалтай холбоотой юм. 2004 оноос эдийн засгийн идэвхтэй хүн амын ихэнх хэсгийг 1980 оноос хойш төрсөн иргэд бүрдүүлэх болсон. Хүн амын төрөлтийг хязгаарлах бодлогоос болж ажилиллах хүчний тоо багасаж эхэллээ” гэв.

Хямд өртгөөр үйлдвэрлэдэг бүс бараа болон тоглоомын үйлдвэрлэлийн салбарт энэхүү цалингийн нэмэгдэл хамгийн хурцаар мэдрэгдэх болж, эдгээр бүтээгдэхүүнийг Вьетнам, Камбодж, Бангладеш руу шилжүүлэн үйлдвэрлүүлэхээр болж байна. БНХАУ-ын төр, засгаас цалингийн нэмэгдлийг улс төрийн шалтгаантайгаар дэмжиж байгаа аж. Нэгдүгээрт, нийгмийн дунд орших бухимдлыг багасгах, хоёрдугаарт, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхийг зорьж байна.

Х.Хулан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж