Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүдрийн ил уурхайд тэсэлгээний салбарын хөгжлийг нэг шатаар ахиулсан туршилтыг амжилттай хийжээ.
АНУ-ын “Austin Powder”, Хятадын “Chemical Indusrty Group”, үндэсний “Мера” компанийн инженер, техникийн ажилтнууд хамтран үйлдвэрлэлийн тэсэлгээний ажлын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хэрэгсэл болох электрон детонаторыг анх удаа хэрэглэсэн байна.
Электрон детонатор нь тэсэлгээний хамгийн сүүлийн үеийн технологиудыг багтаасан, мэргэжлийн хэллэгээр цооног ба эгнээ хоорондын хором удаашруулалтын хугацааг бусад системүүдийн адил тогтоогдсон стандарт хэмжээгээр биш, дурын хугацааг сонгон тохируулдаг нь чулуулгын бутралтыг сайжруулдаг аж. Түүнээс гадна тэсрэх бодисын зарцуулалтыг бүрэн хянаж, бүртгэх, чулуулгийн хөдөлгөөний чиглэлийг нарийвчлан тогтоож, тэсэлгээг дурын цэгээс эхлүүлэн ашигт малтмалын бохирдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм байна.