Х.Алтайн хувьд хүүхэд нас нь Улаанбаатарын 40 мянгатад өнгөрсөн. Эрэгтэй хүүхэд гэхэд сахилгагүй биш, томоотой хүү байсан гэдэг юм билээ. Түүнийг аав нь Орос школоор хүмүүжүүлсэн аж. Тэрбээр Орос 14 дүгээр сургуулийг дүүргэжээ. МУИС-д эрх зүйч мэргэжлээр сурч байх хугацаандаа зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг байсан гэнэ лээ. Энэ нь жуулчид дагуулан Монголын үзэсгэлэнт газруудыг үзүүлэх хөтөчийн ажил хийдэг байсан явдал. Тухайн үед хэцүү байсан энэ мөчцаг нь хожмоо оюутан насных нь хамгийн сайхан дурсамж болон үлдсэн байна. Ийн сургуулиа эрх зүйч мэргэжлээр төгссөн Х.Алтай Швейцарь улсын “MRI” хэмээх уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалдаг компанид жил гаруй хугацаанд дадлагаар ажиллажээ. Үүний дараа “Бороо гоулд” компанийн бүлд багтаж, Засгийн газартай харилцах ажилтан болсон байна. Мөн экс Ерөнхий сайд С.Баярын Шадар туслах хийж байв. Тэрбээр энэ тухай ярихдаа “Ерөнхий сайд асан С.Баярын шадар туслахаар ажилласан гэдгээрээ маш их бахархдаг. Тэр том хүнээс би асар ихийг сурсан. Мөн сайн эцэг, эхийн буянаар өдий зэрэгтэй яваа гэж боддог” гэжээ. Залуу хүн байж Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөж буй нь Х.Алтайг ямар чадвартай болохыг нь харуулж байгаа юм. Тэрбээр одоо эхнэр Ц.Авиддарь, тэрсхэн төрсөн хүү, охинтойгоо амьдардаг. Х.Алтай Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал болсноосоо хойш маш завгүй болсон төдийгүй гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа нь байсан хэмээн өөрөө ярьсан байдаг. Гэсэн ч хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхийг хичээж, сайн эцгийн үүргээ биелүүлэхийг зорьдог хэвээр гэсэн. Залуу хүний хувьд алтернатив хөгжим сонсож, түүхэн зохиол болон хүний намтар унших дуртай гэсэн. Энэ бүгд түүнд сургамж болдог ч байж болох юм. Хүүхэд байхдаа “Beatles” хамтлагийн дууг сонсож, үгийг нь сурч, цээжлэхийг хичээсээр байгаад англи хэлийг хурдан сурсан гэдэг. Х.Алтай “би” гэж ярих бус “бид” гэж хэлэхийг илүүд үздэг. Энэ нь “Хүн өөрийгөө дүгнэж цэгнээд сууна гэдэг өрөөсгөл” гэж боддогтой нь холбоотой аж. Лондонгийн Хөрөнгийн биржтэй байгуулсан түншлэлийн үр дүнд Монголын Хөрөнгийн бирж эрс шинэчлэгдэж буй. Үүнийг хийж яваа Х.Алтайг “Financial Times” сэтгүүл “Boomtown Mongolia” нийтлэлдээ онцолжээ. Тэрбээр өнөөгийн залуусыг “Монгол Улс 20 жилийн өмнө одоогийнхоос тэс ондоо нийгэмд байсан. Тухайн үед нийгэм огцом өөрчлөгдөж монголчууд цоо шинэ нийгэмд амьдрах шаардлага бий болсон. Магадгүй тэр үед зарим хүний хувьд шинэ нийгэмд дасан зохицож, нийцүүлж ажиллаж амьдарна гэдэг амаргүй байсан байж болох юм. Харин тэр үед хүүхэд байсан одоогийн залуусын хувьд ажиллаж, амьдрах орчин нь анхнаасаа зах зээлийн нийгэмд хөл тавихаас эхэлсэн болохоор энэ бүхэнтэй илүү сайн уялдаж мэднэ. Тэр хэрээр залуус бидэнд зарим зүйлсийг арай эрт эхлүүлэх боломж олдсон байх” хэмээн “цэцэрхсэн” байдаг юм. Ийнхүү Элчин сайдаар ажиллаж байсан аавынхаа нэрийг хугалахгүй яваа Х.Алтай өмнөө олон зорилго тавьсан байх. Л.Хангайн гэр бүл Ардын намтай салшгүй холбоотой нь тэднийг олонд таниулахад хүргэсэн ч байж болох. Ямартай ч Л.Хангайн үргэлжлэл цоо шинэ түүхийг эхлүүлэн зүтгэж явна.
"Улс төрийн тойм" сонин