”Монголбанк өөрөө хохирогч болчихоод байна”

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

”Монголбанк өөрөө хохирогч болчихоод байна”

Монголбанкнаас  20 орчим килограмм алт алга болсон тухай мэдээлэл нийгэмд дуулиан тариад байгаа билээ. Уг хэрэгт Монголбанкны хэд хэдэн ажилтанг холбон шалгаж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр цацагдаад буй. Тиймээс  энэ талаар үнэн зөв, дэлгэрэнгүй мэдээлэл авахаар  Монголбанкны Олон нийттэй харилцах  хэлтсийн захирал Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.

-Монголбанкнаас нэлээд их хэмжээний алт алга болсон гэх юм. Бүхэл бүтэн 20 орчим килограмм алт алга болж байхад танайхан яагаад мэдээгүй байсан юм бэ?

-Монголбанкнаас 18-20 орчим килограмм алт алга боллоо гэсэн мэдээлэл сүүлийн үед сонин хэвлэлээр нэлээд цацагдаж байна л даа. Энэ асуудлыг  тодорхой тайлбарлахгүй бол иргэд ч буруугаар ойлгож магадгүй юм. Монголбанкны “Эрдэнэсийн сан”-гаас хэн нэгэн  хүн гулууз, гулуузаар нь алт цүнхлээд аваад гарчихсан юм биш л дээ. Хүмүүсийн бодож байгаагаар Монголбанкны “Эрдэнэсийн сан”-д байгаа алт гулууз, гулуузаараа алдагдсан юм биш. Сорьцийн хувьд бага зэргийн асуудал гарсан юм билээ. 

-Аж ахуйн нэгж, иргэдээс алт худалдаж авахдаа сорьцыг ньтанай банк өөрсдөө тогтоодог уу?

-Сорьцыг хэн тогтоодог, яаж тогтоодог гэх мэт асуудалд хариулахаа түр азная. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа болохоор үнэн мөнийг нь удахгүй тогтоох биз. Хэзээ хэдийд ийм хэрэг гарсныг Монголбанк тогтоохын тулд хууль хяналтынханд хандсан хэрэг.  Хамгийн гол нь алтны сорьцонд асуудал байна гэдгийг Монголбанк өөрөө хянаж, шалгаад зөрчил илрүүлээд түүнийгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт тавьсан юм. Түүнээс биш хэн нэгэн хүн хүрч ирээд Монголбанкнаас алт алга болжээ гэдгийг олж тогтоогоогүй.

-Энэ хэрэгт Монголбанкны захирал Л.Пүрэвдоржийг буруутай гэсэн мэдээлэл гарсан?

-Энэ хэрэг түүнтэй ямарч холбоогүй.  Алтны сорьцтой холбоотой асуудал 2003 онд гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байсан. Монголбанкыг өнөөдөр хүмүүс буруутгаад байна л даа. Гэтэл үнэндээ өнөөдөр Монголбанк өөрөө хохирогч болчихоод байна. Монголын хулгайч, худалч луйварчид сууж байгаад л алт мөнгө алга болгоод байгаа юм шиг бичиж болохгүй. Энэ банкид олон хүн ажилладаг. Тэдний нэр төр гэж байна. Үнэнч шударгаар ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, гүжирдэж болохгүй биз дээ. Монголбанкнаас гулууз алт шуудайлж аваад гарчихсан бол өөр хэрэг. Харамсалтай нь өнөөдөр Монголбанк алдсан хүн арван тамтай гэгч л болоод хохирчихоод байна даа.

-Танай Валют эдийн засгийн хэлтсийн захирал чинь үүнээс болоод хоригдож байгаа юм уу?

-Үгүй ээ, тийм биш. Тэр хүн эрдмийн зэрэг хамгаалахаар Өмнөд Солонгос руу явсан. Манайхан арай л дэндүү. Хүний нэр төр, ар гэрийнх нэр төр гэж байна. Хууль шүүхээр батлагдаагүй асуудлыг дэврээж, хэн нэгнийг гүтгэж гүжирдэхээсээ илүү үнэн бодит мэдээлэл цацах хэрэгтэй шүү дээ.

-Танайхаас яагаад ийм хэрэг боллоо гээд мэдээлээгүй юм бол. Танай банкны нэг ажилтныг энэ хэрэгт сэжиглэн шалгаж байгаа гэсэн үнэн үү ?

-Монголбанкны “Эрдэнэсийн сан”-тай холбоотой асуудал нууцын зэрэглэлд хамаардаг. Тэгээд ч бид хууль хяналтынхан шалгаж мөрдөж байхад худал үнэн мэдээлэл цацах эрхгүй. Хэн нэгэн буруутай бол түүнийг нь хууль хяналтынхан олж тогтоогоод та нарт мэдээлэх биз. Албан ёсоор манай банкнаас нэг хүн шалгагдаж байгаа. Гэхдээ хүний гэм зэмийг зөвхөн шүүх л тогтооно. Хууль хяналтынхан асуудлыг хууль журмынхаа дагуу шийдэх бизээ.

-Удахгүй цагаан сар болно. Валютын ханш тогтвортой байж чадах болов уу?

-Манай банк аль болохоор тогтвортой байлгахын төлөө л ажиллаж байна. Долоо хоногт хоёр удаа интервенц хийж байгаа. Гадны ямар нэгэн таагүй нөлөөлөл үүсэхгүй л бол валютын ханш тогтвортой байх болно. Гэхдээ бид нэг л зүйлийг хэлж байгаа. Тэр нь хүчээр ханш барихгүй шүү гэдгийг. Хүчээр ханшийг баривал эдийн засаг өөрөө “бэртэж магадгүй.

Н.Гэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж