Н.Алтанхуяг: Би бол “багийн тоглогч”

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Би бол “багийн тоглогч”

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай цаг  үеийн асуудлаар ярилцлаа.

-Тэргүүн шадар сайдын албан тушаалыг сая Засгийн газрын бүтцээс хассан нь таны өнгөрсөн гурван жил хашсан албан тушаалыг утга учрыг бага зэрэг бүдгэрүүлчих шиг боллоо. Хамтарсан Засгийн газрын үед бий болгосон бялууны нэг гэж. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?

-Тэргүүн шадар сайдын албан тушаал бол хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа бий болгосон бүтэц. Тиймээс хамтарсан Засгийн газар тарсан учраас энэ албан тушаалыг хадгалах шаардлагагүй ээ гэсэн болохоос биш, түүнд харьяалагдаж байсан албан үүргүүд нь алга болоогүй. Жижиг дунд үйлдвэрлэл, чөлөөт бүсийн асуудал, дээр нь дөрвөн агентлаг хариуцаж байсан. Тэд бүгд алга болоогүй, нэг хэсэг нь Хууль зүй дотоод хэргийн сайдын, нөгөө хэсэг нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд очсон. Тиймээс Тэргүүн шадар сайд гэдэг хэнд ч хэрэггүй албан тушаал байжээ гэвэл хэтрүүлэг болно. Ер нь гол үүрэг нь улс төрийн том шийдлүүдээ явуулах, улс төрийн зөвшилцөл хийхийн тулд Засгийн газарт хамтарч орсон нөгөө намын даргын түвшинд энэ албан тушаалыг бий болгосон гэж ойлгож болно. Салбарын сайд нараас өөр, Ерөнхий сайдын дараа шийдвэр гаргах түвшний хүн л гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл Шадар сайд ямар хэрэгтэй байсан юм. Тэргүүн шадар сайдыг Ардчилсан намд өгч байгаа юм бол МАН ч гэсэн Шадар сайдтай байна гээд л гаргаад ирсэн биз дээ?

-Би гурав дахь удаагаа Засгийн газарт ажиллаж байна. Бид янз янзаар туршиж үзсэн. 1998 онд арвуулхнаа Засгийн газарт ажиллаж үзсэн. Ерөнхий сайдтай, есөн сайдтай. Одоо харахад бол тэр бүтэц сул юм байна лээ. Одоо бол 15 сайдтай байна. Цаашдаа ч Шадар сайдын албан тушаал хэрэгтэй юм байна гэж надад харагдсан. Яагаад гэвэл бүх асуудлыг Ерөнхий сайд дээр төвлөрүүлээд байх боломжгүй. Гэтэл салбар салбарын, ижил зиндааны сайдууд чинь өөр өөрсдийн асуудлаа хамгаалаад маргадаг юм шүү дээ. Өөр өөрсдийнхөө салбарын асуудлыг илүү түлхэнэ, салбар хоорондын асуудал их гарна. Тэр маргааныг зохицуулах, шийдвэр гаргах дээр салбарын сайд нараас арай илүү зиндааны Шадар сайд байх хэрэгтэй юм байна гэж би харсан. Одоо байгаа 14-15 сайд бол харьцангуй боломжийн, цааш аваад явж болох бүтэц юм уу гэж би харж байгаа. Сонгууль болгоны дараа “Хэдэн яамтай байх вэ” гээд маргадаг. Тэр бас их үр бүтээл муутай.

-Агентлагуудыг бас шинээр нэмж байгуулсан, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос авахуулаад. Тэрний хэрэг гарсангүй, хөгжлийн бодлогууд нь яагаад явсангүй вэ?

-Мэргэжлийн сургалтыг хариуцсан бас нэг агентлаг байгуулсан, тэр бол олигтой яваагүй. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг шахахын тулд Боловсролын яамны харьяанд байгуулсан юм. Гэхдээ Засгийн газар шийдлээ бүрэн гаргаж чадсангүй. Мэргэжилгүй хүмүүсийг мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах, ажилд зуучлах гээд олон асуудал бий. Ажил хайсан хэсэг нь НХХЯ дээр, сургах бэлтгэх нь Боловсролын яам дээр, хэрэглэдэг газар нь болохоор Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам. Үүнийг бид цэгцэлж чадаагүй, дараагийн Засгийн газар цэгцлэх ёстой. Ажил хайж байгаа хүн хаана очихоо мэддэг, тэр нь тосч аваад хаана ажилд хуваарилах, хаана сургаж бэлтгэхийг мэддэг тогтолцоо руу орохгүй бол манайд хөдөлмөр эрхлэх, ажил хайх, олох асуудал төвөгтэй болчихоод байгаа. Хөдөлмөрийн бирж гэж бас нэг юм байгуулсан, тэр нь бас бусадтайгаа холбоогүй. Хэрэгтэй эрхтэнүүдээ бий болгочихсон хэрнээ тэднийгээ хооронд нь холбож, амьд организм болгож чадаагүй. Тийм учраас бид үүнийг хийх ёстой.

-Яагаад хийж чадаагүй юм?

-Дахиад салбаруудын зөрчил үүсдэг юм. Ё.Отгонбаяр нь “хүн сургаж байгаа юм чинь манай яаманд байх ёстой” гэнэ, Т.Ганди нь “Хөдөлмөрийн бирж манай яам дээр байх ёстой”, Х.Баттулга нь “Барилга, замын ажил манай яам дээр байх ёстой” гэж хэлнэ. Ингээд асуудал үүсч байгаа юм. Тиймээс үүнийг нэг яамны, нэг сайдын сонирхлоос илүү том бодлогын асуудал болгож явах ёстой юм байна л гэж ойлгосон. Нэг дор бөөгнүүлж, үйлчлүүлэгчиддээ тохирсон бүтцийг бий болгох ёстой. Одоо бол яамдууддаа түшиглэсэн л бүтэц байна. Үүнийг өөрчлөх ёстой. Бид үүнийг нэлээд ярьсан, тэгээд сайд нар нь хоорондоо маргаад тарсан.   
-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо яагаад ажилласангүй вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, статус нь жаахан багадсан юм уу гэж харсан, Ерөнхий сайдын мэдэлд байгаа. УИХ дээр бас ярьсан шүү дээ, Шадар сайдын харьяанд өгөх үү, Засгийн газрын харьяанд өгөх үү гэж. Хөгжлийн бодлого төлөвлөдөг газар уг нь бол их хэрэгтэй. Салбарын яам бол салбарынхаа л юмыг ярьдаг. Түүнийг хооронд нь уялдуулан зангидаж, энэ нь нэгдүгээрт тавигдах асуудал байна, тэр нь жаахан хүлээж байг гэдэг бодлогыг хийх ёстой. ҮХШХ өөрөө шинэ тулгар учраас олигтой ажиллаж чадсангүй, зүгшрэх биз дээ л гэж бодож байна.

-Тэгээд сонгууль болохоор нам болгон нэг бодлого гаргадаг, дараагийн сонгууль дөхөхөөр хаячихаад дахиад өөр юм шүүрч аваад ярьдаг…

-Түүнээс л ангижрах гэсэн арга юм. Хөгжлийн нэг бодлоготой байя гэж. Саяхан байгуулагдсан учраас бүх юмаа цэгцэлж, улс орны хөгжлийн бодлогыг бүхэлд нь нэг дүр зургаар харж чадахгүй байна. Хугацаа шаардана. Өнгөрсөн хугацаанд бол яамдууд дээр байгаа юмнуудаа бөөгнүүлсхийгээд л таарсан байх.

-Сая хэвлэлийн бага хурал дээр та “Ардчилсан нам Засгийн газраас гарсан нь жүжиг биш” гэж та хэлсэн. Гэвч энэ хоёр нам хамтарч засаг барьсан юм чинь ирэх сонгуулиар дахиад ойролцоо санал авна, тэгвэл сонгуулийн дараа дахиад хамтрах зам руугаа явчихна гэсэн болгоомжлол ч бас байгаа. С.Баяр дарга ч гэсэн өмнө нь “Сонгуулийн дараа ч гэсэн хамтрах нөхцөл үүснэ шүү” гэж төлөгдсөн. Үүнээс Ардчилсан нам яаж зугтах вэ?

-Сонгуульд ялж, олонхи л болох ёстой шүү дээ. Өөрийнхөө бодлогыг нэг удаа хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 22 жилийн түүхэнд Ардчилсан нам дөрөвхөн жил эрх барьсан. Хамтарсан Засгийн газарт орсноор Ардчилсан намын бодлого 100 хувь хэрэгждэг үү гэвэл бас тийм биш. Хаа очиж бид нэг хэсэг бодлогоо хэрэгжүүлж чадсан. Гэхдээ цөөнх шүү дээ. Засгийн газар дээр шийдвэр Ерөнхий сайдын хэлснээр л гарна. Гэхдээ хамтарсан Засгийн газар бас улс орны эрх ашигт нийцсэн, хурц шийдвэрүүдийг гаргасан гэж бодож байна. Нэг их улстөржсөн, туйлширсан, аль нэг нам руу нь ханарсан биш.

-Тэгвэл үлдсэн зургаан сард лав энэ Засгийн газар тэгж улс орны эрх ашгийн төлөө яваад байхгүй нь гэдэг нь тодорхой боллоо. МАН Засгийн газраа байгуулж аваад намынхаа Бага хурлыг хийгээд сонгуулийнхаа ажилд орлоо. Үлдсэн зургаан сард Монгол Улсыг яаж амь тариа тасалчихгүй шиг авч явах вэ гэдэг биш, харин ирэх сонгуульд яаж илүү оноо авах вэ гэдэг дээр л ажиллаад эхэллээ…

-Бидэнд “Таван сайдыг маань хурдан тавиад өгвөл улс орноо хөгжүүлээд алаад өгнө өө” л гэсэн шүү дээ. ”Ардын намын сонгуулийн штаб болгоод баллаад хаячих юм биш биз” гэж Ардчилсан намынхан анхааруулсан нь зөв л байгаа биз дээ. Засгийн газраа байгуулж аваад сонгууль яриад эхэлж байгаа бол муу л байна. Нэг л өдөр алдахад төрийн ажил зогсчих юм ярьсан шүү дээ. Тэр нь сонгуулийнхаа ажлыг л ярьсан байна. Арай ч 2031 оны тухай ярина гэж бодоогүй шүү. Юун 2031 он бэ, бид бараг 2020 он хол байна гэж харж байгаа. Засаг авчихсан байж бензиний үнэ, валютын ханшаа л ярь л даа. Юун 2031 онд олох хэдэн мянган доллар вэ.

-Гэвч танай намын нөгөө сонгуульдаа бэлтгээд, нүүр царайгаа өөрчлөөд “алаад өгөх” юу болсон бэ?

-Манай нам Засгийн газраас гарсны номер нэг зорилго сонгуульдаа бэлтгэх гэж бид яриагүй. Хамтарч ажилласан түүхэн үүргээ Ардчилсан нам гүйцэтгэчихлээ. Гурван жил гаруй сайн муу хэлүүлсэн, “нэг хөнжилд орсон” ороогүйгээрээ дуудуулсан ч гэсэн улс орны эрх ашиг нэгдүгээрт учраас хөгжлийн гол гол суурийг тавьж, хөдөлгөж чадлаа. Ажлаа хийчихлээ, одоо боллоо. Цаашаа явбал ардчиллын үнэ цэнэ бүдгэрээд байна. Нам гэж юу юм, Ардын нам нь аль, Ардчилсан нам аль юм гэдэг нь ойлгогдохоо болилоо. Энэ нь иргэдэд ч хохиролтой, ардчилсан Монгол Улсад ч хохиролтой байна. Тиймээс засгаас гарах нь зүйтэй. Дээр нь сонгууль дөхөж байна, ялгаатай юмаа илүү тод гаргая л гэсэн.

-Тэгвэл ялгарлаа харуулаад эхэлчихсэн үү? УИХ-ын 39 дүгээр тогтоолыг өөрчлөх асуудал дээр Ардчилсан нам завсарлага авсан нь…

-Өнгөрсөн хугацаанд ч гэсэн бид тодорхой ялгарлуудыг гаргаж л байсан. Хамтарч байсан учраас ялгаа нь харагдаагүй байх. Одоо засгаас гарчихсаны дараа бол илүү тод харагдаж байгаа байх.

-Тэр ялгарал нь Засгийн газрын танхим л гардаг байсан гэж үү?

-Гардаг байсан. Гэхдээ бид Засгийн газрын хуралдаан дээр гарч байгаа ялгааг гадагшаа нийгэмд гаргаж цацаад байх шаардлагагүй. Тэнд хэн юугаараа ялгарч байгаа нь биш, эцэстээ гарч байгаа шийдвэр нь улс орны эрх ашигт нийцэж байх л чухал гэдэг байр суурийг барьж ирсэн. Газрын доорх баялгийг яаж таны, ард түмний өмч болгох вэ гэдэг асуултад Ардчилсан нам “Хувьцаа өгье, хувьцаагаар нь дамжуулж ашиг өгье” л гэсэн шүү дээ. Ардын нам болохоор “Үгүй ээ, бэлэн мөнгө өгье” гэж байна. Ялгаа байгаа биз дээ. Тэгээд бид хувьцааг нь өгье гэдгээ хийчихсэн.

-Гэвч өнгөрсөн оны төгсгөлд төсвөө батлуулахдаа Сангийн сайд чинь “Хувьцааных нь оронд мөнгө өгье” гээд хийчихсэн биз дээ?

-Үгүй. Хувьцааг нь өгье, хувьцаагаа мөнгө болгоё гэвэл Засгийн газар худалдаж авья л гэсэн.

-Тал еэвэнгийн хоёр тал уу?

-Еэвэнгийн хоёр тал биш. Сүүтэй үнээ танд өгье, түүнийгээ та өнөөдөр яаран сандран алж идэх хэрэг байна уу л гэж асууж байна. Үнээ чинь байж байвал танд нэмэр болох л байхгүй юу. Өнөөдөр болохоо байлаа, өр ширэнд орлоо, мөнгө хэрэгтэй байна гэвэл таны л сонголт л доо. Ийм л юм. Ямар ч байсан хувьцааг бол бүгдэд нь өгчихлөө. Хувьцаагаа хадгалаад ашгийг нь авна уу, яана уу, өөрсдөө шийдэх ёстой.

-Тэгвэл 39 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлт дээр Ардчилсан нам яагаад завсарлага авсан юм?

-Завсарлага аваагүй. Намын бүлгүүдээр хэлэлцэх ёстой асуудлыг хэлэлцүүлээгүй, шууд Байнгын хороод руу оруулж ирсэн учраас “Хэлэлцүүлгийн дэг зөрчиж байна, манайх намынхаа бүлэг дээр ярина аа” л гэсэн.

-Хэлэлцүүлж байгаа асуудлаас нь болоод хоёр намын бүлэг дээр ялгаатай байр суурь гараад байгаа юм биш үү?

-Тэд нар юу оруулж ирээд байгааг бид мэдэхгүй, бүлэг дээрээ яриагүй. Ирэх даваа гаригаас байр сууриа тодорхой болгоно. “Ардчилсан нам засгаас гараад явчихсан юм чинь хувьцааг нь будаа болгоод өгье” гэж ярьж байгаа нөхдүүд байна гэсэн. Тэр чинь Ардчилсан намын хувьцаа биш, ард түмний хувьцаа байхгүй юу. Тэгж шогтож байгаа бол бид зүгээр суухгүй.

-Хувьцаа чинь гэвч юугаар баталгаажаад байна аа. Бидний гар дээр лав юу ч алга, уг орд нь өөрөө зах зээл дээр гараагүй…

-УИХ-ын тогтоол гарчихсан, Хөрөнгийн бирж дээр данстай бүх хүмүүсийнх орчихсон. Хэрвээ нээлгээгүй бол брокерийн пүүсүүд дээр очоод дансаа нээлгэхэд л болно.

-1072 ширхэг үү?

-536 ширхэг нь байгаа. Одоо сүүлд гарсан УИХ-ын тогтоолоор 1072, эсвэл 1000 болгох тухай ярьсан. Үүний шийдвэр нь эцэслэж гараагүй байгаа. Одоо түүнийг ярих ёстой.

-Та Засгийн газраас гарах тухай мэдэгдлээ пүрэв гаригт хийсэн. Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаан дээр юу болсон юм бэ?

-Юу ч болоогүй. Лав намайг хуралдаанд сууж байхад юу ч болоогүй. Би эхэнд нь суусан, төгсгөлд нь суугаагүй.

-Тийм цочир мэдэгдэл хийхэд шалтгаан байсан л байлгүй?

-Ер нь бол Засгийн газраас гарахыг нэг өдөр шийдчихсэн юм биш. Гурван жилийн хугацаанд ярьсан иргэдийн санал, намын гишүүдийнхээ байр суурийг бид чих тавин сонссон. Тэр дотор хэвлэл мэдээллийнхэн та бүхний саналыг ч бас анхааралтай сонссон. Гурван жил гаруйн хугацаанд юу ярьсан бэ. Хамтарснаар сайн зүйлүүд байна, бас сөрөг зүйлүүд ч байна. Тэр дундаа түрүүн хэлсэн намуудын ялгаа бүдгэрч, ардчиллын үнэт зүйлүүд алдагдаж байна л гэсэн шүү дээ. Үүнийг засах ёстой, тэр нь хэзээ вэ? Сонгуулиас өмнө л засах ёстой. Сонгуульд хөтлөлцөөд орно гэж бид яриагүй шүү дээ. Тиймээс энэ шийдвэр гурван жил гаруй бэлтгэгдэж, яригдаж гарсан шийдвэр. Алтанхуяг ганцаараа ч шийдчихсэн юм биш гэдэг манай намын ҮЗХ-ны гишүүд 100 хувь дэмжсэнээр батлагдаж байгаа юм. Өмнө нь бол зөндөө олон хүн гарья гэдгээ хэлчихсэн байсан. Янз бүрийн газруудад. Манай бүлгийн хурал дээр ч гэсэн байнга л яригдаж байсан. Би нэг зүйлийг ойлгодоггүй юм. Гурван жил л “Гараарай. Гарахгүй бол манан будан татаад алга болоо” гэсэн. Гарчихсан чинь “Яаж байгаа юм бэ, юу болчихов оо, яагаад та ганцаараа шийдэж байгаа юм бэ” гэсэн хачин юм яриад байх юм. Алтанхуяг ганцаараа мэдээд буруу юм хийсэн бол ҮЗХ засаад өгнө биз дээ. Аль хэдийн бэлтгэгдчихсэн байсан байна шүү дээ.

-Хэрвээ МАН үнэхээр “Хувьцааг нь будаа болгоод өгье, бэлэн мөнгө болгоод тараачихья” гэвэл яах вэ?

-Тийм юм байхгүй. Тэгвэл Монгол Улсыг сүйрүүлнэ, ард иргэдийг буруу зам руу оруулна гэсэн үг. Сонголтыг нь бол өгсөн шүү дээ. Хувьцааг чинь өгсөн, түүнийгээ бэлэн мөнгө болгоно гэвэл эрх нь байгаа. Түүгээрээ л байж байг. Түүнээс биш “Ардчилсан нам гарчихсан юм чинь амласан хувьцааг нь алаад өгье” гэдэг бол их муухай үг шүү. Тийм юм байхгүй, бид хийлгэх ч үгүй.

-Засгийн газрын түвшинд тийм яриа явж байгаа юм биш биз дээ?

-Мэдэхгүй. Одоо өргөн баригдах гэж байгаа тогтоол дээр нь л тийм юм яваа юм гэнэ лээ. УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлт дээр. Шинээр нэмж байгаа 536 ширхэг хувьцааг нэмэгдүүлэх асуудлыг бид эцэслэж ярьж шийдэх ёстой. Түүнээс биш хувьцааг нь ерөөсөө алга болгоё гэдэг асуудлыг бол бид хэлэлцэхгүй.

-Сүүлийн үед таныг нам дотроо их ганцаардаж, даарч байгаа тухай их ярьж, бичих болж. Үнэхээр тийм үү?

-Би ер нь нэг их ганцаарддаггүй хүн шүү дээ. Би бол багийн тоглогч.

-Ардчилсан намыг Засгийн газарт авч орсон Н.Алтанхуягтай сонгуульд орвол Ардчилсан нам ч ялагдана даа гэж…

-Хэн нэг хүн л тэгж бичиж байгаа, түүнийг нь ард түмэн, эсвэл олон хүн тэгж ярьж байгаа юм шигээр харж болохгүй л дээ. Үргэлж халууцаж явдаг Алтанхуягийг үргэлж даарч байна гэж харж бас болох л байх. Би ер нь их тэсвэртэй хүн шүү дээ.

-Багийн тоглолт хэр удаан үргэлжлэх бол? МоАХ үндэсний чуулган хийгээд Ардчилсан намыг Н.Алтанхуягаас аврах, хамгаалах ч юм яриад, МҮАН бас дэмжээд яваад байна гэсэн. Залгаад бас Ардчилсан хүчний холбоо хуралдах бололтой?

-Баг гэж би МоАХ-ыг ч, АХХ-г ч хэлж байгаа юм. Түүнийгээ ч манайхан мэддэг болчихсон. Бид ухаантайдаа бодоод олчихсон юм биш. Ардчилсан нам өөрөө маш их хагарал бутралын зовлон дундуур туулаад гарчихсан учраас энэ эв нэгдэл, ойлголцол гэдэг юм ямар их үнэ цэнэтэй гэдгийг мэдчихсэн. Дээр нь сүүлийн хоёр жилд манай намын рейтинг бусад намын рейтингээс дандаа дээгүүр байгаа. Үүнийг манай намынхан бас их горьдлогын нүдээр харж байгаа. Одоо л нэг юманд хүрэх юм биш биз, бодлогоо хэрэгжүүлэх боломж олдох юм биш биз гэж гишүүн болгон харж байгаа. Тиймээс манай намынхан цаашдаа ч хэл амаа олоод явна гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Ардчилсан нам бас хоёр хуваагдах гэж байгаа юм биш биз дээ?

-Би бол үгүй гэж бодож байна. МоАХ бол Ардчилсан хувьсгалын манлайлагч нь, түүхэн үүрэг гүйтцэтгэсэн байгууллага. Энэ байгууллага хэн нэгэнд ашиглагдахгүй байх гэж бодож байна.

-Хэн нэгэн гэж хэнийг хэлж байна? М.Энхсайхан, эсвэл Х.Баттулга уу?

-М.Энхсайханд ч тэр.

-Х.Баттулгад ч гэсэн үү?

-М.Энхсайханд ч тэр. Энэ чинь ялгаатай үг.

-Хөдөөгүүр бол МАНАН-д оруулсан Н.Алтанхуягаас салаад МоАХ нь МҮАН-тайгаа нэгдээд явчихаар овоо л газар авах юм биш үү?

-М.Энхсайхан Ардчилсан намд байсан. Байхдаа сайн түйвээж өгөөд явсан. Тийм учраас манай намын гишүүд М.Энхсайханыг сайн мэдэж байгаа.

-“МҮАН чинь манай хуучин МҮАН биш шүү” гэдэг залруулгыг ядаж яагаад хийхгүй байгаа юм. МАХН МАН болсныхоо дараа Н.Энхбаяраас МАХН-ын нэрийг салгах гэж овоо юм болсон шүү дээ?

-М.Энхсайхан дарга нь байгаа учраас дуугүй байгаа юм. Хүмүүс өөрсдөө мэдэж байгаа. Намыг юу гэж нэрлэх нь хамаагүй, М.Энхсайхан толгойлж байгаа учраас. М.Энхсайхан Ардчисан намаас гарч байгаа юм биш шүү дээ, Ардчилсан намд нэгдсэн намуудын нэгнийх нь нэрийг л хулгайлаад авчихлаа л даа.

-Гэвч Ардчилсан нам одоо Ардын намаас юугаараа ялгарах юм бэ? Нам болгон нэг том хөтөлбөр дэвшүүлээд, хүмүүсийн толгойг эргүүлэх ажилд орж байна. Ардын нам “Хөгжлийн мод”, “Өрхийн хөгжлийг дэмжих” юм яриад айл болгоны хаалга татаад, нийгмээр нь самарсан юм хийж байна. Ардчилсан намынх харин “Монгол хүн 2020”. Нэрнээсээ өөр юугаараа ялгаатай юм бэ?

-Ардын намаас ялгарах юм Ардчилсан намд маш олон байгаа. Хийх юмаараа ялгарч болно, хийчихсэн юмаараа бас ялгарч болдог юм. Улаанбаатар хотод жишээ нь Ардын нам хийсэн юмаараа тод ялгарч байгаа биз дээ. Ардын нам Улаанбаатарт 20 жил эрх барилаа. Утаатай, түгжрэлтэй, бухимдалтай Улаанбаатарыг л бий болголоо шүү дээ. Хийх юмаараа ялгарахаас гадна хийчихсэн юмаар нь ялгаж дүнгээ тавья л даа. Яагаад болдоггүй юм. Гэрээсээ гараад хүүхэд тоглуулчих талбай Улаанбаатарт үлдсэнгүй, одоо болоо юм биш үү. “Хватить” гэж үг байдаг биз дээ, би бол тэгж хэлнэ. Шинэ хөтөлбөр гаргаад л бас их уралдах юм гэнэ, уралдаг л даа. Гэхдээ өмнөх юмаа яаж хийсэн хүн бэ гэдгээ бас харуулах ёстой. Ардын намд итгэж, эрх мэдлийг нь өгч Улаанбаатар хотыг 20 жил удирдууллаа, Утаатай Улаанбаатарыг бий болголоо шүү дээ. Ардчилсан хувьсгал ялснаас хойш Ардын нам Монгол Улсыг 18 жил удирдлаа. Бас л “хватить” шүү дээ. Шинэ юм хийж гийгүүлнэ гэж яриад яах вэ, хийчихсэн юмаа нэг харуулаад өг л дөө. Хээл хахууль, авлига, хүнд суртал, данхайсан том төр, хууль, цагдаа, шүүхийн шударга бус байдал. Үүний буруутан хэн юм, үүнийгээ ярих ёстой шүү дээ. Түүнээс биш өнгөрснөө мартчихаад “одоо сайхан болгоно оо” гэдгээр уралдахгүй ээ. Хүмүүс ч бас тэгж дүгнэхгүй. Өөрсдөө сонголтоо хийнэ.

-Ардчилсан нам, Ардын намын зохион байгуулаад байгаа энэ хоёр том хөтөлбөрийн давалгааг хэн, юугаар санхүүжүүлж байгаа вэ?

-Манай нам бол нөгөө муу хэлүүлээд байгаа ҮЗХ-ны гишүүдийнхээ татвараар санхүүжүүлж байгаа. Ардын намыг бол би мэдэхгүй.

-Ардчилсан нам төр барихаараа намаа хаядаг, Ардын нам төр барихаараа намаа бэхжүүлдэг, хөлжүүлдэг гэж эртнээс үгтэй биз дээ?

-Ардын намд хоёр том давуу бөгөөд сул тал бий. Нэгдүгээрт, энэ нам мөнгөөр дийлдэхээ байсан. Олон жил төр бариад төрийг мөнгө хийдэг газар болгоод хувиргачихсан. Энэ бол нууц биш, бүх хүн мэдэж байгаа. Хоёрдугаарт, албан тушаал дээр дандаа өөрсдийнхөө хүмүүсийг байршуулдаг. Одоо харин хуучин манай намд байсан хэдэн хүн энд тэнд төрийн ажил хийж байгаа, тэднийг маань хусах вий дээ. Тиймэрхүү л ажил хийдэг улс шүү дээ. Тэрэнтэй харин бид тэмцэнэ ээ.

-Намын тохиролцоогоор л томилсон юм чинь агентлагийн дарга нарыг нь ч бас аваад хаячихья гэж бас сонсогдож байсан шүү?

-Юун том юм ярьдаг юм. Засгийн газрын 40 гаруй агентлаг бий. Тэдний хоёрт нь л манай намын хуучин гишүүд байдаг. Хамтарсан Засгийн газар байгуулаад ч шинээр тавьсан юм биш, өмнө нь ажиллаж байсан хүмүүс. Өөр агентлагийн дарга манайд байхгүй. Хамтарсан учраас албан тушаалуудыг хуваагаад авчихсан гэж бодож байна у, тийм юм байхгүй. Хамтраад эх орны эрх ашгийн төлөө муу сайн хэлүүлэн зүтгэлээ. Түүнээс биш хамтарсан нэрээр хуваагаад идчихсэн юм байхгүй шүү. Хүмүүс тэгж андуураад байдаг юм.
     

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж