Хоёр сар ой модонд зугаалуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Хоёр сар ой модонд зугаалуулахгүй

Нийслэлийн Засаг дарга ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг  эрчимжүүлэх зорилгоор албан даалгавар гаргаж 6-р сарын 26 хүртэл нийслэл орчмын ногоон бүсэд байгалийн дагалт баялаг ашиглах зорилгоор зорчих, амралт зугаалга, аялал зохион байгуулахыг хориглосон байна. Мөн хөдөө орон нутаг, ногоон бүсэд зорчих бүх төрлийн тээврийн хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглуулах, энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох арга хэмжээ авах юм байна.

Үүний зэрэгцээ хотын даргын шийдвэрээр ой хээрийн түймрээс урьдчилэн сэргийлэх үүднээс хавар, намрын хуурайшилт ихтэй үеэр морин эргүүл ажилуулахаар боллоо. Хөл хөдөлгөөн ихтэй, онцгой анхаарах газруудад нутгийн иргэдээс урамшуулалтай морин эргүүлийг 4 дүгээр сарын 26 болон 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатайгаар тусгай хуваарь гарган үүрэг гүйцэтгүүлэхийг дүүргийн удирдлагуудад даалгасан байна.

Дээрхи хугацаанд нийслэлийн ногоон бүсэд эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж явуулах байгууллага, албан тушаалтны хуваарийг баталсан бөгөөд хуваарьт хугацаандаа 2-оос доошгүй удаа эргүүл, хяналт шалгалт явуулж, ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх талаар тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнг илтгэж байх юм байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж