Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн сөргөлдөөний үеэр түвдүүд БНХАУ-ын тугийг шатааж, өөрсдийн тугийг мандуулж байгаа болон Хятадын аюулаас хамгаалах хүчнийхэн хэдэн зуугаараа Түвдийн хот суурин газарт нэвтрэн энгийн номхон иргэдийг зодож байгаа бичлэг интернетээр цацагдсан юм. Мөн дээрх бичлэгт лам нарыг 10, 20 цэрэг нийлж байгаад хүний ёсноос гажуудаар тамлан зовоож байгааг дүрсэлжээ. Хятадын зүгээс дээрх явдлыг “Ирэх сард болох Түвдийн цагаан сартай холбоотойгоор ямар нэгэн эсэргүүцлийн жагсаал, цуглаан болохоос урьдчилан сэрэмжилсний үүднээс цэргийн ангиудыг ийнхүү ихээр оруулж байгаа” хэмээн тайлбарлаж байна.
Түвдүүдийн эсэргүүцлийг цэргийн хүчээр дарсан ч хилийн чанадад байгаа түвдүүд “Сычуань мужийн Ченгду хотод цагдаа нар гудамж талбайн өнцөг булан бүрт харуул хийж, Түвд хүн болгоныг шалгаж байгаа” хэмээн BBC агентлагт мэдэгдсэн байна. Сычуанийн автономит мужид гарсан дээрх түвдүүдийн бослого хөдөлгөөний үеэр “Хоёр хүн амиа алдсан” хэмээн Хятадын хэвлэл мэдээллээр мэдэгдсэн ч, хэвлэл мэдээлэл хаалттай энэ улсад ямар аймшигтай харгислал болж байгааг таамаглах аргагүй гэж “CNN” агентлагийн сурвалжлагч Жон Катинг онцолжээ.
Түвдийн нэгэн лам өөрийн дүрс бичлэгийг Лондон дахь Түвдийн хүний эрхийг хамгаалах хороонд нууцаар илгээжээ. Уг бичлэгт одоогийн нөхцөл байдлыг тодорхой харуулсан аж. Гадны сэтгүүлчдийг Хятадын аюулаас хамгаалах хүчнийхэн Түвдийн нутаг дэвсгэрт нэг ч алхам ойртуулахгүй байгаа юм. Хамгийн аймшигтай нь таван цагдаа өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө нэгэн түвд гэр бүлийн хоёр хүүхдийг зодож, нөхрийг нь тамлан зовоож, эхнэрийг нь хүчиндсэн хэрэг гарсан талаар нутгийн иргэд гомдолложээ. Энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд дүрс бичлэгийг лам өөрийн дуу хоолойгоор баталгаажуулсан аж.
Энэ мэт Хятадын хүний ёсноос гажууд харгис үйлдлүүд газар авч, дэлхий нийтийг цочирдуулсан хэвээр байхад НҮБ болон олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. Хятадын зүгээс түвдүүдийг “Салан тусгаарлагчид, үймээн гаргагчид” хэмээн тайлбарлаж байгаа. Харин түвдүүд “Биднийг хан үндэстнүүд байнга дээрэлхэж байдаг. Цагдаа, хүчнийхнээс эхлээд шүүх, прокурор, энгийн иргэд хүртэл. Сар болгон л цэргүүд бидний дундаас хэн нэгнийг хилс хэрэгт гүтгэн авч явж, тамлан зовоож байгаад сулладаг. Энэ бүхнийг эсэргүүцсэндээ бид тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн. АНУ-ын зүгээс дээрх явдлыг шашны болон үндэстэн хоорондын гэхээс илүүтэй хүний эрхийг зөрчиж буй ноцтой явдал хэмээн тайлбарлаж байна.
Италийн шашин судлаач Пачино Пато “Анх 1959 онд хятадууд зэвсгийн хүчээр Түвдийг эзлэн түрэмгийлсэн байдаг. Энэ бол цэвэр Хятадын эзлэн түрэмгийлэл гэж ойлгож болно. Үүнээс хойш Далай багш шавь нарынхаа хамт тус нутгаас зугтаж гарахаас өөр аргагүйд хүрсэн. Далай багш зугтах үедээ 100 мянган түвдүүдийг дагуулан манан будан татуулан Хятадын цэргүүдээс мултарсан гэлцдэг. Энэтхэг бол Бурхан багшийн айлдвар ном хүчтэй дэлгэрсэн орон тул Далай багшид нутаг тасалж өгсөн түүхтэй. Өдгөө олон жил болж байгаа Далай лам ард түмнийхээ төлөө байнга залбирч байдаг. Өнөөдөр Хятадын цэргийн хүч, өөрийгөө шатаасан эрх чөлөөний эзэд, энэ их сөргөлдөөн эцсийн дүндээ хүний эрхтэй шууд холбоотой. НҮБ-аас ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай болоод байна” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Энгийн номхон иргэдийг зодож, хүний ёсноос гажууд, балмад үйлдэл хийж байгаа Хятадын дарангуйлалд гутарсан дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам ч уйлж байна. Тэрбээр “Энэ бүх аллага, харгислалаа зогсоо. Эд хөрөнгө, эдлэх баялаг байхгүй ч ард түмнийг минь тайван байлгахтун” хэмээн БНХАУ-ын эрх баригчдаас гуйж байгаа талаар BBC агентлаг уламжлав.
Хятадын одоогийн удирдагч Ху Жинтаог Түвдийн автономит намын даргаар 1988 онд томилсон байдаг. Үүний дараа 1989 онд Түвдийн X Панчин лам 50 насандаа зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь олны анхаарлыг, тэр тусмаа түвдүүдийн анхаарлыг ихэд татсан билээ. X Панчин ламын үхэлд ямар нэг гадны нөлөө байсан эсэх дээр одоо ч түвдүүд эргэлздэг аж. Үүнээс хэдхэн сарын дараа БНХАУ-ын генерал Ли Лианшиу тэрс үзэлтэй гэх сэтгүүлч Тан Дашианыг хилс хэрэгт холбогдуулах тушаалыг Лхасын цагдаагийн газарт өгсөн талаар баримт олдсон байдаг. Улмаар түвдүүд тайван жаг саал хийсэн нь 450 хүний үхлийн шалтгаан болно гэж санаагүй гэдэг. Тайван жагсаалд оролцсон 450 түвдүүдийг Хятадын хүчнийхэн үй олноор нь хоморголон устгасан эхний баримт энэ. Түвдүүдийн хувьд 1987-1993 он бол хоёрдах томоохон бослого эсэргүүцлийн үймээний он жилүүд аж. Дээрхийн гэгээн XVI Далай лам 1995 онд зургаан настай Гэдүн Чооки Нямыг XI Панчин ламаар нэрлэсэн боловч хятадууд Бээжинд өссөн Жянцан Норовыг XI Панчин ламаар нэрлэсэн байна. Гэдүн Чооки Ням болон түүний гэр бүлийнхнийг хятадууд шоронд хорьсон уу, эсвэл дарамт хавчлагаас зугтан нуугдмал байдлаар амьдрах болсон эсэх нь одоо болтол тодорхойгүй бөгөөд ор сураггүй болсон түүхтэй.
Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээгээр 1959 онд Түвдийн автономит бүс болон Кам, Хөх нуур, Гансюд нийтдээ 6,330,567 Түвд хүн байсан бол 2000 оны тооллогоор дээрх мужуудад 5,245,347 Түвд хүн тоологдсон аж. Үүнээс үзэхэд Түвдийн хүн ам өсөлтийг тооцохгүйгээр 15 хувиар буюу ойролцоогоор сая гаруй хүнээр хорогдсон байгаа нь илт юм. Мөн 2008 онд түвдүүд дахин эсэргүүцэл тэмцэл хийж жинхэнэ автономит эрх чөлөөт, тусгаар тогтносон орныг хүсэж буйгаа илэрхийлсэн удаатай. Харамсалтай нь БНХАУ-ын зүгээс эсэргүүцлийн жагсаалыг дарж 140 хүний аминд хүрсэн баримт байдаг байна. Харин энэ удаагийн жагсаалын үеэр таван хүн нас барж, 18 хүн хүндээр гэмтэж, 200 гаруй түвд хүн баривчлагджээ.
"Улс төрийн тойм" сонин