Ерөнхийлөгч малчны хотонд очив | News.MN

Ерөнхийлөгч малчны хотонд очив

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч малчны хотонд очив

Монгол Улсын Ерөнхийлөгч томилолтынхоо хоёр дахь өдөр Говь-Алтай аймгийн Дарив сумын 1-р багийн малчин Ш.Батмагнайгийн хотонд бууж, хаваржилтын байдалтай танилцлаа.

Ш.Батмагнайгийнх хоёр гэрээрээ Гүүшийн ам гэдэг газар хаваржиж байна. 1300-гаад толгой малтай, зуднаар малын хорогдол бараг гараагүй гэж хэлж болно. Зун ган гачигтай, газрын гарц муу байсан учир эртнээс өвс тэжээлээ бэлтгэж, өвөл турь муутай малаа үлдээж, тэжээгээд, бусад малаа оторлуулжээ. Насаараа мал дагаж байгаа улсын аварга малчин Д.Шагдарсүрэн Ерөнхийлөгчтэй хуучлахдаа “ Сүүлийн жилүүдэд цаг агаар улам л ширүүн болоод байна. Гэвч бид байгаль,  цаг агаарт бүх бурууг тохох хэрэггүй юм. Хэн хөдөлмөрлөж байна, тэр өвлийг хохирол багатай давж байна. Алгаа тосоод тусламж нэхээд суугаад байвал юу ч үгүй хоосорно” гэж ярилаа.

Дарив сумынхны ажилсаг хичээнгүйг илтгэх улсын тэргүүний хоёр хоршооны гишүүд энэ өдөр Ерөнхийлөгчтэй уулзахаар зорьж иржээ. “Баян өндөр” хоршооны нярав Р.Ганболд, хоршоо үүсэн байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд, жил бүр өгдөг ашиг нь нэмэгдсээр, гишүүд нь жилд 6-10 сая төгрөгийн ногдол ашиг хүртдэг болсон тухай ярилаа. “Малчид хоршоогоороо дамжуулж зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж ашгаа хүртдэг. Өнгөрсөн жил хоршоо 700 сая төгрөгний бүтээгдэхүүн борлуулсан байна. Одоо манай хоршоо гишүүдийнхээ ахуй, нийгмийн асуудалд анхаараад зогсохгүй өөрийн гэсэн дэлгүүртэй , үйлчилгээний төвтэй болсон” гэв.

Малчид өөрсдөө зохион байгуулалтанд орж, эдийн засгийн бүтэц бий болгон хоршиж ажиллах тухай Ерөнхийлөгч уулзсан газар бүртээ малчдад хэлж зөвлөж явсан бөгөөд, ийм үлгэр жишээ хоршоо ажиллаж байгаад талархан магтаж байлаа.

Сумын төвийг байнгын эрчим хүчтэй болгох, телевиз үздэг сансрын антенны нь хэрэглээнээс хасах сурагтай байгаад санаа зовниж байгаа тухай, банкны өр зээл дарамт болж байгаа тухай, мал аж ахуйн шинэ бодлого хэрэгтэй байгаа тухай малчид Ерөнхийлөгчтэй илэн далангүй ярилцсан юм.

Энэ үеэр мөн сумын удирдлага хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Хүнд хэцүү цаг үед сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар ирсэн Ерөнхийлөгчид талархсан өндөр настан, малчин Б.Хоохой “Манай суманд хамгийн сүүлд 1965 онд Цэдэнбал дарга ирж байсан. Түүнээс хойш том дарга нар үзэгдээгүй” гэлээ.

Малчин Ш.Батмагнайгийнд бууж, хаваржилтын байдалтай танилцан малчидтай уулзаж ярилцсаныхаа дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг сумыг зорилоо гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж