“Малын өртөг зардал 20-30 хувиар өссөн”

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

“Малын өртөг зардал 20-30 хувиар өссөн”

Нөөцийн махыг худалдаанд гаргаснаас
хойш 1300 тонн мах борлуулаад байгаа гэж Монголын махны холбооноос
мэдэгдлээ. Тэд өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага
хурал зарласан юм. Тус хуралд Монголын махны холбооны ерөнхийлөгч
Л.Ганпүрэв, “Махимпекс” компаний гүйцэтгэх захирал н.Бүдрагчаа,
“Баатрууд тэнгэр” компанийн захирал М.Төмөрбаатар нар оролцсон юм.
Нөөцийн мах одоогоор 10 гаруй мянган тонн байна. Үүнийг бөөнд нь
борлуулалтад гаргавал 27-35 хоногийн нөөц гэнэ. Гэхдээ үүнийг журам,
графикийн дагуу худалдаалах учир хангалттай гэж ойлгож болох нь. Хаврын
цагт махны эрэлт ихэсдэгтэй холбогдуулж 10 мянган тонн махыг  нөөцлөх
бэлтгэл ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэх аж. Энэ жилийн хувьд 20-оод аж
ахуйн нэгж нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа. Монголын махны холбооны
ерөнхийлөгч Л.Ганпүрэв ярихдаа “Эдгээр компани нэг килограмм махыг 3729
төгрөгийн өртөгтэйгөөр, нийт 14 мянган тонн махыг 45-50 тэрбум төгрөгөөр
бэлдсэн. Малын өртөг зардал 20-30 хувиар өссөн байна. Энэ бүх зардлыг
өөрсдийн компаниасаа гаргасан. Өөрөөр хэлбэл, бүгд банкинаас зээл авсан
гэсэн үг. Төр засгаас бид одоог хүртэл нэг ч төгрөг аваагүй байгаа. Бид
3729 төгрөгөөр мах бэлтгээд, 2400-3500 төгрөгөөр борлуулах нь
алдагдалтай ажил гэдэг хэнд ч ойлгомжтой. Гэвч цаашид бид үнээ
буулгахгүй юм аа гэхэд хангамжаа таслахгүй. Цагаан сар болохтой
холбогдуулан нөөцийн махыг гулуузаар борлуулах ажлыг дахин зохион
байгуулах болно. Чанарын хувьд манайд хяналт, шалгалт цөөдөөгүй” гэлээ.
Түүнчлэн “Махимпекс” компаний гүйцэтгэх захирал н.Бүдрагчаа хэлэхдээ
“Нөөцийн махыг болж өгвөл хэн дуртайд нь бус амьжиргааны түвшин доогуур
өрхөд  хүртээх хэрэгтэй. Үүний тулд хороодтой хамтарч  ажиллабал үр
дүнтэй болох байх” гэсэн санал дэвшүүлж байлаа.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж