МАН-ын Бага хурал завсарлаад байна. Хурал үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ. Гэхдээ хуралдаан хаалттай горимд шилжиж, “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг батлах юм. Хуралдааныг завсарлуулахын өмнө “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т туссан зорилтуудтай холбоотой асуудлаар Бага хурлын гишүүд асуулт тавьж санал шүүмжлэл өрнүүллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Хөтөлбөрт тусгаснаар 20 жилийн дараа Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрнэ гэж байна. Энэ чинь хүний дургүйг хүргэж байгаагаас цаашгүй. Гол нь яаж энэ зорилтод хүргэх вэ гэдэг л чухал. Монгол Улс 1990 онд гудамжиндаа ядуу хүнгүй орж байлаа. Хүн амын амьжиргааны төвшнөөр дэлхийд 55-д бичигддэг байсан бол одоо 100-д жагсч байна. Энэ бол ухралт. Тэгэхээр энэхүү 20 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд буцаад 1990 оны төвшиндөө хүрэх тэр зам руу явах ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Раш нар хөдөөгийн хөгжлийг бодлогод бүрэн дүүрэн тусгаагүй байна. Жишээ нь “100 мянган айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд зөвхөн улаанбаатарын иргэдийн тухай асуудал хөндөгдөж байна. Хөдөө нутаг эзгүйрч байхад тэнд иргэд суурьшиж амьдрах боломж нөхцлийг хангах ёстой” гэсэн юм. Түүнчлэн уул уурхайг хөгжүүлэх талд үндэсний аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих талаар бодлого боловсруулсныг ч сонирхов. Харин энэхүү “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-тэй холбоотой асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нар хариулт өглөө.
Тэдний тайлбарласнаар хөтөлбөрт хөдөөгийн хөгжлийг орхигдуулаагүй, нэлээд тодорхой тусгасан. Тэр дундаа засаг захиргааны хуваарийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Түүнийг дагуулаад мал аж ахуйг хөгжүүлэх, малчныхаа амьдралыг хэрхэн дэмжих шаардлага байна вэ гэдэг дээр тусгай бодлогууд цогцоороо туссан гэсэн юм.
Уул уурхайг хөгжүүлэх хүрээнд эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарын ашиглалт эрх зүйн орчинг боловсронгуй болгох. Шинэ техник технологийг уул уурхайн салбарт эрчимтэй нэвтрүүлэх, тэр дундаа байгальд халгүй технологийг сонгох. Мэргэжлийн томоохон компаниуд уул уурхайн салбарт олборлолт явуулдаг байх. Стратегийн орд дээр төрийн зохицуулалтыг нэлээд сайн оруулж өгөх. Үндэсний компаниудаа чадавхижуулах, илүү боломж олгох. Үүний тулд татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлдэг байх. Хайгуул хийх, ашиглалт боловсруулалт хийхэд уул уурхайд заавал үндэсний компаниудын оролцоо байх гээд иж бүрнээр асуудлыг оруулсан гэсэн тайлбар хийсэн юм.
Харин хүн амын амьжиргааг дээшлүүлэх хүрээнд МАН бол ашигт малтмалын баялгийг олон түмэндээ хуваарилж, үнэт цаас эзэмшүүлэгч болгох. Түүнээсээ ард түмэн жил бүр ногдол ашиг хүртдэг байх тэр чиг шугмыг барьж бодлого боловсруулсан гэлээ.
Г.Дарь