Гэтэл манай улсын нийт газар нутгийн хэмжээ 1.566.6 сая га. Энэ их өргөн уудам газар нутгийн нийт талбайн хэмжээтэй ойн хэмжээг харьцуулахад маш бага тоо гарч байгаа нь харамсалтай. Дэлхийн дулаарал өдрөөс өдөрт нэмэгдэж, биднийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг озон хойд туйлын орчим таван сая километр газар цоороод байна. Чухамхүү үйлдвэржилт, хотжилт өсөн нэмэгдэхийн хэрээр хүн төрөлхтөн мөхөл рүүгээ алхам алхмаар ойртож буйг эрдэмтэд анхааруулсаар байгаа. Тэгвэл тэр аймшиг руу ойртож байгаа хурдыг яаж саармагжуулах вэ. Монгол орны ойг унаган, ногоон төрхөөрөө байгаа гэдэг. Гэвч ойгоор явахад хатаж өгөршсөн, шатсан, огтлуулсан модны талбай ихэнхийг нь эзэлнэ. Энэ бол байгаль орчны салбарт нэн түрүүнд хийх ёстой ажлуудын нэг юм. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 1475.5 мянган га талбайд 32564.6 хатсан, 18453.9 унанги мод байгаа аж. Мөн 123.3 мянган га талбайд арчилгаа хийх, 365.3 мянган га талбайд ойжуулалт, 338.1 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах, 24.2 мянган га талбайд өсвөр модыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Тэр их ой дотор хатаж, унасан модыг иргэдээр түүлгэх гэхээр ой дотор орсноо ашиглан овжин нэгэн нь шинэ, залуу модыг огтлох тохиолдол элбэг гардаг байна. Машин тэргээр очих боломжгүй, зөвхөн онгоцоор хүрэх ойн бүс бас бий. Энэ ширэнгүүд Монгол нутгийн чимэг болсон Минжийн хангайн уул, толгодыг тохон бүрхсэн өтгөн шигүү шинэдэс алган дээр байгаа мэт үзэгдэж, Ерөө, Цахар Минж, Ар Минжийн гол угалзран харагдах нь байгалийн унаган төрх яахын аргагүй мөн. Минжийн хангайд 1986 онд томоохон түймэр гарснаас нэг сая шоо метр ой бүхэлдээ шатаж, 3000 хоригдол галыг унтраах гээд бараагүй түүхтэй. Харин дараа нь 2002 оноос хойших таван жилийн хугацаанд мөн томоохон түймэр гарчээ. Үүнээс болж унасан мод ойд нэлээд их байгаа гэнэ. Иймээс тайга руу хүрэх замгүй тул ой модыг цэвэрлэх боломж бүрдэхгүй байгаа юм.
Дэлхийн банкны 2002 оны тооцоогоор Монгол Улсад 1950-1980 онд 1.6 сая га, 1990-2000 онд 660 мянган га газар сүйджээ. Гэвч жил бүрийн ойн хомсдол, нөөц, сүйдсэн модны талаарх мэдээлэл тийм ч бодитой гардаггүй талаар албаны хүмүүс хэлдэг. Энэхүү буруу мэдээлэл гарч буйд хулгайн мод тээвэрлэгчид их нөлөөлдөг аж. Монгол Улсад жилд бэлтгэдэг модны хэмжээ ойролцоогоор нэг сая куб метрээс дөрвөн саяын хооронд хэлбэлздэг аж. Харин хууль бусаар мод бэлтгэх хэмжээ 345 мянгаас 2.38 сая куб метр байгаа гэх судалгааг Ойн газраас гаргажээ. Эмгэнэлтэй бас харамсмаар… Нийт газар нутгийн арваннэгхэн хувийг эзэлдэг ой модыг маань хулгайн мод бэлтгэгчид дуусгах нь таминь ээ. Манай улсын газар нутагт ургаж байгаа модны төрлүүд ургамал судлаачдын тэмдэглэснээр “Гадны нөлөөнд маш өртөмтгий” гэжээ. Энэ нь ой амархан устах аюултай гэсэн үг аж. Тэгэхээр ой уствал яах вэ. Мэдээж цөлжинө, хүлэмжийн хий нэмэгдэнэ, хүн төрлөхтний мөхөх аюулд маш том хувь нэмэр оруулна. Өмнийн говийн баялгийн ачаар Монгол Улсын эдийн засаг урьд өмнө байгаагүй их хэмжээгээр өсөн нэмэгдэж буй. Гэвч Монголын өмнөд хэсэг харийн орон руу нүүж байна. Үүнд эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй нэг нь эмзэглэж, хатуу сэтгэлтэй нь “Аа бид үхээд өгөх юм чинь амьд байхдаа иднэ ээ хө” хэмээн шунахайрах аж. Тэр их нүүдлээс боссон нарийн болон бүдүүн ширхэгт тоос, шар шороо бүр Өмнөд Солонгосын нутагт хүртэл хийсэж очдог. Солонгосчууд өнгөрсөн 2010 онд газрын шорооноосоо дээж аван шинжилтэл “Монголоос ирсэн шороо байна” гэх дүгнэлт гаргасан байна. Өнгөлөг, зөөлхөн арьстай хангүгчүүдэд шороо том дайсан тул дэгдэж буй газарт нь очиж арга хэмжээ авахаар манай оронд цөлжилтийн эсрэг хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас модыг зүй зохистой ашиглах талаар ойн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Улаанбаатар хотод баригдаж буй барилгуудын тавцны тулгуурыг нь хүртэл модоор ярайтал тулчихсан харагддаг. Үүнийг модоор биш зарлага багатай орлуулах материалаар тулах асуудал яригдаж эхэлжээ. Түүнчлэн модны хулгай газар авч байгааг оны дараахан болсон “Байгаль орчны үндэсний чуулганы үеэр орон нутгаас ирсэн төлөөлөгчид онцолж байсан. Төв аймгийн Мөнгөн морьтод гэхэд шөнийн 00:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл мод тээвэрлэж байхад хэн ч анхаарал хандуулдаггүй гэсэн шүүмжлэлийг хэд хэдэн хүн хэлж байв. Мөн одоогоос 10 жилийн өмнө бараг ширэнг шахам байсан ой өдгөө нэг захаас нөгөө зах нь үзэгдэх болжээ. “Ой хамгаалагчид хулгайн мод тээвэрлэгчдийг хянаж дийлэхгүй байна” хэмээн тухайн нутгийн ард иргэдээр ойг хамгаалуулахаар болсон. Гэтэл хамгаалах үүрэг авсан иргэд нь өөрсдөө сүйдлээд байдаг аж. Энэ мэтчилэн цөөхөн хэдэн хатуу ургамал маань өсөх биш цөөрөөд байвал ой биш цөл болох аюул тун ойрхон байна.
"Улс төрийн тойм" сонин