Дийд дийд, дийд дийд… Тэр муу тэгж “орилж” байгаад намайг унагаачихсан юм. Хормын өмнө үрчийтлээ ярвайгаад “орилж” байснаа мэдэхгүй намайг унасанд их л баярлаж. Амаа дарж ирээд л аальгүйтсэн. Тэрний баян тэрэндээ л биз…
Тэр муухай дуунаар нь цочоод уначихсандаа ёстой эвгүй байдалд орсон. Түүний оронд би байсан бол тэгж тэнэгтэхгүй л байсан юм. Нүүрэндээ инээмсэглэл тодруулчихсан. Нэг гараараа тайван явахыг илтгэх мэт дохих маягтай гулгуулах байсан юм. Даанч түүнийх шиг гоё машин байхгүй л дээ…
Гэхдээ тэр муу сонин хүүхэн над шиг өдөр болгон гулгаж, сэтгэлийн таашаал эдлэхгүй дээ л атаархаж “дийд дийд” гээд орилсон хэрэг, өрөвдчихлөө. Километр хүрэхгүй газар бензин шатаан цаг түгжрэхдээ тэрүүгээр энүүгээр чөлөөтэй гулгах мань мэтийг хараад үсээ зулгаахаас наагуур явдаг биз, өрөвдөлтэй ч амьтан бол. Ингэж бодохоор машины хэрэг маньд алга. Юунд нь атаархах юм бэ. Машингүй ч гэлээ түүнээс илүү эрх чөлөөтэй, энүүгээр тэрүүгээр гулгаж байгаа юм чинь.
…Аймаар баян, амаараа дүүрэн алтадсан шүдтэй баагийгийн өмнүүр гуйлгачин шиг хувцаслачихсан гүйхдээ муухай атаархлаа. Бантсан нүүрэндээ гуйлга гуйх жаалд автобусныхаа мөнгийг гаргаж шидчихээд ахиад алхлаа. Тэр хараад атаархсан биз. Өрөвдөлтэй нүдээр өглөг горьдож алгаа тоссон жаалд түүнээс ч илүү баян харагдсаан би. Тэгээд ч надад алтан шүд хийлгэх шаардлагагүй. Араа, соёо бүтнээрээ байна.
-Ахын дүү амттай чихэр их идээд байвал, амандаа тийм муухай шүдтэй болдог юм шүү гэж нөгөөх баяныг заачихаад яваад өгсөн. Алтан шүдтэй баагийнаа амаа ангайгаад л хоцорсон. Юу гэж хэлснийг мэдээгүй л дээ, тэр зайлуул.
…Телевизээр бизнес /төлбөрт/ мэдээ гарч байна. Тэрүүгээр нь биеийнхээ арьсанд багтаж ядсан баячуудыг хоол сойлгох бясалгалын төвийг рекламдаж байна. Одоо би атаархахаа больчихсон болохоор орон дээрээ маадгар сууж байгаа юм. Тэдэн шиг мөнгөө дэмий зүйлд зарах шаардлага надад байхгүй. Хүсэвч эс хүсэвч мацаг барьдаг мань мэтийн ядуус тэдэн шиг мөнгөө таргалалтынхаа эсрэг зарцуулахгүй. Дээр нь тэднээс ч туранхай, тэгээд гоолиг харагдах юм чинь.
Баян хоосны ялгаа улам холдлоо гэхээс илүүтэй бие биендээ атаархах нь улам ихэслээ гэвэл хүмүүс ойлгоно доо. Баячууд ядууст атаархсандаа “муу бясаа” гэдэг юм билээ. Маниус бол харин тэднийг “муу хувалз” гэдэг юм. Бидний хөдөлмөрөөрөө босгосон хөрөнгөнөөс тэжээгддэг юм чинь тэгэхээс өөр яах билээ.
Тийм болохоороо л бие биенийхээ дээр гарах гээд телевизээр “Би их баян хүн” гэж ярьдаг байхгүй юу. Үнэндээ өөрөөсөө илүү мөнгөтэй гаруудыг атаархуулах гэх дээ л тэгдэг юм. Мөнгөгүй хүмүүс л гуйлгачин гэдгээ нуух гэж “Сайн ханьтай, сайхан ажилтай” гэж бурдаг. Тийм болохоор л би ахиад атаархахгүй ээ. Баячуудын хүүхдүүд гудамжаар чөлөөтэй алхаж үзсэн үү. Үзээгүй ш дээ. Тэд нар гудамжнаас чихэр олчихоод “Газрын юм гаатай” гээд амандаа хийхэд хичнээн амттайг мэдэхгүй л дээ. Тэдний үзсэнийг үзээгүй ч билээ, үзээгүйг нь үзсэн хойно тэдэнд юундаа атаархахгүй амьдарцгаая. Сэтгэл өөдрөг алхах ч сайхан шүү. Сүүлийн үед над энийг ойлгосон нөхдүүд ийм нэгэн шүлгийг явуулаад байгаа юм.
Саарал ордноор юу байна
Сагсуу хэдэн банди л байна
Цаагуур чинь тэгээд юу байна
Цалингүй баахан хулгайчид л байна
Дэлгүүр хоршоогоор юу байна
Дэгс үнэтэй бараа л байна
Гудамжаар тэгээд юу байна
Гуйлага гуйсан хүүхдүүд байна
Тэгээд ер нь юу байна
Тэрэг нь багтахгүй гудамж байна
Сонин тэгээд юу байна
Соёлгүй тэнэг жолооч л байна
Хөдөөгүүр тэгээд юу байна
Хөглөрч гүйцсэн нүх нь байна аа гэж…. Баячуудыг хараад битгий атаарх. Харин өрөвд. Тэд чам шиг бүтэн нойртой хонох нь ховор. Чамаас ч ядууг хараад харин уйл. Чи баян гэдгээ ойлгох болно. Тиймээс л битгий атаарх, атаархаагүйд чинь атаархах болно.