үнэ нэмэгдэх, түүнийг дагаж өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гээд
өнөөдөртөө санаа зовж, ажлаа таслахгүй цалингаа бүтэн авахын тулд хүн
бүр стресс дунд амьдарч байгаа. Нийгмийн бухимдлаас болж үр хүүхэддээ
анхаарал тавих цаг зав гардаггүй байж магадгүй юм. Мэдээж, олон эцэг,
эхэд ийм асуудал үүсч байгаа. Үр хүүхэд тань өнөөдөр хичээлдээ сууж
байгаа эсэх, муу, сайн дүн авч байгаа эсэхэд өдөр бүр санаа тавих боломж
тэр бүр гараад байдаггүй. Учир нь замын түгжрэл, шатахууны үнэ, иддэг
талхны үнэ өсөх нь хүүхэддээ зориулах тэр боломжоос чинь өдөр бүр
хумсалсаар байдаг. Өглөө ажилдаа явах замдаа түгжирнэ, өдөржин тус тусын
ажлаа хийгээд харих гэсээр байтал харанхуйтай золгоно. Бүтэн өдрийн
ажлаа амжуулсаны дараа суугаад хүүхдээсээ даалгавраа хийсэн эсэхийг,
өнөөдөр хичээлдээ суусан эсэхийг нь асууна. Мэдээж таны хүүхэд танд онц
авсан даалгавараа хийсэн гэх болно. Ингээд л унтаж амраад маргааш дахин
ажилдаа явна. Энэ бол бидний амьдралын өрнөл.
Ганцхан жишээ
дурдъя. Ах маань өдөр бүр хүүхдээ сургуулийх нь үүдэнд хүргэж өгдөг. Нэг
өдөр эцэг эхийн хурал дээр багш нар хүүхдийнх нь хичээл тасалсан цагийг
танилцуулж. Гурван цагийн хичээл тасалжээ. Шалтгааныг нь хүүхдээсээ
тодруулахад “Даалгавраа хийгээгүй учраас хичээлээ тасалсан” гэж. Энэ
жишээнээс харахад хэдийгээр эцэг, эхчүүд хүүхдээ өдөр бүр сургуульд нь
хүргэдэг ч хүүхэд тань хичээлдээ сууж байгаа эсэхийг хянах боломжгүй.
Багштай нь өдөр бүр харьцдаггүй л бол шүү дээ. Бид өдөр тутмын
амьдралдаа түүртээд заримдаа хүүхэддээ санаа тавих үүргээ мартдаг
тохиолдол олон бий.
Тэгвэл таны хүүхэддээ зарцуулах, хяналт
тавих цагийг дөхөм болгох, хичээлдээ сууж байгаа эсэх, ямар дүн авсан,
ямар даалгавар өгснийг нь төвөггүйхэн мэдэх нэгэн шинэ технологийг
нийслэлийн 1, 65, 84, МонГени, 23 дугаар сургуулиудад туршиж байна. Энэ
бол цахим журнал. Хүүхдийн аюулгүй байдал, цаг төлөвлөлт, хичээл,
хичээлээс гадуурх сургуулийн ажил зохион байгуулалтын талаар өдөр тутмын
мэдээлэлтэй байх, суралцах үйл явцад сурагч багшийн хамтын ажиллагааг
мэдэх боломжтой. Мөн өдөр тутмын хичээлийн ирц, хичээлийн оролцоо,
идэвхи, чадвар, мэдлэгийн стандарт, сандарт бус үнэлгээ, гэрийн
даалгаврын биелэлт, спорт урлагийн ололт амжилт зэргийг цаг тухайд нь
эцэг эх, асран хамгаалагчид мэдээлэх, цахим архивжуулах цогц ажлыг цаг
хугацаа, орон зай хэмнэж найдвартай хэрэгжүүлэх арга нь цахим ертөнц
мөнөөс мөн. Цахим хуудсаар та энэ бүхнийг хянах боломжтой болсон байна.
Энэхүү төслийг өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд эцэг
эх, сургууль хоорондын уялдааг нэмэгдүүлэх, хамгийн энгийн бөгөөд
хүртээмжтэй арга юм байна.
Таны хүүхэд өнөөдөр ямар ямар хичээлд
сууж, ямар дүн авсан, хичээлдээ хэрхэн оролцож байгаа гээд энэ бүх зүйл
таны гар утсанд мессежээр очих юм байна. Энэхүү төсөл хөтөлбөрийг
хэрэгжүүлж байгаа 23-р сургуулийн нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг “Эцэг
эхчүүд хүүхдээ том болох тусам анхаарал тавих нь суларч эхэлдэг. Бага
ангийн хүүхдүүдийг өдөр бүр хүргэж, авдаг болохоор хяналт тавиад багшаас
нь мэдээлэл аваад байх боломжтой байдаг. Дунд, ахлах ангид орж, биеэ
даах чадвартай болоод ирэхээр нь олонх зүйлийг нь өөрт нь даатгачихдаг.
Сардаа нэг хийх эцэг эхийн хурлыг эс тооцвол шүү дээ. Ийм тохиолдолд
манай сургууль дээр хэрэгжүүлж байгаа энэ төсөл нь эцэг эх, сургууль
хоёрын хоорондох холбоог сайжруулж, сургуулиас тухайн сурагч өнөөдөр юу
хийсэн, ямар дүн авсан, даалгавраа хийсэн эсэх, ямар гэрийн даалгавар
өгсөн зэрэг мэдээллийг зөвхөн эцэг эхийнх нь гар утсанд илгээх юм.
Бүгдийг багш өдөр бүр тэмдэглээд, шаардлагатай мэдээлийг эцэг эхчүүдэд
өгөх болж байгаа юм. Мэдээж энэ их үр дүнтэй арга. Хүүхэд өөрийнхөө муу,
буруу зүйлийг нуугаад сайныг л хэлдэг. Энэ хүүхдийн онцлог. Тиймээс
хэрэв энэ бүх мэдээлэл эцэг эхэд нь хүрч эхлэхээр хариуцлагатай болж,
хичээлийн идэвх сайжрах, хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдийнхээ тухай
бүх мэдээллийг авч, юуг анхаарах, юу хийхийг мэддэг болсон нь туршилтын
хугацаанд ажиглагдсан. Тиймээс энэ бол мэдээлэл технологи хөгжсөн энэ
үед хамгийн үр дүнтэй арга” гэлээ.
Энэ цахим мэдээллийн хамгийн
гол үр дүн нь эцэг эхчүүдийн цагийг хэмнэж дээрээс нь хүүхэдтэйгээ ойр
дотно байх боломжийг олгож байгаа юм. Өнгөрсөн жил МонГен цогцолборын
хоёрдугаар ангийн хүүхэд хичээл нь эрт тарсан учраас тоглож яваад
төөрчихсөн байсныг олж байсан. Хэрэв эцэг эхтэй нь холбогдож, эсвэл
цахим журналаар мессеж илгээсэн бол хүүхэд алга болохгүй ч байх магадлал
өндөр. Энэ мэт олон асуудал үүсч болох учраас үүнээс сэргийлэх, бас
хамгаалах нэг ёсны үйлчилээ юм.
"Цахим журнал систем" төслийн
захирал Ц.Зоригт хэлэхдээ “Зарим эцэг эх өөрсдийн цаг заваас шалтгаалан
хүүхдүүддээ санаа тавих нь бага байдаг. Би ч гэсэн эцэг хүн учраас ажлын
шаардлагаар хүүхдээ хичээлдээ явж байгаа эсэх, хичээлдээ ямар байдаг
гэдгийг мэдэх боломж бага байсан. Ялангуяа том анги дэвших бүрт нь эцэг
эхийн анхаарал багасч эхэлдэг. Учир нь энэ үед хүүхдүүд биеэ даах
чадварт суралцдаг. Тиймээс өөр шигээ олон эцэг эхэд тус болох үүднээс
энэхүү цахим журналыг хэрэгжүүлж байгаа юм. Орон зайнаас үл хамаарч та
хүүхэддээ санаа тавих, юу хийж байгааг нь мэдэх боломжтой болж байгаа
юм. Хүүхдүүдийн мэдээлэл зөвхөн тухайн сурагчийн эцэг эхэд л харагдах
бөгөөд зөвхөн эцэг эхэд нь мэдээлэл очно. Дээрээс нь сургуулиас
зохиогддог сургалт, хүмүүжлийн ажлын эхлэх, дуусах цагийг тодорхой
нарийвчлан эцэг эхэд хүргэнэ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлага,
хүмүүжилтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй шуурхай авч, тэдэнд
тохиолдох бэрхшээлийг нь хамтдаа шийдвэрлэдэг боломж олгож
байгаагаараа онцлог юм. Хэдийгээр цөөхөн сургуульд туршилтаар
хэрэгжүүлж байгаа ч цаашид бүх сургуульд хэрэгжүүлээд эхэлбэл олон үр
дүн гарна гэж бодож байгаа. Одоо ч үр дүн нь гарч байна" гэв.
Даяаршлын
эрин үед хүний хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудад /Швейцар, Канад,
АНУ, Япон, Германд/ аль хэдийнээ хэрэглээгээ олсон мэдээллийн тогтолцоо.
Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын сургуулиудын хүрээнд бас танигдсан
үйлчилгээ бол цахим хэрэглээ. Улсын сургуулиудын хувьд төсвийн
хүрэлцээний дутмаг асуудлаас цахим журналын системийн төлбөрийн
асуудлыг эцэг эхийн сайн дурын оролцооны үндсэн дээр санал асуулга
явуулж, төлбөр төлөлтийн хэлбэрийг өөрийн сонголтонд нээлттэй үлдээж
байгаа. Мэдээж тухайн эцэг эх зөвшөөрөхгүй, хүүхэддээ хангалттай санаа
тавьдаг бол заавал цахим журналыг сонгох шаардлагагүй гэнэ. Үнэхээр та
хүүхэддээ цаг зав бага гаргадаг, ажлын шаардлагаас болоод багштай нь
уулзах зав байдаггүй бол цахим журналыг сонгож болох аж.