Жолоочдод хандсан бичиг хадсан манаачийн бүхээгт нэгэн хүн суух. Тэр хүнээс энэ талаар ямар нэгэн мэдээлэл авах гэсэн боловч хариулт өгсөнгүй. Гэтэл тун удалгүй нэгэн жолооч гарч ирээд ирээд манаачийг загнаж эхлэв. Чих тавибал тэр машины жолооч Драмын театрынхантай ажил хэргийн уулзалтаар ирж. Театрт таван цаг гаруй болоод гараад иртэл 5000 гаруй төгрөгийг манаач “ахад” тушаахаар болсон гэнэ. Энэ хүн шиг хэдэн хүн төлбөрт зогсоолын “базалтад” өртсөнийг тааж мэдэхгүй. Ямар ч байсан хэдэн цаг тавьбал яах тухай нарийн мэдээлэл жолооч нарт хомс байгаа учраас гарч ирээд багагүй маргалддаг бололтой.
Драмын театраас гадна нийслэлийн “Хангарьд” ордны өмнөх талбайд мөн энэ зарчим үйлчилж байна. Энд хоёр ч бүхээг ажиллуулж иргэдээс мөнгө хураадаг ажээ. Гэхдээ зам товчлох гэсэн жолооч нар нэлээд хэдэн төгрөгөөр торгуулах гээд байдаг гэмтэй. “Би энд ажил хөөцөлдөх гэж л ирдэг. Зарим үед бүтэхээсээ бүтэхгүй нь их. Энэ бүрт би мөнгө хураалгаад байвал утгагүй биз дээ” гэж Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Нэргүй гэх эмэгтэй ярьж байсан юм. Үнэхээр ч мөнгө төлөх, төлөхгүйгээс шалтгаалсан маргаан энд нэлээд өрнөдөг бололтой. Зарим нь бүр машинаа унтрааж байгаад хэрэлдэж байв. Үүнээс болоод бага зэрэг түгжрэл үүсч байгаа харагдсан. Мөнгө хураадаг болсоноос хойш гурван сар өнгөрчээ. Жолооч нарын ч арга барил өөрчлөгдөж. "Хангарьд"-ын урдхан талд байрлах “Монтел” төвийн урд машинаа тавьчихаад хотын захиргаа руу алхдаг гэсэн.
Спортын төв ордны өмнөх талбай дээрх хоёр газартай адил хувь заяатай. Эндхийн зогсоолд орж ирж байгаа машиныг шар хувцас өмссөн залуу зохицуулж харагдлаа. Өмнөх хоёр газартай адил хүн нь тусдаа байранд суугаад байсангүй. Жолооч болгон дээр очиж учрыг тайлбарлаж байгаа харагдав. Жолооч нар тэнд машинаа тавихаас өөр аргагүй тул хэсэг зандарч байгаад мөнгөө сарвайж байлаа. Үндэсний сагсан бөмбөгийн тэмцээн болоод өөр ямар нэгэн уралдаан тэмцээн болоход хөгжөөн дэмжигчид хэцүүхэн асуудалтай тулгардаг аж. Гэхдээ л гадна дотны хүмүүс машинаа зогсоолд “сойдог” учраас хэдхэн хормын дотор дүүрдэг ажээ. Сурвалжлага хийхээр очсон тэр мөчид машин их байлаа. Учир нь, Бүх ард түмний 13-р спартакиадын боксын тэмцээн болж байгаа учраас хүмүүс олон байгаа харагдав. Харин төлбөрт зогсоолын тухай эндхийн манаач залуугаас тодруулахад дараах хариултыг өгсөн юм. “Уралдаан, тэмцээн болж байгаа нөхцөлд ачаалал ихтэй байдаг. Зарим жолооч нар загнаж л байдаг юм. Өмнөхөө бодвол жолооч нарын бухимдах нь арай гайгүй болсон. Энэ нь нэг талаараа зөв ч тэмцээн сонирхох гэж ирсэн хүмүүс давхар мөнгө төлөх нь хэр зэрэг юм бол гэж боддог” гэж нэрээ хэлэхийгхүсээгүй манаач ярьсан юм.
Ийнхүү энэ гурван газарт төлбөрт зогсоолын журам мөрдөгдөж байна. Гэхдээ төлбөрт зогсоолын ашгаасаа Драмын театр нь ч, Спортын төв ордон нь ч ямар нэгэн хувь хүртдэггүй гэх. Зогсоолоос хураасан бүх мөнгө Нийслэлийн авто замын санд төвлөрдөг байна. Чухам энэ санд хуримтлагдсан мөнгөөр юу хийж, ямар зам барих нь эргэлзээтэй. Тогтоол батлагдаад цөөнгүй хугацааг үдсэн ч жолооч нарын бухимдал багасаагүй байна. Гадны оронд ямар нэгэн үзвэр үйлчилгээний газрын урд талын зогсоол хэрвээ төлбөртэй бол тухайн газартаа л ордог учиртай гэх. Тухайн үзвэрийн тасалбар дээр энэ үнэ нь нэмэгдсэн болохоор зогсоолын нэмэлт төлбөрийг төлөөд байдаггүй. Гэтэл манайд хэдэн минут зогссоныхоо төлөө мөнгө өгдөг, хураадаг болоод удаж байна. Зогсоолоос хурааж байгаа энэ их мөнгө чухам юунд зарцуулагдаж, хэний дансанд орж байгаа нь хамгийн том асуулт. Хэл ам татлан байж иргэдээс хурааж байгаа энэ мөнгийг зөв зүйлд л зарцуулаасай гэсэн хүслийг эцэст нь шивнэе.