Мөн энэ сарын 1-ний өдөр малчин Ж-гийн нэг тэмээ галзуурч улмаар эзэн нь буудаж устгасан гэлээ. Уг мэдээллийн мөрөөр тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад "Тийм мэдээлэл ирээгүй" гэв. Харин нутгийн иргэдийн хэлж буйгаар сумынхаа мал эмнэлэгт хандаж арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна. Иргэдийн хүсэлтийн дагуу энэ сарын 2-ны өдөр мэргэжлийнхэн голомтын бүс рүү ариутгал хийхээр явжээ.
Бидэнд ирсэн мэдээллээр малчид тэмээ галзуурсныг мэдээгүй хугацаа алдсан бололтой. Мөн энэ төрлийн мэдээлэл дутмагаас хоёр ч тэмээгээр хохирсон гэнэ. Энэ мэдээллийн дагуу тус аймгийн Мал эмнэлгийн газраас лавлахад "Одоогийн байдлаар ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэх мэдээлэл ирлээ. Хоёр тэмээ галзуурсан. Нэг нь үхэж, нөгөөхийг нь устгасан байгаа. Тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоогүй. Учир нь галзуу өвчин шархаар дамжиж халдварладаг. Вирүс, олон нийтийг хамрах өвчин гарсан тохиолдолд хорио цээр тогтоодог" гэсэн юм. Түүнчлэн бидэнд олдсон мэдээллээр тус газарт үнэг галзуурч байсан голомттой аж.
Дашрамд дуулгахад, анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин аж. Галзуу өвчтэй гэрийн тэжээмэл амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг байна. Галзуу өвчнийг үүсгэгч вирүс нь чоно, үнэг, хярс, харх, сарьсан багваахай, нохой, муур зэрэг зэрлэг амьтдын нэгээс нөгөөд дамжин халдварладаг аж.
Хүн тэдгээр амьтдад хазуулах, шүлстүүлэхэд галзуу өвчин тусах аюултай бөгөөд дээрх амьтдын идээд орхисон малын сэг зэмд галзуугийн вирүс хадгалагдан үлддэг тул гэрийн нохой түүнээс идэж өвчлөх төдийгүй вирүс тээгч болдог байна. Өөрөөр хэлбэл, гэрийн нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй боловч хүнийг урах, хазах тохиолдолд халдвар дамжих аюултай гэнэ.
Халдвар авсанаас хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь 12-100 хоног байх бөгөөд энэ нь уруулсан шархны байрлал, шархны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Толгой, хүзүүний хавьд бол эхний 10 хоногийн дотор, гар, цээж, их биеийн хэсэгт бол 14-30 хоногийн дотор, хөл, гуяны хэсэгт уруулсан тохиолдолд 1-3 сарын дотор галзуу өвчний анхны шинж тэмдэг илэрдэг аж.
"Нийгмийн толь" сонин