“Хуулийн дагуу л эрхийг нь хасч байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“Хуулийн дагуу л эрхийг нь хасч байгаа”

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөнийг камераар хянадаг болсноос хойш дур зоргоороо дүрэм зөрчдөг хэнэггүй жолооч цөөрсөн. Өдрөөс өдөрт ачаалал нь нэмэгдээд байгаа нийслэл хотын замын хөдөлгөөнийг зохицуулах бус хяналт тавих үүрэгтэй замын цагдаа нар дүрэм зөрчсөн жолооч нарын эрхийг хасдаг болоод удаж байгаа. Үүний үр дүнд замын хөдөлгөөний ачаалал ч тодорхой хэмжээгээр буурсан хэмээн албаны хүмүүс ярьж байна. Харин дүрэм зөрчөөд торгуулсан, эрхээ хасуулсан жолооч нар “би эрхээ хасуулах ёсгүй байсан юм, арай  дэндэж байна” гэсэн шүүмжлэл гаргаад буй. Энэ талаар Замын цагдаагийн газрын, хэвлэл мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Сүрэнжаваас тодруулсан юм.

-Сүүлийн үед замын цагдаа хэт өндөр торгууль бичээд байна, эрх хасах ёсгүй зүйл дээр эрх хасч байна гэх гомдол ихээр гаргах болсон. Үнэхээр жолооч нарын хэлж буй шиг тийм хатуу хариуцлага тооцож байгаа юм уу?

-Хууль журмандаа бол замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, тохиолдолд  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу нэг мянгаас арван мянган төгрөгөөр торгох , эсвэл зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар жолоо барих эрхийг нь хасах гэсэн заалт байдаг. Харин манай жолооч нарын дунд байдаг түгээмэл ойлголт нь согтуугаар жолоо барьсан, зам тээврийн ноцтой осол гаргасан тохиолдолд л жолоо барих эрхийг нь хасдаг гэж ойлгоод байдаг. Бид өнөөдөр зөвхөн “эсвэл эрхийг нь хасна” гэсэн заалтаа л хэрэгжүүлж байгаа. Тэрнээс биш замын цагдаагаас цоо шинэ дүрэм журам гаргачихаад, ямар нэгэн аян явуулаад дүрэм зөрчсөн жолооч болгоны эрхийг хасаад байгаа юм биш.
 
-Он гарснаас хойш хичнээн жолоочийн жолоо барих эрхийг нь хассан бэ?

-Он гарснаас хойш 1500 орчим жолоочийн эрхийг хасаад байна. Гэхдээ энэ зөвхөн дүрэм зөрчсөн жолооч нарын эрхийг л хассан тоо. Согтуугаар жолоо барьсан гэх мэт өөр бусад зүйлсээр эрхээ хасуулсан жолооч нарын тоо тусдаа гарна.

-Цагдаа нар торгуулиа хэт өндөр бичээд байгаа юм биш үү?

-Өмнө нь бид нар дүрэм зөрч­сөн жолооч нарыг 5000 мянган төг­рөгөөр л торгоод өнгөрдөг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ 5000 мян­ган төгрөгийн торгууль жолооч нарт эдийн засгийн хувьд огт нөлөө­лөхөө больчихсон гэж хэлэхэд болно. Тэгэхээр өндөр торгууль ногдуулж байж л хашраана гэсэн үг шүү дээ. Өндөр торгууль гэхээр тавь жа­ран мянган төгрөгөөр торгоод бай­гаа юм биш. Хуулийн дагуу 10 мян­ган төгрөгөөр л торгож байгаа. Ха­рин байцаагч нар бол тэрнээс өндөр торгууль ногдуулах эрхтэй. Бид эхний ээлжинд хөдөлгөөний аюулгүй байдалд камераар хяналт тавьж байгаа. Камераар хяналт тавьж байгаа цагдаагийн алба хаагч зөрчил илрүүлсэн тохиолдолд тухайн дүрэм зөрчсөн авто машины марк, улсын дугаарыг ойролцоох цагдаагийн пос­тонд мэдээлдэг. Тухайн постын цаг­даа уг тээврийн хэрэгслийг зогсоож хариуцлага тооцдог зарчмаар ажил­лаж байгаа. Мөн хамгийн олон зөрчил гаргасан буюу давтан зөрчил гаргасан жолоочийг олж хариуцлага тооцох ажлыг нэлээд эрчимтэй хийж байгаа. Нэг хоёр удаа зөрчсөн жолоочид бол тэр болгон хариуцлага тооцдоггүй. Тийм хүн хүч боломж бололцоо ч байхгүй. 

-Уг арга хэмжээг авж эхэлснээр зам тээврийн осол болон жолооч нарын дүрэм зөрчих нь багассан уу?   

-Ер нь бол замын ачаалал тодор­хой хэмжээгээр буурсан гэж хэлэхэд болно. Замын ачаалал түгжрэлийн 50 орчим хувь нь зохиомол түгжрэл байдаг. Өөрөөр хэлбэл, жолооч нар бие биенийхээ урдуур дайрсан, мөргөлдсөн гэх мэт ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс л болдог. Харин зам тээврийн осол буурсан юм байхгүй.

Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж