АН-ын 99 гишүүн нэр дэвших болзол хангажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

АН-ын 99 гишүүн нэр дэвших болзол хангажээ

АН-ынхан сар бүрийн эхний долоо хоногт сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдөр зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж нар уг уулзалтад оролцсон юм.

АН-ын дарга Н.Алтанхуяг эхлээд “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт явуулсан уг хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлэн онлайнаар үргэлжлүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэгт оролцож амжаагүй болон гадаадад байгаа монголчууддаа үүгээр боломж олгож байгаа аж. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой,  эрх чөлөөтэй, ажил орлоготой монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх талаар хэн ч, хаанаас ч онлайнаар саналаа илэрхийлэх бололцоог үүгээр нээсэн байна. “Монгол хүн-2020” хэлэлцүүлэгт өмнө нь нийт 60000 хүн оролцож саналаа илэрхийлсэн юм байна.

Хамгийн шилдэг сайн санал дэвшүүлсэн хүмүүсийг долоо долоо хоногоор шалгаруулах бөгөөд экспертүүдийг долоо хоног тутамд солих аж. Мөн оноо өгөх шинжээчдийн баг ажиллуулахаар болжээ. Эрдэмтэн судлаачдын дунд зарласан 140 сая төгрөгийн шагналын сантай уралдаанд 34 бүтээл ирснийг шалгаруулалтын шатанд шилжүүлжээ. Шалгарсан бүтээлүүдээр илтгэл тавиулахаар болсон байна. Мөн тэдний санаанаас “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгахаар болжээ.

АН “Монгол хүн-2020” хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд боловсруулахаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ерөнхий хороо байгуулж байгаа юм байна. Хөтөлбөр 2012-2016, 2016-2020 он гэсэн хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд эхний хэсэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөр болж хувирах боломжтойг Н.Алтанхуяг дарга хэллээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнбат тус намаас УИХ-д нэр дэвшихийг горилогчдын татвар төлөлтийн хугацаа дууссаныг мэдээлэв. Нийт 50 сая төгрөгийг үе бүрт  12,5 сая  төгрөгөөр, дөрвөн үе шатаар хурааж дуусчээ. Гуравдугаар шатанд 105 хүн үлдсэн бол дөрөвдүгээр шатанд 99 хүн тус бүр 50 сая төгрөгөө бүрэн тушааж дуусгажээ.

Тэрбээр мөн Эдийн засгийн хувьсгал лекцийг таван удаа хийснийг дурдаж энэ хоёрдугаар сард зургаа дахь цувралыг явуулаад гуравдугаар сараас орон нутагт үргэлжлүүлэхээр болсныг дуулгалаа.

Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ҮЗХ-ны хурлыг цагаан сарын өмнө хийж түүгээр АН-ын даргыг солих асуудал хэлэлцэх тухай яриа сонсогдож байна. ҮЗХ-г хэзээ хуралдуулах вэ?

Д.Э: -“Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн тайланг Ерөнхий хороогоор хэлэлцээд түүний дүн гарсны дараа ҮЗХ хуралдана. Түүгээр хэлэлцүүлгийн дүнг хэлэлцэнэ.

-Татвараа бүрэн төлсөн 99 хүнээс ямар журмаар нэр дэвших 76-г сонгох вэ. Мөн хэдэн эмэгтэй байгаа вэ?

-Тэд 99-үүлээ нэр дэвшинэ гэж зүтгэх нь юу л бол. Тойрогт нэр дэвших 48 хүнийг АН-ын ноён нуруу болох чадвартай, АН-ын үнэт зүйлсийг хамгаалах чадвартай хүмүүсээс дэвшүүлнэ. Тэднийг Сонгуулийн шинэчилсэн хуулийн дагуу ҮЗХ-ноос санал хураалтаар шийднэ. Танай манай фракц гэхгүй. Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдэд 20 хувийн квот тогтоосон. Бүсгүйчүүдтэй уулзаж ярилцсан. Эмэгтэйчүүдээс мажоритариар хэд, пропорциональ жагсаалтаар хэдийг оруулах вэ гэдгийг яриад нэр дэвшүүлэх бүрэн бололцоотой. 99 хүн дотор бизнесийнхэн, АН-ын ердийн гишүүд, ҮЗХ-ны гишүүдээс бий.

-АН засгаас гараад 100 хувь сөрөг хүчин болж чадаж байна уу?

Н.А: -АН засгаас гараад арав хонож байна. Яахыг цаг хугацаа харуулна.

-АН хэзээ ч сөрөг хүчин байгаагүй. Сонгуулийн өмнө салдаг, сонгуулийн дараа буцаад нийлж жүжиг тоглопог гэдэг. Хэзээ ч сөрөг хүчин байж чадаагүй юү?

Н.А: -Хэн хүний хэлсэн зүйлд тайлбар өгөх боломжгүй. АН жүжиг тоглодоггүй.

Д.Э: -АН зөвхөн үйл ажиллагаанд хөтлөгдөг сөрөг хүчин байх албагүй. Нийгэм, ард түмний эрх ашигт ноцтой хортой нөлөөлөх буруу шийдвэрт хүргэхээс сэргийлэх нь сөрөг хүчний үүрэг. АН Засгийн газар байгуулахад саад болохгүй гэсэн үүднээс МАН-ын сайд нарыг дэмжсэн. Ямар сайд нарыг ямар сонирхлоор яаж дэвшүүлэх нь МАН-ын бүрэн эрхийн асуудал байсан. АН өнөөдөр хүртэл сайд нарын томилгоонд эргэлзэж байгаа.

-МАН-ын дэд сайд нарын томилгоонд АН яаж хандсан бэ?

Д.Э: -Дэд сайд нарыг яаж томилсныг ард түмэн харж байгаа. Ямар дэд сайд томилох нь МАН-ын бүрэн эрх. АН үүнд оролцоогүй. Дэд сайд нар үлдсэн хугацаанд яаж ажиллахыг ард түмэн харна.

АН бол фракц, мөнгөний байдлаар томилгоо хийхгүй. Манайх алдаж үзсэн нам.

-Нэр дэвшихийг горилогчдоос хураасан татварыг юунд зарцуулдаг вэ?

Д.Э: -Намын сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр зарцуулдаг. Хэвлэлийн сурталчилгаанд ч зарцуулна.

-50 сая төгрөгийн татварыг эсэргүүцдэг боловч санал авах боломжтой хүмүүсийг дэвшүүлэх үү?

-Татвар төлөөгүй хүнд УИХ-д нэр дэвших эрх хаалттай. Бүсгүйчүүдээс 10 гаруй хүн татвараа төлчихөөд байна. Зарим нь арай бага төлсөн. Эмэгтэйчүүд ҮЗХ-нд тогтоолын төсөл өргөн барьсан. Түүнийг хэлэлцэнэ. УИХ-д нэр дэвшүүлэхэд зарим тойрог эзэнгүй, нэр дэвшигч тодорхой бус байвал намын дарга мэдэж нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй.

-Орон нутгийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх ямар саналыг АН гаргасан бэ?

Н.А: -УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчилж мөнгө, төгрөгөөр зоддогийг хаасан. Гэтэл Орон нутгийн сонгуулийн хууль хуучнаараа байгаа. УИХ-д нэр дэвшигч мөнгө тараах нь хаалттай, орон нутагт дэвшигчид нээлттэй байж таарахгүй. Тогтолцоог одоогоор яриагүй байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж