”ЖДҮ-ийн зээлд олон хүн хамрагдах боломжтой”

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

”ЖДҮ-ийн зээлд олон хүн хамрагдах боломжтой”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 4-13-ныг хүртэл болох 30 салбар зөвлөгөөнд 4800 гаруй аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгчид оролцож өнөөг хүртэл хийсэн ажлын тайлан, цаашид юун дээр анхаарч ажиллах, төрөөс ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдөх юм.

Мөн энэ сарын 9-нөөс "Мишээл экспо"-д "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Үзэсгэлэн худалдааны үеэр шинэ технологиор хийж бүтээсэн олон бараа бүтээгдэхүүн борлуулагдах аж.

Энэ талаар ХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баярмагнайтай ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөний хамрах хүрээ ямар байх вэ. Энэ асуудлын талаар тодруулна уу?

-Зөвлөгөөн өчигдрөөс эхэлсэн. Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг аймагт зөвлөгөөн болж байна. Дараа нь дүүргүүдэд болно. Манайд нийт 5000 орчим жижиг, дунд үйлдвэрлэгчид байдаг. Мэдээж зөвлөгөөнд бүгд хамрана гэж хэлэхгүй. Хэрэв оролцож чадаагүй, боломжгүй хүмүүс байвал интернет хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

Бид өнөөг хүртэл хийсэн ажлынхаа тайлан, алдаа дутагдал, амжилт ололтынхоо талаар зөвлөгөөний үеэр ярина. Мөн үйлдвэрлэгчид өөрсдийн хүндрэлтэй байгаа асуудлаар ярих байх.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн гол асуудал мэдээж хөрөнгө мөнгө байдаг. Зээл тусламжийн асуудал зөвлөгөөний үеэр яригдах уу?

-Жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэгчдийг 2006 оноос эхлэн улсын төсвийн мөнгөнөөс дэмжиж ажиллаж эхэлсэн. 2009-2010 онд 300 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрийг гаргасан. Гэх мэтчилэн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг 30-35 аж ахуйн нэгжүүдэд олгосон байгаа. Зөвлөгөөний үеэр мэдээж зээл тусламжийн асуудал нэлээд яригдана. Жижиг, ,дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ талаар санал хүсэлтээ илэрхийлэх байх. Зөвлөгөөний үр дүн ч өндөр байх болов уу.

-Зээл тусламжид хамрагдахад нэлээд өндөр шалгууртай байдаг тул зарим нь авч чаддаггүй гэсэн. Ямар журмаар эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгогддог вэ?

-Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгодог. Манайд 4800 жижиг, дунд үйлдвэрлэгчид байдаг ч зээл тусламжийг 30-35 аж ахуйн нэгжид хүргэсэн гэхээр мэдээж хүртээмжийн хувьд ямар байгаа нь ойлгомжтой. Уг нь жил ирэх тусам илүү их эх үүсвэрийг гаргадаг. Хамрах хүрээ бага байгаа нь нэг талаар банкуудын шалгуур нөлөөлдөг байх.

Тиймээс манай яамнаас батлан даалтын хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон. Хэрэв энэ хууль батлагдвал зээл тусламж авах боломжгүй, барьцаа хөрөнгө байдаггүй үйлдвэрлэгчид ажлаа танилцуулаад үнэхээр эргэн төлөгдөх боломжтой гэж үзвэл Батлан даалтын тухай хуульд хамрагдаж зээл тусламжаа Хүртэх боломжтой болно.

-Зээлийн хүү хэр өндөр байгаа вэ. Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээ хэдэн хувьтай байдаг вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн авч байгаа зээлээс шимтгэл авахгүй байгаа. Мөн хүү нь 12 хувь байсан бол буурч долоо болсон. Барьцаа хөрөнгийн үнэлгээ 60-70 хувь байдаг. Гэхдээ бид арилжааны банкуудад барьцааны үнэлгээг 70 хувиас доош оруулж болохгүй гэсэн санал гаргаад байна.

-Зээл тусламжид бүх аж ахуйн нэгж хамрагдаж болох уу?

-Мэдээж баар цэнгээний газруудыг хамруулахгүй. Харин үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлдэг бүх хүмүүс хамрагдах боломжтой. Орон нутагт ганц үйлдвэрлэл ч биш худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хүн цөөнгүй бий.

-"Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэнгийн талаар танилцуулахгүй юу?

-Үзэсгэлэнд 165 аж ахуйн нэгж оролцоно. Тэдний хийж бүтээсэн бүх зүйл худалдаанд тавигдана. Ер нь үйлдвэрлэгчид орчин үеийн шинэ технологиор юу хийж бүтээж чадаж байгааг харуулах нь гол зорилго. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-нөөс "Мишээл экспо"-д болно. Иргэдэд үйлчлэх зорилгоор "Тэнгис" кино театрын өмнөөс "Мишээл экспо" хүртэл автобус явуулж байгаа.

Э.Майцэцэг
 "Нийгмийн толь" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж