Аяны багийхан өдөрт 2 суманд сум, байгууллагуудын удирдлага, төрийн албан хаагч нартай орон нутгийн өнөөгийн байдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяны хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, санал солилцон харилцан ярилцав.
Дараа нь аяны багийнхан иргэдтэй уулзан Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү уриалгыг гаргах болсон шалтгаан нөхцөл болон орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг орон нутгийн төр захиргааны байгууллагын бодлого шийдвэрт тусгуулах, түүнийгээ хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломж бололцооны талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, ЕТГ-ын референт Б.Жаргалсайхан нар тайлбарлан ярьж, архины хэрэглээнээс татгалзах, амьдралын хэв маягаа өөрчлөх, эрүүл идэвхтэй амьдралын хэвшлийг түгээн дэлгэрүүлэх талаар сонирхолтой лекцийг “Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв”-ийн лектор Ж.Цогтсугар, А.Батсайхан, У.Мөнхдэлгэр нар уншлаа.
Мөн аяны багт Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг, Хууль зүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар нар хамтран ажиллаж, аймгийн бодлого, шийдвэрийг танилцуулсан.
Хэнтий аймагт ажилласан аяны багийхан нийт 60 цагт 3000 орчим хүнд лекц уншиж, тайлбар танилцуулга хийсэн байна. Аяны үеэр их хүйтэн байсан боловч иргэд олон цагаар хүйтнийг ажралгүй сууж, дэмжиж байлаа.
Энэхүү аяныг зохион байгуулахад ЗГХА-Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийг дэмжих сан, Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ, “Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв”, автозамын “Монроуд” ХХК зохион байгуулалтын болон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг Хан Хэнтий нутгийн ард түмэн талархан хүлээн авч, сум, баг, байгууллага хамт олноороо архи хэрэглэдэггүй болохоор ажиллахаа илэрхийлж, удахгүй болох монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-аараа идээний дээд сүү, цагаан идээгээ хэрэглэж тэмдэглэх уриалгыг гаргаж байлаа.
Аяны багийнхны уншсан лекц нь сонирхолтой, ухуулан таниулах, соён гэгээрүүлэх ажлууд нь хүмүүст хүрсэн энгийн атлаа оновчтой арга хэмжээ боллоо хэмээн очсон газар бүрт иргэд ярьж байв. Мөн энэ үеэр орон нутагт “Иргэний Танхим”-ын үйл ажиллагааг хэвшүүлж, аливаа тулгамдсан асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдэж байх талаар заавар, зөвлөгөө өгөв.
Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар 2011 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр “Аймгийн нийт төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчид аливаа нийгэм, соёлын арга хэмжээ, уулзалт, хүлээн авалтыг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэж байхаар тогтоосугай” гэсэн 378 тоот захирамж гаргаснаа бидэнд танилцууллаа.
Мөн сумын ИТХ, Засаг дарга нар архины хэрэглээг багасгах, архи хэрэглэдэггүй хамт олон болох талаар гаргасан тогтоол, захирамжаа иргэддээ танилцуулж, иргэдээ цагаан сарын баяраа архигүй тэмдэглэх уриалга гаргаж, иргэд санал нэгтэй дэмжиж байв.
Хэнтий аймагт “Эрүүл идэвхтэй амьдрах клуб”-ыг Баян-Овоо сум, Хэрлэн, Баянмөнх сумдад байгуулсан байна. Жишээ нь: Хэрлэн суманд “Амьдралын аваргууд” ТББ-ыг байгуулан сургалтын болон амьдрах байраар ханган, Дэлхийн зөн байгууллагаас сургалт, хоолны зардлыг гарган, 36 архинд дондох өвчтэй хүмүүсийг нэгдсэн эмнэлгийн шинээр байгуулагдсан наркологийн тасагт 10 хоног хэвтүүлж эмчлэн архинаас гаргасан, мөн заримыг нь сургагч багшаар бэлтгэсэн байна. Баян-Овоо сум “Эрүүл ирээдүй” ТББ-ыг байгуулан “Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв”-тэй хамтран сургалтад 14 хүнийг хамруулан, архинаас гаргасан байна..
Хэнтий аймгийн нийт сум Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн сургалтын багийг ойрын хугацаанд бүтэн өдрөөр ирж, архины хамааралтай болон архинд донтох эмгэг өвчтэй иргэдэд төрөлжсөн сургалт хийж өгөхийг хүсч, урилга өгч байсныг дурьдах нь зүйтэй.
Сайны хажуугаар саар гэж ярьдагчилан Э.Зоригт зөвлөхөөр ахлуулсан аяны баг 2012 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Өндөрхаан хотод лекц, танилцуулга хийгээд буцсны дараа 2012 оны 1 дүгээр сарын 26-ны орой “Маск продакшн”-ны хошин шогын тоглолт болж азтай үзэгчийг шалгаруулан, азтай үзэгчээр шалгарсан 20 хүрч яваа хүүд сайхан шинэлээрэй гээд 1 авдар “Хараа” архи өгснийг нутгийн ард иргэд, төр захиргааны байгууллагууд буруутгаж, эрх бүхий хүмүүст дамжуулан хэлж, арга хэмжээ авахыг хүсж байлаа.