Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг өчигдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр орж, ажил байдалтай нь танилцжээ. Ц.Зориг “Шүүхийн шинэчлэлийн түүхэн цаг үед бид ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шүүхийн шинэтгэлийн асуудлаар үндэсний чуулган зохион байгуулагдсан. Шүүгч, хуульчид, иргэний нийгмийн төлөөлөл гээд хүссэн болгон уг чуулганд оролцож, шүүхийн шинэчлэлийн талаар санал бодлоо илэрхийлсэн. Тэр үеэр хэлэлцсэн асуудлууд Шүүхийн тухай багц хуулийн төсөлд орж, энэ хууль одоо УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байна. Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгэндээ дэвшүүлсэн зорилтыг бүх шатны шүүхүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл гарган ажиллаж байна. Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс сахилга хариуцлагагүй байдал, мэргэжлийн алдаа зориуд гаргах, архидан согтуурахтай тууштай тэмцэл хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэлээд олон хүнд арга хэмжээ авсан. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж бүхэл бүтэн салбарын нэр хүнд унах тохиолдол гарч байгаа тул ийнхүү хандахаас өөр аргагүй юм” гэсэн байна.
Мөн 2004 оноос хойш тус шүүх байгуулагдаж захиргааны хэргийг дагнан шийдвэрлэх болсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг дурдаад дагнасан шүүхийн төлөвшилтөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа чухал хувь нэмэр оруулсан болохыг онцолсон юм. Энэ үеэр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн тус шүүх байгуулагдан ажилласан найман жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар зарим зүйлийг товч танилцуулав. 2005 онтой харьцуулахад явуулсан бичгийн тоо 10 дахин, шийдвэрлэсэн хэргийн тоо гураь дахин өсчээ. Улсын хэмжээгээр анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн 60 шахам хувийг нийслэлийн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг, шүүхийн ажлын ачаалал их байгаа тухай дурдлаа.
Т.Маша