Уул уурхайн салбарын нэр хүндийг сэргээнэ
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээг зохион байгуулах Төв комисс байгуулагдан ажиллаж байна. ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга, Ойн арга хэмжээг зохион байгуулах Төв комиссын нарийн бичгийн дарга Ч.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн ажлын гол онцлог юу байх вэ? Салбарын яам үүнд нэлээд ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна?
Налайхын нүүрсний уурхай 1922 онд нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тиймээс Монголын уул уурхайн салбарын үүслийг энэ үеэс эхэлсэн гэж үздэг. 90 жил гэдэг бага хугацаа биш. Салбар хариуцсан яамны зүгээс энэ ойд ач холбогдол өгч, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Юуны өмнө уул уурхайн салбарыг олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулахыг хичээх болно. Энэ салбараас болоод л нийгэмд хамаг муу муухай зүйл бий болж байгаа юм шиг ойлголт их байдаг. Гэтэл Монгол улсад асар их орлого оруулж байгаа салбар бол уул уурхай шүү дээ. Улсын төсөв урьд байгаагүйгээр нэмэгдлээ шүү дээ.
Мэдээж хэрэг 90 жилийн хугацаанд хийж бүтээсэн бүхнээ эргэж нэг харъя, дүгнэж цэгнэе. 1980-аад оны үед манай улсад уул уурхайн хөгжил нэлээд эрчимжсэн. Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр зэрэг хэд хэдэн том үйлдвэр тэр цаг үеийг тодорхойлж байлаа. Ерээд оноос хойш салбар маань үндсэндээ зогсонги байдалд орчихсон. 2000 оны дунд үе хүртэл ямар нэг үйлдвэр, уурхай ашиглалтад ороогүй. Яагаад гэвэл тухайн үед ашигт малтмалын үнэ зах зээл дээр маш доогуур байсан. Гэхдээ Бороогийн алтны үйлдвэр, Төмөртийн овооны цайрын үйлдвэрүүд ашиглалтад орсноор уул уурхайн салбарын зогсонги байдалд өөрчлөлт орсон гэж хэлж болно. Өнөөдөр томоохон төслүүд хөдөлж эхэллээ. 90 жилийн босгон дээрээс харахад зөвхөн олборлох салбар биш, түүнийг яаж боловсруулах вэ, яаж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэсэн асуудал тулгарч байна. Үйлдвэржилт рүүгээ анхаарах цаг болсон байна.
Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр хэр анхаарч байна вэ?
90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ЭБЭХЯ-ны сайдын тушаал гарлаа. Комисс байгууллаа. Ойг ганцхан Эрдэс баялаг, эрчим хүчний яам зохион байгуулахгүй. Тиймээс бид Ашигт малтмалын газар, Уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг байгууллагатай хамтарч ажиллана. Урьд нь бол яам нэг юм хийж байхад, төрийн бус байгууллагууд огт өөр юм тусдаа хийгээд явдаг байсан. Тэгвэл 90 жилийнхээ ойгоор бид хамтарч ажиллана. Бид уул уурхайн компаниудад хандаж эхэлсэн. Компаниудад ойд зориулсан төлөвлөгөө гаргаж ажиллаарай гэсэн хүсэлт тавьж байгаа.
Ойн арга хэмжээг зохион байгуулах Төв комисс ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юу?
Ерөнхий төлөвлөгөө гарсан. Ер нь 90 жилийн ой ч гэхгүйгээр Монголын уурхайчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх цогц ажлууд багтсан байгаа. Тухайлбал, ирэх гуравдугаар сараас эхлэн онол-практикийн томоохон хурал, үзэсгэлэн зохион байгуулагдана. “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Монгол улс: Жоншны гүрэн”, “Уул уурхайн салбарын дэд бүтцийн тулгамдсан асуудлууд”, “Далд уурхайн орчин үеийн технологи ба Монгол улсын хэтийн төлөв, туршлага”, “Нүүрсний экспорт:зах зээл, үнэ, чанар тээвэрлэлт” зэрэг маш олон хурал, семинар төлөвлөгдсөн байгаа.
“Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийг дэлхийн эдийн засагтай уялдуулах нь” сэдвийн дор эдийн засагчид, судлаачдыг оролцуулсан томоохон чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Үүнээс гадна “Mining Mongolia-90” олон улсын чуулга уулзалтыг нийтэд нээлттэйгээр зохион байгуулах юм. Энэ нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг сурталчлах боломжийг нээж өгөх нь гарцаагүй.
Дашрамд хэлэхэд бид 90 жилийн ойдоо зориулж цахим хуудас нээж ажиллуулах гэж байгаа. Мөн “Уул уурхайн салбарын хууль эрх зүйн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” гэсэн том сэдвийн хүрээнд телевизүүдийн цуврал ярилцлага, “Эрдэс баялгийн салбарын нээлттэй өдөрлөг” зохионо. Эрдэс баялгийн салбарт олон жил ажилласан ахмадууд, залуу үеийнхэнтэйгээ уулзаж, ярилцахад энэ өдөрлөг чухал нөлөөтэй юм.
Оны сүүлээр буюу арванхоёрдугаар сард “Монгол улсын уул уурхай 90 жилд” сэдэвт салбарын нэгдсэн чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор явуулна. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэх явцдаа түүхээ эргэж харж байх ёстой.
Та манай уул уурхайн салбар нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилт рүүгээ анхаарах цаг болсон гэлээ. 2009-2016 онд Монгол улсыг үйлдвэржүүлэх томоохон хөтөлбөр бэлэн болжээ. Хөтөлбөрийн гол зорилго нь бусад салбараа уул уурхайтайгаа хамтад нь хөгжүүлэхэд чиглэсэн гэж хэлж болох уу?
Уул уурхайн салбар ерөнхийдөө олборлох чиглэл рүү түлхүү яваад байгаа. Энэ нь технологи нэлээд доогуур байна гэсэн үг. Тийм учраас технологио хөгжүүлэх тал дээр анхаараад эцсийн буюу нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж ажиллаж байгаа. Энэ нь шууд биелчихдэг зүйл биш юм байна. Маш их хөрөнгө хүч хэрэгтэй. Бодлогын зохицуулалтууд шаардлагатай.
Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагаандаа “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг багтаасан. Дээрээс нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх 26 том төсөл зарласан. Гэтэл энэ бүхэн яг бодитоор хэрэгжсэн юм одоогоор алга. Шалтгаан нь ч тодорхой. Дэд бүтэц байхгүй, тэр дундаа төмөр замгүй. Авто тээвэр байгаль орчинд асар их сөрөг нөлөөтэйг бид ярихаас хэтрэхгүй байна.
Цахилгааны хүрэлцээ ч бас муу байна. Оюутолгойн уурхайг ажиллуулъя гэхээр цахилгаан дутагдалтай. Тиймээс эхний ээлжинд Хятадаас цахилгаан авна.
Үйлдвэржилтийн том бодлого гарсан хэрнээ үүнийг дагнаж хариуцах хэлтэс байгуулагдаагүй байгаа шүү дээ?
Тийм л дээ. Бид дотооддоо нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл бий болгоё гэж ярьдаг. Энэ нь үйлдвэржилт рүүгээ илүү анхаарах гэсэн бодлого, зорилт юм. Гэвч яг үйлдвэржилтийн бодлого хариуцсан газар байхгүй. Үйлдвэр, худалдааны яам гэж байсан. Үйлдвэр гэсэн нэртэй л болохоос биш, яг үйлдвэржилт тал дээрээ анхаарч чадаагүй. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого зохицуулалтын газар гэж бас байлаа. Тэнд ганц мэргэжилтэн л сууж байдаг байсан. Өнөөдөр ч энэ байдал өөрчлөгдөөгүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газар гэж байна. Энд үйлдвэржилтээ хариуцсан мэргэжлийн хүн байхгүйтэй адил. Тэгэхээр Монгол улсад үйлдвэржилтийг явуулах гэж байгаа бол үүнийг хариуцсан бодлого зохицуулалтын газар байгуулах зайлшгүй шаардлагатай. Энэ Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа лав ийм бүтэц бий болгож амжихгүй. Харин шинэ Засгийн газар ядахнаа үйлдвэржилтээ хариуцсан хэлтэстэй болох хэрэгтэй. Аливаа бодлого судалгаан дээр үндэслэж гарах ёстой. Энэ ажил маш их хоцрогдсон. Судалгаагүй бодлого хол явахгүй. Зэс хайлуулах үйлдвэр гээд л бид яриад байгаа. Технологи дээрээ гацчихсан. Хамгийн гол нь үүнийг нарийн судалдаг байгууллагыг гаргаж ирэх шаардлагатай байна.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг УИХ-аас баталж гаргасан. Энэ хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь суурь судалгаагүй хийгдсэнтэй шууд холбоотой. Ойн сан бүхий газар яг ямар координатад байгааг тухайн үед тогтоож гаргаагүй, судалгаа бэлэн биш байсан. Усан сан хамгаалалтын бүс ч мөн нарийн тодорхойлогдож гараагүй. Бүр сүүлд хууль батлагдсан хойно бид араас нь хөөцөлдөж байж үүнийг тогтоолоо. Гэхдээ энэ нь бас буруу, зөрүү ихтэй. Гол мөрний урсацын эх яг аль координатад байгааг эхлээд тогтоочихсон байсан бол хууль саадгүй хэрэгжих байлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд Ажлын хэсэг байгуулагдан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дээр ажиллаж байгаа. Энэ хуулийг сонгуулиас өмнө батлагдаасай гэсэн хүлээлт нийгэмд бий?
Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан. Нэмж тусгах, өөрчлөх зүйл нэлээд байгаа учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьж байгаад Ерөнхийлөгч уг хуулийг санаачилж УИХ-д оруулах нь зөв гэж үзсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Нэгэнт хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн барих учраас би яг хэзээ батлагдахыг хэлж мэдэхгүй байна.
Энэ хуулийг ойрын хугацаанд нэг талд шийдэх хэрэгтэй. Ийм ойлгомжгүй байдлаар удаан хугацаанд яваад байж болохгүй. Жишээлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй нэлээд удлаа. Хайгуулын лицензийн 40 хувийг гадаадынханд өгчихсөн гэж бид өмнө нь ярьдаг байсан. Тэгвэл энэ нь өнөөдөр 10 гаруй хувьтай болсон байна. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0,1 хувийн талбайг хамарч байгаа. Гэхдээ 0,1 хувь дээр бүхэлдээ уурхайн үйл ажиллагаа явагдахгүй. Түүний 10 орчим хувь дээр л яг ашиглалтын ажил явагдана.
Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл бий. Гэхдээ 1000 гаруй ашиглалтын талбай дээр мөн л бүгдэд нь уурхайн үйл ажиллагаа явагдаагүй байгаа. Энэ нь хөрөнгө оруулалт, боловсон хүчин, дэд бүтэц гээд олон шалтгаантай холбоотой зүйл. Бүх талаараа бүрдэж байж олборлолт явагдана гэсэн үг. Дуртай нь ухаад ашигт малтмал олборлочихдог юм биш.
Энэ бүхний эцэст би юү хэлэх гээд байна вэ гэвэл уул уурхайгаас болоод бүх зүйл болохоо байлаа гэдэг ташаа ойлголт. Хамгийн гол нь хууль журам бүгд судалгаатай, үндэслэлтэй гарчихвал алдаа гарахгүй. Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд бид нийгэмд зөв ойлголт төрүүлэхийг хичээж байна.
Г.Идэр