ЭХ ОРОН ХӨГЖИНӨ
УРИАЛГА
Монголын нийт сурган хүмүүжүүлэгч, Багш нараа
Багш нарын баярын өдрийн халуун мэндийг хүргэн, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөхийн сацуу та бидний хүчин чармайлтаас Монголын нийгмийн дээд үнэлэмж, болох оюунлаг ирээдүй, тэдний ёс суртахуун, эрдэм чадал, мэдлэг мэргэшил шууд хамааралтай болохыг ухамсарлан өнөөгийн амаргүй цаг нөхцөл дор мэргэжлийн болоод иргэний ёс зүй, ёс суртахууныг эрхэмлэн доорхи уриалгыг гаргаж байна.
Айсуй ирж буй сорилтыг даван туулах чадвар бүхий үндэсний боловсрол, соёлын тогтолцоог бий болгохын төлөө,
Монгол хүүхэд, залуучууд өв тэгш хүмүүжил, чанартай боловсрол, ёс суртахууны төлөвшлийг бүх шатанд адил эзэмшдэг байхын төлөө,
Ардын багш хэмээх эрхэм мэргэжлийн нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үнэ цэнэ, бодит орлого, нийгмийн хамгаалал зах зээлийн эрсдлээс үл хамаарах тогтвортой механизмыг бий болгохын төлөө,
Багш нар нийгмийн соён гэгээрүүлэгчдийнхээ хувьд эх орондоо шударга ёс, тэгш дүүрэн амьдралыг цогцлоохын төлөө,
Эв эе, сэтгэл зорилгоо нэгтгэн идэвх зүтгэл, шууд оролцоогоороо хамтран ажиллахыг уриалж байна.
Монголын хамгийн үнэт баялаг нь үнэт металлын толгойд биш үндэсний үзэлтэй, өндөр ёс суртахуун боловсролтой, чадварлаг Монгол хүний толгой гэдгийг эрхэмлэн хүндэтгэж, бид нэгэн зүгт зоривоос хүрэхгүй газар, бүтэхгүй зүйлс үгүй болохыг гагцхүү бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
“Эрдэмт Багшийг дэмжвээс
Эх Орон маань хөгжинө” хэлэлцүүлэгт оролцогчид:
ЗАСГИЙН ГАЗАРТ СОНОРДУУЛГА
Улс орныхоо тогтвортой хөгжлийн эх сурвалж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын найдвартай баталгааг хангахын тулд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, өрсөлдөх чадвартай, өндөр мэдлэг, чадвартай хүмүүжил төлөвшилтэй монгол иргэдийг бэлтгэн гаргах шаардлагатай байгаа,
Боловсролын үйлчилгээ, сургалтын чанарын өнөөгийн түвшинг дээлүүлэхийн тулд өнөөгийн нөхцөл байдлаа бодитойгоор тодорхойлон цаашид авах арга хэмжээгээ оновчтой төлөвлөх нь чухал байгааг чухалчлан Сонордуулах нь:
- Сургалтын чанарыг сайжруулах талаар боловсролын сургалтын нэгж байгууллага, удирдах ажилтан, багш нар санал санаачилга гарган бүтээлчээр судалгаа, туршилт хийж, чөлөөтэй ажиллахад нь тохирсон эрх зүйн таатай тохирсон орчныг бүрдүүлж өгөх; Сургуулиуд өөрийн зорилго, чиглэл, хэлбэрээ сонгон, сургалтын бодлогоо боловсруулж, түүндээ тохирсон сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж хэрэглэн сургалтын үйл ажиллагаа явуулахад чиглүүлэх;
- Хүн амын шилжилт хөдөлгөөнд уялдуулан анги дүүргэлтийг багасгах чиглэлээр онцгой анхаарч, зориулалтын барилга байгууламжаар хангах. Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдэнд газар олгох замаар сургуулийн барилга байгууламж барих бололцоо олгох замаар сургуульд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх;
- Боловсролын сургалтын чанарт эергээр нөлөөлөх гол хүчин зүйл болсон бүх шатны сургуулиудад ажиллаж байгаа багш нарын цалин, урамшуулал, хангамж зэрэг нийгмийн асуудалд төрөөс бодлогын төвшинд онцгой анхаарч багшийн үндсэн цалин, нэмэгдлийг амьдрал, ахуйд нь хангалттай хүрэлцэхүйц хэмжээтэй болгож “Эрдэмт багшаа дэмжвэл Эх орон хөгжинө” уриан дор тодорхой дорвитой арга хэмжээ авах
- Багшийн мэргэжлээр чанартай сайн суралцаж байгаа оюутнуудыг төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх урамшууллын арга хэмжээнд гарах санхүүгийн эх үүсвэрийг төрөөс шийдвэрлэх;
- Багш бэлтгэх их, дээд сургуулиудын одоогийн үйл ажиллагаанд шинэчлэл хийж, сургалтын орчин, материаллаг нөхцөлийг сайжруулах, багш нарын цалин, хангамжийг нэмэгдүүлж, ажлын үр бүтээлийг тооцох замаар багш бэлтгэх сургалтын чанарт ахиц гаргах;
- Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэх, мэргэжил дээшлүүлэх талаар туршлагатай гадаадын орны боловсролын байгууллагуудад сургагч багш нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн боловсруулалтыг чанаржуулж, бэлтгэл ажлыг сайтар хангах замаар сургалтын үр өгөөжийг сайжруулах,
- Боловсролын сургалтын нэгж байгууллагын удирдлага, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг боловсролын мэргэжлийн байгууллагуудаас томилдог болгох. Улс төрийн томилгооноос ангид байлгах. Энэ ажлын хүрээнд Боловсролын тухай хуулийн 31.1.5-р заалтыг хүчингүй болгож, мөн хуулийн 28.1.6-д аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар “Орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө.” гэж өөрчлөлт оруулах.
- Суралцагчийн тоогоор хувьсах зардал өгч, ерөнхий боловсролын сургуулиудыг санхүүжүүлж байгаа өнөөгийн тохиолдолд хүүхэд цөөтэй хөдөөгийн сургуулиуд сайн багшийг авч ажиллуулах, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж хягаарлагдмал байгааг анхаарч, орон нутгийн хүүхэд цөөтэй ерөнхий боловсролын сургуулиудын санхүүжилтийг суурин газрын ЕБС-иас өөр аргаар хийдэг болгох. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг хөдөөд хотынхоос харьцангуй өндөр болгож өгөх.
- Боловсролын мэргэжлийн хяналтын байгууллагуудын чадварыг дээшлүүлэх
зэрэг ажлыг нэн даруй хэрэгжүүлэх цаг болсныг сонордуулж байна.
“Эрдэмт Багшийг дэмжвээс
Эх Орон маань хөгжинө” хэлэлцүүлэгт оролцогчид гэжээ.