ЗГ-т зарим эрхийг олгох тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

ЗГ-т зарим эрхийг олгох тухай хуулийн төслийг өргөн барилаа

Өнөөдөр Монгол Улсын Засгийн Газраас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хэд хэдэн хуулийн төслийн өргөн барилаа. Сангийн сайд Д.Хаянхярваа “Засгийн газарт Зарим эрхийг олгох тухай хуулийн төсөл,төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай” тогтоолын төслийг өргөн барив.

2012 оны Төсвийн тухай хуульд төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сарын нэгнээс, тэтгэвэр тэтгэмжийг гуравдугаар сарын нэгнээс нэмэгдүүлэхээр заасан билээ. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалан цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хугацааг наашлуулах болон Монгол Улсын Тэргүүн шадар сайдын албан тушаал байхгүй болсонтой холбогдуулан зарим эрхийг шилжүүлэх тухай заалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гурван зуун тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Харин ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын хуулиудад байгаа давхардлуудыг арилгах нэгдсэн зохицуулалттай болгох багц хуулийн төсөл, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, Худалдааны тухай, Статистикийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтвортой амьжиргаа төсөл болон АХБ, БНСУ-аас авах зээлийн ерөнхий хэлэлцээр, конвенци соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив. Зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслөөр 38 хуулийн давхардал хийдлийг арилгах аж.

Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлаас гаргасан тухайн байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд тусгай эрх ямба дархан эрхийн тухай конвенцийг 2010 онд байгуулсан байна. Энэхүү конвенцид зааснаар Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд болон энэ тус байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцож байгаа гишүүн орны төлөөлөгчид НҮБ –ын төрөлжсөн байгууллагуудын ажилтнуудтай адил эрх ямба эдлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж