“Айвенхоу”-д “аюул” нүүрлээгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“Айвенхоу”-д “аюул” нүүрлээгүй

Засгийн газар өнгөр­сөн лхагва гарагийн хурал­даанаараа олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тэд­гээрийн нэг нь “Эрдэнэс Оюу­толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн тухай асуудал байлаа. Уг асуудлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан.  Оюутолгой төслийн хувь нийлүүлэгч “Рио Тинто” компани нь “Айвенхоу Майнз” компани дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэл ойрын үед анхаарал татаад байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас энэ талаар УИХ-ын холбогдох байнгын хороодод мэдээлэл хийж энэ талаар танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасан юм.

“Рио Тинто” компани нь 2010 оны арванхоёрдугаар сард буюу Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш хоёр сарын дараа “Айвенхоу Майнз”-тай шинэ гэрээ байгуулж Оюутолгой төслийг удирдахаар болсон билээ. Энэ талаараа 2010 оны арванхоёрдугаар сарын 9-нд мэдэгдэл гаргаж байсан юм. Уг мэдэгдэлд “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” болон Монголын Засгийн Газрын хооронд яриа хэлэлцээ хийсний үр дүнд, “Рио Тинто” компани 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн Оюутолгой төслийг удирдан ажиллахаар боллоо.

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэхүү шийдвэрийг хэлэлцэн баталгаажуулах юм. Мөн “Рио Тинто” компани “Айвенхоу Майнз” компанийн 49 хүртэлх хувийг эзэмших боломжтой болж байна.

Монголын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн санхүүжилтийг “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз” компаниуд хариуцах бөгөөд хүүгийн хэмжээг LIBOR (Лондонгийн банк хоорондын зээлийн хүү) + 6.5 хувь байхаар зарчмын хувьд тохирч, ойрын үед холбогдох гэрээ байгуулахаар боллоо. Хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний дагуу Монголын талын эзэмшлийн 34 хувь буурахгүй. Давуу эрхийн хувьцаа нэмж гаргахгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газар санхүүжилтийг бие даан босгох эрхийг хадгална” хэмээсэн байдаг.

Түүнчлэн “Рио Тинто” компани “Оюутолгой” ХХК-д санхүүжилтийн багц, үүний дотор 1.8 тэрбум долларын дунд хугацааны зээлийн эрхийг олгохын зэрэгцээ “Айвенхоу Майнз”-тай хамтран шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхээр ажиллана. Ингэснээр төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явц хурдасч, анхлан төлөвлөж байсан хугацаанаас зургаан сарын өмнө буюу 2012 оны эцсээр анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гаргах юм” гэж байсан. Одоо тэр цаг хаяанд ирчихээд байна.  

“РИО ТИНТО” Ч ДЭЭРЭМЧИН БИШ

“Рио Тинто” нь дэлхийд тэргүүлэх олон улсын уул уурхайн групп бөгөөд Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Рио Тинто плс” болон Австралийн Үнэт цаасны биржид бүртгэлтэй “Рио Тинто Лимитэд“ компаниас бүрддэг. “Рио Тинто” групп нь эрэл хайгуул, уул уурхайн олборлолт, ашигт малтмалын баяжуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хөнгөн цагаан, зэс, алмаз, эрчим хүч (нүүрс, уран), алт, аж ахуйн ашигт малтмалууд (тунсаа, титан диоксид, давс, тальк), мөн төмрийн хүдэр зэрэг гол бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг юм. Компанийн үйл ажиллагаа дэлхийг хамарч Австрали болон Хойд Америкт голлон төвлөрдөг ч Өмнөд Америк, Ази, Европ, болон Өмнөд Африкт бас үйл ажиллагаа явуулдаг аж.

“Айвенхоу Майнз”-ийн хувьд мөн л тэр үед хөрөнгө оруулалтын шинэ гэрээ, хэлцлийнхээ талаар олон нийтэд мэдэгдэл гаргаж байсан. Тухайлбал 2010 оны арванхоёрдугаар сарын 8-нд Оюутолгойн уурхайн цогцолборын эхний үе шатны үйлдвэрлэлээ төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу 2012 онд эхлэхийн тулд шаардлагатай санхүүжилтийг олгох гэрээ байгууллаа гэсэн утгатай мэдэгдлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв. Тэр үед “Одоогийн болон шинээр гаргах санхүүжилтийн хэмжээ 6.5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдэхээр байна. Үүнээс 1.2 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг босгох зорилгоор “Айвенхоу Майнз”-ын хувьцааг нэмж гаргах арилжаанд “Рио Тинто” цаашид бүрэн дүүрэн оролцоно. Мөн хоёр тал Арбитрын шүүхэд гаргасан заргаа зургаан сарын хугацаатайгаар хойшлуулахаар тохиролцлоо” хэмээн мэдэгдэж байсан юм. “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Роберт Фрийдланд тухайн үед “Бидний тохиролцсон бүхий л арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр Оюутолгойн эхний үе шатны үйлдвэрлэлийг 2012 онд эхлэхэд хангалттай хэмжээний санхүүжилт бий болгох боломжтой болох юм” хэмээн мэдэгдэж байсан. 

Шинэ хэлцлийн үеэр тохиролцсон зүйл гэвэл юуны өмнө “Рин Тинто” 300 сая ам.долларын үнэ бүхий Айвенхоугийн хувьцааг худалдаж авах В Ангиллын эрхээ нэн даруй хэрэгжүүлэхээр болсон. Мөн “Рио Тинто “Айвенхоугийн 20 сая хувьцааг зах зээлийн үнээр худалдан авна. “Айвенхоу Майнз” компанийн нийт хувьцаан дахь “Рио Тинто”-ийн эзэмшлийн хувь хэмжээний дээд хязгаарлал 49 хувь байх бөгөөд энэ хязгаарлал 2012 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр байхаар заасан байлаа. Энэ хугацаа одоо дуусчихаад байгаа гэсэн үг. “Рио Тинто” түр хугацааны санхүүжүүлэлтэд 1.8 тэрбум хүртэлх ам.долларыг “Айвенхоу”-д гаргаж өгнө. Мөн “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөс зөвшөөрсөн тохиолдолд Оюутолгой төслийн менежментийн удирдлагыг “Рио Тинто” шилжүүлж авна гэсэн байдаг. Тэгэхээр Оюутолгой монголчуудын гарт хэвээрээ байгаа. Энэ талаар санаа зовних, олон нийтийг ташаа мэдээллээр төөрөгдүүлэхгүй байх нь зүйтэй. Харин эргэлзээтэй асуудал байвал “Оюутолгой”-н ТУЗ дэх Монголын талын төлөөлөл хариу хэлэх ёстой. Тийм  ч учраас Оюу­толгой төслийг эзэмшиж ажиллуулж байгаа Монголд бүрт¬гэлтэй “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д тухайн оны төсвийн төслийг хэлэлцэж олон нийтэд танилцуулдаг билээ.

Л.Баярмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж