Мадрид 2020 оны олимпийн эрхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Мадрид 2020 оны олимпийн эрхийн төлөө

Испани улс 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Мадрид хотыг нэр дэвшүүлснээ албан ёсоор зарлаж, өвөрмөц сонин дизайн, утга агуулга бүхий лого танилцуулсан нь олныг алмайруулжээ. 2020 онд болох зуны 32 дахь удаагийн олимпийг зохион байгуулахын төлөө Японы нийслэл Токио, Италийн Ром, Туркийн Стамбул, Азербайжаны Баку болон Катарын Доха хотууд сонирхлоо илэрхийлээд байгаа. Энэ өрхийн төлөө өрсөлдөх улс, орнууд хоёрдугаар сарын 15-ны дотор багтаж, Олон улсын олимпийн хороонд хүсэлтээ хүргүүлэх учиртай юм.

Өмнө нь 1992 онд Барселона хотноо зуны олимпийг зохион байгуулж байсан туршлагатай испаничууд 2016 оны эрхийн төлөө мөн өрсөлдөж, Бразилийн Рио де Жанейрод ялагдсан билээ.

“Мадрид-2020” олимпийг бэлгэдэж танилцуулсан лого нь олны дунд багагүй шүүмжлэл хүртжээ. Испанийн олимпийн хорооноос зохион байгуулсан болзолт уралдаанд түрүүлсэн бүтээл болох тус логог Зарагоза хотын их сургуулийн график дизайны ангийн оюутан, 22 настай Луис Пейрет гэгч зохион бүтээжээ. Тэрбээр Мадрид гэсэн нэрийг бэлгэдэж М үсэг, араас нь 20 гэсэн тоог илтгэхийг зорьсон ч “Мадрид-2020” гэхээс илүү “Мадрид-20020” гэсэн утга илэрхийлэхүйц болсныг сая сая испаничууд facebook, twitter-ээрээ шүүмжилж, зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай сөргөөр бичжээ.

Түүхэндээ олимпийн наадам хүлээн авч байгаагүй Европын хамгийн том нийслэл хот болох Мадрид ийнхүү дөрөв дэх удаагаа олимпийн эрхийн төлөө нэр дэвшиж байна. Хэдийгээр Европын санхүүгийн хямралын шуурганд автсан ч испаничуудын дунд явуулсан судалгаагаар 84 хувь нь “Мадрид-2020”-ыг дэмжиж буй гэнэ. Ингэснээр шинээр ажлын байр бий болгох ач холбогдолтой гэж 91 хувь нь үзжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж