ШУТИС-ийн материалын технологийн сургуулийн химийн технологийн салбарын ахлах багш Д.Хандмаа
-ШУТИС нь Нефть, газрын тос боловсруулалтын химийн технологийн инженер чиглэлээр мэргэжилтэн бэлтгээд 10 гаруй жил болж байна. Энэ чиглэлээр мэргэшсэн хүн одоо гарын таван хуруунд багтахаар цөөхөн үлдлээ. Бид сүүлийн үед газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах талаар яриад байдаг. Гэтэл энэ чиглэлээр мэргэшсэн хүн манайд тун ховор. Манай сургуулиас төгсөж гарсан хүүхдүүд ихэнхдээ импортлогч компанид ажиллаж байгаа. Нэгэнт ийм үйлдвэр байхгүй юм чинь. Миний бодлоор газрын тосны боловсруулах үйлдвэрийг нэн тэргүүнд байгуулах шаардлагатай гэж боддог. Бид ч тодорхой хувь нэмрээ оруулж тодорхой ойлголттой хүүхдүүдийг сурган төгсгөж байна. Хүнд заахын тулд өөрөө судлах хэрэгтэй учир би энэ салбарт нэлээд гүнзгий орсон гэж хэлж болно. Олон ч компаниудын төсөлтэй танилцаж байлаа. Зарим компани хэтэрхий хийсвэр, шинжлэх ухааны түвшинд хүрэхгүй, наад захын шаардлага хангахааргүй төсөл бичсэн байсан. Мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт хандаж байгаа нь байж болохгүй зүйл. Үүнийг нэлээд сайн нягталж байж зөвшөөрөл олгох хэрэгтэй. Эс бөгөөс асар их санхүүгийн эрсдэл дагуулна. Хамгийн бага хүчин чадалтай үйлдвэрийг байгуулахад 50-100 сая ам.доллар шаардлагатай. Гэхдээ энэ боло мөнгөтэй Засгийн газар, мөнгөтэй компанийн хийх ажил. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүсээ хангалттай татан оролцуулах хэрэгтэй юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулахад таван жилийн хугацаанд зардал гарган байгууллаа ч, дараагийн арван жилдээ зардлаа хурдан нөхөх боломжтой. Үйлдвэрээс дан ганц автобензин, түлш зэрэг бүтээгдэхүүн гаргаж авахаас гадна дахин нэрж сайн чанарын таваарын түлш, тос, тосолгооны материал, кокс, мазут зэргийг гаргадаг. Түүнчлэн химийн хувиралд оруулж хуванцар материалын түүхий эд, капрон, нийлэг мяндас зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж болдог юм. Үүний жишээ бол Япон улс. Тэд хэдийгээр газрын тосны ордгүй боловч газрын тосыг худалдан авч боловсруулаад олон төрлийн химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр хөгжлийн түвшин нь өнөөгийн шатанд хүрсэн гэдэг. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах нь манай орны хувьд зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг. Хамгийн гол анхаарах асуудал бол үйлдвэр барилаа гээд мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх ажлыг орхигдуулж болохгүй юм.
-Монгол Улс өнгөрсөн хугацаанд шатахуунаар нэг улсын хараат байлаа. Хайгуул судалгааны ажил 1940-өөд оны үед эрчимжээд газрын тосны үйлдвэр байгуулан ажиллаж байсан. Тэгэхээр газрын тосны үйлдвэрийн ажил гэдэг цоо шинэ зүйл биш. Харамсалтай нь үйлдвэрт осол гараад хаагдсан. Үүнээс хойш дотоодын хайгуулаа ч зогсоосон. 1991 онд Газрын тосны хуулийг баталж, газрын тосны талбай ялгаад хайгуулын ажил эхэлсэн юм. Ингэснээр манай орон газрын тосны дан импортлогч биш, экспортлогч орон боллоо. Гэвч энэхүү газрын тосоо дотооддоо ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Бид 2000 оноос хойш газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах талаар судалгаа хийж байна. Ингээд өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 22-ноос хойш тусгай зөвшөөрөл авах гэсэн боловч өдийг хүртэл зөвшөөрөл олгосонгүй. Бидний ажил зогсонги байдалд ороод байна. Гэхдээ бүр ч зогсоогүй, төслийн ажил үргэлжлэн явагдаж байгаа. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлах, дотоодод дэд бүтцийг барьж байгуулах зэрэг ажлыг судлаж байна. Хэрэв төрөөс газрын тос боловсруулах дотоодын үйлдвэрийг байгуулах ажлыг дэмжвэл нефтийн үнийг бууруулах, хангамжийг нэмэгдүүлэх, стандартыг сайжруулах чухал ач холбогдолтой. Тухайлбал манай компанийн хувьд барилгын зураг гарч байна. Тоног төхөөрөмжийн хувьд хамгийн олон жижиг оврын үйлдвэр угсарсан АНУ-ын “Винтек инженеринг” компанийн тоног төхөөрөмжийг сонгон авсан. Бид тусгай зөвшөөрлийг олгоогүйгээс хугацаа алдаж байна. Энэ ажил жил гацлаа. Хэрэв өнгөрсөн жил зөвшөөрлөө авсан бол энэ жил үндсэндээ бүтээн байгуулалтын ажлын ихэнх хувийг гүйцэтгэж дуусгах байлаа. Бидний барьж байгуулах үйлдвэр маань жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай жижиг “модуль”-ийн үйлдвэр юм. Энэ нь цаашид өргөтгөх боломжтой гэсэн үг.
Хэрэв үйлдвэрээ байгуулбал, дөрвөн төрлийн бүтээгдэхүүн боловсруулна. Бензин, өвөл, зуны түлш, мазут, мөн шингэрүүлсэн хий. Хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлснээр хаягдал ч бага гарах юм. Манай улс ОХУ-аас евро-2 стандартын бүтээгдэхүүн импортлодог. Харин бид Монголдоо евро-3 стандартын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Монголд Цагаан элс, Тамсаг гэсэн хоёр газарт олборлолт явуулж байна. Гэвч бүгдийг нь урд хөрш рүү гаргаж байгаа. Тэгвэл үүнийг дотоод руугаа чиглүүлэх арга зам бол газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах явдал юм. Бас энэхүү үйлдвэрийг байгуулснаар бид шатахууны үнийн хувьд импортын тухайн үеийн хилийн үнээс 10 хувиар бага байх боломжтой гэж үзэж байгаа. Судалгаагаар гурван оронтой тоонд барих боломж бий.
"Улс төрийн тойм" сонин