Гэхдээ “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-тэй холбогдуулан тайлбар хийж буй гишүүдийнхээр бол хүн амаа өсгөхийн тулд дөрвөн хүүхэдтэй өрхийн орон сууцыг төрөөс хангадаг болох гэх мэт заалтуудыг бодлогоор оруулж өгсөн гэж байна. Эрүүл мэндийн салбарын хувьд одоо ч төрийн бодлого хэрэгжиж буй. Энэ үүднээс дэлхийн хэмжээний оношлогоо, эмчилгээ хийх эмнэлгийг байгуулах талд ажиллаж байгаа. Тэр дундаа техник технологийг сайжруулах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн оношлогооны төвийг байгуулах. Эмч мэргэжилтнүүдийг гадаадад сургахын зэрэгцээ гадаадаас өндөр потенциалтай эмч нарыг урьж авчран хичээл заалгах, туршлага судлах гэх мэт шат дараалсан ажлуудыг хийнэ. Энэ зорилт зорилго 2031 он хүртэл үргэлжлэн хэрэгжинэ гэж тайлбарлалаа. Түүнчлэн 2016 он гэхэд Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь дотоодоосоо хангадаг болохын зэрэгцээ барилгын материалыг ч мөн дотооддоо үйлдвэрлэдэг болсон байна. Тийм учраас “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг шүмжлэхээсээ илүүтэй хэрэгжүүлэх талд бүх гишүүд чармайх. Үүний тулд хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг ирэх УИХ-ын сонгуулиар ард түмнээс авах нь чухал байгааг Монгол Улсын Шадар сайд онцоллоо.
Санал шүүмжлэл дууссаны дараа Бага хурлын гишүүд тогтоол батлах юм. Тухайлбал, нэгдүгээрт, “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг батална. Хоёрдугаарт, нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал болоод буй нефтийн бүтээгдэхүүн хийгээд, махны үнийн өсөлтийг бууруулах. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, эх орны хишгийг яаралтай шийдвэрлэх бодлого гаргаж хэрэгжүүлэх ажиллах талаар тогтоол батална. Гурав дахь нь Бага хурлын гишүүнээр дөрвөн хүнийг шинээр батлах юм.