Говьсүмбэрийн Засаг даргыг хорьсон нь хууль зөрчөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Говьсүмбэрийн Засаг даргыг хорьсон нь хууль зөрчөөгүй гэв

Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Баянмөнхийг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр цагдан хориод байгаа билээ. Түүнийг  авилга, албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн яллагдагчаар татсан юм. Түүний цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах 14 хоног хараахан дуусаагүй байгаа ч өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорт хүсэлт гаргасан байна. Энэ талаар нийслэлийн Прокурорын орлогч Е.Сагсайгаас тодруулахад “Ж.Баянмөнхийг цагдан хорьсныг өмгөөлөгч нь үндэслэлгүй хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Ерөнхий шүүгч  гомдлыг хянаад Ж.Баянмөнхийг цагдан хорьсон нь хуулийн үндэслэлтэй гэж үзсэн байгаа. Түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх  хугацаа хараахан дуусаагүй. Мөрдөн байцаагч үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэж үзэж прокурорт хандвал хэрэгт хяналт тавьж буй прокурор түүнийг нь хянаж үзээд цагдан хорих хугацааг сунгана. Одоогоор цаашид  хорих эсэхийг хэлэх боломжгүй” гэх хариулт өглөө. Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотны найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа  аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж