”Ориг” аяганд ус уух мөрөөдөл

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

”Ориг” аяганд ус уух мөрөөдөл

Мөнгөн аяга. Хүн төрөлхтөн үнэт металл дотроос магадгүй хамгийн анх алт, мөнгийг олж нээсэн  учраас одоо хүртэл үнэ цэнээ алдаагүй ирсэн аж. Эрдэнийн чулуу судлаачид  хүртэл “Үнэт металлаас мөнгө ач холбогдол, үнэ цэнээ алдахгүй” хэмээдэг юм билээ. Гэвч бараг юм  бүхний нээлтүү­дийн анхдагч болчих гээд байдаг монголчууд, бидний өвөг дээдэс  мөнгөний ид шидийг аль эртнээс мэдэж мөнгийг  хэрэглэж иржээ.  Одоо дэлхийд Монголоос өөр хаана ч мөнгөн аяганд хооллодог  ард иргэд гэж үгүй. Тиймдээ ч мөнгөн аягыг гаргууд урладаг дархчууд Монгол нутагт олон. Харин одоо Монголын эдийн засаг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн хэрээр Монголчуудын амьдрал ч төдий чинээ дээшилж мөнгөн аяганы хэрэглэгчид ихэсчээ.

Тун удахгүй цагаан сар болно. Монголчууд жилдээ ганц тохиох үндэсний том баяраа аль болох өнгөтэй өөдтэй эд, идээгээр угтахыг хүсдэг. Ингэснээр “Тухайн  айл өрхийн баян, тансаг байдал бүтэн жил хадгалагдана” хэмээн соёл судлалын эрдэмтэд тэмдэглэжээ. Энэ ч утгаар мөнгөн аяганы эрэлт ихсэх цаг аль хэдийнэ болж, алт, үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд ачаалал үүсээд байна. Гэхдээ монголчууд маань цэвэр мөнгөн аяга авч чаддаг уу. Бид энэ талаар сурвалжлахаар мөнгөн аяга зардаг томоохон үнэт эдлэлийн дэлгүүр, зах болон энэ төрлийн бүтээгдэхүүнийг нийтэд худалдаалах зөвшөөрөл олгодог холбогдох газруудаар орлоо. Эхлээд Улаанбаатар банкны ойролцоох үнэт эдлэлийн хоёр, гурван дэлгүүрээр орсон юм. “Шилэн” банкны чанх ард байрлах үнэт эдлэлийн дэлгүүр ачаалал ихтэй байх аж. Сонирхоод эхний лангууны худалдагчаас нь эхэлж аяганы үнэ асуув. Мөнгөн аяганы үнэ нь хийц, мөнгөний орцоосоо хамаарч  өөр өөр байх аж.  Хамгийн доод тал нь архины жижиг мөнгөн цөгц гэхэд 55 мянган төгрөг.  Дунд гарын мөнгөн аяга 20 хувь хямдарсан үнээр буюу 174-180 мянган төгрөгийн аяга 135 мянган төгрөг болж хямдарчээ.  Харин их гарын мөнгөн аяга хэмжээгээр нэлээд том тул 330 мянган төгрөгөөс үнэ нь эхлэнэ. Монгол Улсын хэмжээнд мөнгөн аяга үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, дархан ойролцоогоор гурван мянга гаруй байдаг гэнэ. Гэвч тэд  яг цэвэр мөнгөөр аяга үйлдвэрлэдэг нь эргэлзээтэй. Миний нэг танил Г одоогоос хоёр жилийн өмнө “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрээс дунд гарын мөнгөн аягыг 150 мянган төгрөгөөр авч байжээ. Гэтэл өнөөх аяга нь тав, зургаан сарын дараа бараг хэрэглээ ч үгүй байтал өнгө нь муудаж, зүлгэхээр гарт нь бал гардаг болжээ. Г нэгэнт удчихсан болохоор хаана хандаж, яахаа ч мэдэхгүй одоо хүртэл гэрийн хоймортоо мөнгө биш хөнгөн цагаан аягаа тахилынхаа өмнө дээдэлсээр сууна.

МӨНГӨН АЯГЫГ НЬ ЗҮЛГЭТЭЛ БАЛ ГАРЧЭЭ

Монгол нутагт уран дархчуудын хийцээрээ нутаг бүр ялгардаг. Тухайлбал, уран гартнуудын өлгий нутаг гэх Сүхбаатар аймгийн Дарьганга сум дарьганга хийцээрээ, Өмнөговь аймгийнхан ноёнсэврэй хийцээрээ, урианхайчууд уялга, дөшин хийцээрээ бусад дархчуу­даас ялгарна. Ноён сэврэй хийц нь дарьганга хийцээс ялгарах онцлог нь мөнгөн аяганы суурийг хадалгүй шахаж хийдэг онцлогтой. Одоогоор Улаанбаатар хотод “Мөнгөн аяга”, “Зоос гоёл” гэх зэрэг мөнгөн аяга үйлдвэрлэгч томоохон компаниуд бий. Хэд, хэдэн үнэт эдлэлийн дэлгүүрээр орж мөнгөн аяганы үнэ, хийц зэргийг сонирхсоор овоо мэдлэгтэй болж цааш явлаа. Тэгээд Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрээр оров. Лангуу бүрийн өмнө дор хаяж гурваас дөрвөн хүн юм авахаар зогсох аж. Энэ дарааллыг харвал үнэт эдлэл гүйлгээтэй байгаа нь илт. Бас мөнгөн бүс, аяга авахаар хөдөөнөөс ирсэн бололтой үстэй дээл өмссөн хүмүүс нэлээд үзэгдэнэ.

Энэ үеэр мөнгөн бүс, аяга худалдаж авч байсан Архангай аймгаас ирсэн гурван хүнтэй уулзсан юм.

н.Баярдалай  гэх эр “Бид өчигдөр хөдөө­нөөс орж ирлээ. Цагаан сарынхаа барааг цуглуулж яваа санаатай. Аймагт ямар сайн мөнгөн аяга ирэх биш тэгээд л эндээс авч байгаа нь энэ. Худалдагчид нь тийм ч үйлдвэрийнх ийм ч үйлдвэрийнх гээд яршигтай үглэх юм. Хүн юмаа өөрөө мэдээд авна биз дээ. Би өмнө нь  хаширч байсан болохоор их үзэж байж дунд гарын ганц мөнгөн аяга авлаа. Өнгөрсөн жил эндээс бас мөнгөн аяга авах гэж яваад  нэг лангуун дээр очиж аягыг нь зүлгэтэл хөнгөнцагаанаас гардаг бал шиг юм гарсан” хэмээж байлаа. Үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр “үйлдвэрийн ориг мөнгөн аяга” хэмээн хээтэй, хээгүй гээд загвар бүрээр нь өрж тавьжээ. Гэтэл харамсалтай нь жинхэнэ ориг байх нь хэцүүхэн. Яагаад гээч. Тагш нь хүртэл Хятадаас 50 мянган төгрөгөөр орж ирдэг. Бас мөнгөнийх нь орц  бага байдаг. Зөвхөн өнгөлөх төдий зүйл байдгийг энэ төрлийн металлыг судалж буй хүмүүс хүртэл хэлж байсан. Монгол дархчуудын цэвэр мөнгө  наанадаж гурван сая  төгрөг хол давдаг гэнэ. Өнгөрсөн онд гаалиар нэг ширхэг нь 700 ам.долларын үнэтэй цэвэр мөнгөөр урласан гурван мөнгөн аяга импортоор орж иржээ. Гэхдээ эдгээр аягануудыг Тайвань улсаас авч ирсэн гэнэ. Харин экспортод БНХАУ руу 12792 ам.долларын үнэтэй 29 ширхэг мөнгөн аягыг гаргасан байна. Мөнгөн аяганы сорьц хэмжээг өмнө нь Сангийн яамны Сорьцын хяналтын хэсэг шалгадаг байжээ. Уг байгууллага одоо Стандартчилал хэмжилзүйн газрын харьяа болсон аж.

Иймээс тус газрын Эрдэнийн чулууны шинжээч, улсын байцаагч Ш.Бямбасүрэнгээс энэ талаар асуусан юм. Тэрбээр “Мөнгөн аягыг хүн бүр хэрэглэж байх нь зүйтэй. Учир нь мөнгө хүний ходоод доторх хорт бодисыг устгаж байдаг. Мөнгөн аяганы орцын хэмжээг 999, 925, 875, 830 зэрэг сорьцоор шалгадаг. Хэрэглэгчид манайхаас дарсан албан ёсны тэмдэг, мөн үйлдвэрийн тэмдгийг сайн харах хэрэгтэй” гэсэн юм.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж