Дэд сайдуудыг дэргэдээ байлгахын учир

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудыг дэргэдээ байлгахын учир

Адлагдсан албан тушаалт­нууд гэвэл дэд сайд л байх шиг. Ерөнхийлөгч, Зас­гийн газрын хооронд, нам ба намын удирдах зөвлө­лийнхний эв нэгдэлд хэрүүлийн алим болсон дэд сайдууд төрд заавал хэрэгтэй юү. Яамны нэг өрөөг эзэгнэлээ гэхэд хаягнаасаа өөр халгаатай нь юу байх вэ. Ядаж нэг албан бичигт гарын үсэг зурж, тамга дарах биш. Хэдийгээр тэд улс төрд “эв хавгүй” харагдаж болох ч гоочлохоосоо илүү төрийн ажлыг хийхэд тус­тай байх талаас нь харах хэрэгтэй болов уу. “Том” сайд нар нь сонгуульд өрсөл­дөөд явчихаар улс орон эзэнгүйдэж, сонгуулийн дараа эх орондоо хайртай болоод ирэхийг нь хүлээх хооронд алба амины аливаа ажил цалгарддаг шүү дээ. Дэд сайд нар ч ялгаагүй “тэнээд” алга болно л  рцалж болох юм.

Дэлхийн аль ч улс оронд дэд буюу орлогч сайдын алба байдаг. Үүнийг “устгах” гэж яарах хэрэггүй юм, уг нь.

Жишээ нь одоогийн манай Засгийн газрын бүтцээс гэвэл наад зах нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам л гэхэд ганц хүний бардаг ажил биш. Зөвхөн зам л гэхэд автозам, агаарын зам, төмөр зам гээд олон салбартай. Тэднээс агаарын зам  л гэхэд иргэний агаар, агаарын тээвэр гээд замбараагүй олон салбар, их ажил бий. Барилга, хот байгуулалтын салбарын хувьд тусдаа асар том бүтэц. Газар зохион байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилгын стандарт, цахилгаан шатны асуудал өнөөх замынхтай нийлээд нэг хүний мэдэлд төвлөрнө гээд бодохоор хэчнээн төгс хүн байсан ч хийж барахааргүй байгаа юм.

Одоогоос арав гаруй жилийн өмнө ардчиллынхныг засгийн эрхэнд байхад М.Энхсайхан Шинэ Зеландад айлчилж ирээд төрийн оролцоог багасгаж, Засгийн газрын бүтцээ танаж нэмэх оноо авч байв. Тухайн үед бүтээн байгуулалтын их ажилд төрийн оролцоо одоогийнхоос хавьгүй бага байсан болохоор тэр нь ч зохимжтой байв.

Харин одоо бол цаг өөр болжээ. Төр бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, хамгийн том ажил олгогч, хөрөнгө оруулагч болсон. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч аж ахуйн ажилд  оролцохоос өөр аргагүй. Нөгөөтэйгүүр бодлого боловсруулах байгууллагыг нь хүчирхэгжүүлэхээс өөр сонголтгүй болсон. Эрүүл мэндийн сайдын суудлаа өгөөд удаагүй байгаа УИХ-ын гишүүн С.Ламбаа саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн бус сайд асуулдаа шийдүүлэхэд хэцүү байдаг” хэмээжээ. Яах аргагүй үнэн. Тэр байтугай УИХ-ын гишүүн байлаа ч аль намын харьяат байх, олонхи, цөөнхийн гишүүн үү, бие даагч уу гэхчлэн олон хүчин зүйлийн нөлөө байж асуудлаа шийдүүлдэг нь үнэн. Гэтэл тэдний шийдэж ядаад байгаа асуудлыг насаараа тэр салбарт ажилласан, эсвэл тухайн яаманд газрын дарга ч хийж үзээгүй “өвгөн” мэдэж байдаг. Ямар ч эрх мэдэлгүй тэрбээр гарцыг хачин сайн мэдэж байвч шийдвэр гаргах эрхгүй учраас бүх “капитал”-аа тархиндаа хадгалж явдаг байх жишээтэй.

Энэ “шог” байдлаас гарахын тулд салбарын яамны шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн хүнийг томилъё гэж яриад байгаа юм. Тэр нь заавал УИХ-ын гишүүн, тухайн яаманд ¹1 хүн байх албагүй. Тэгэхээр дэд сайдын албыг тэгтлээ үзэн ядах хэрэггүй. Ююуны өмнө салбараа сайн мэдэх, ажлын туршлагатай байх, цаашилбал сонгуульд нэр дэвшин өрсөлдөх бодолгүй хүн байвал ямар вэ. Ядаж дараагийн Засгийн газрыг эмхлэн байгуултал бүхэл бүтэн салбарыг “гал алдуулахгүй” удирдаад явж байг. Эсвэл аль ч Засгийн газрын үед дэд сайдын албан тушаалыг хашаад улстөржихгүй, бодлогоо боловсруулаад гаршчихсан байдаг бол бүр ч догь.

Одоогийн байдлаар шинэ дэд сайдуудаас Гадаад харилцаа болон Хүнс, хөдөө аж ахуйн яамдад очоод байгаа. Н.Тэнгэр, П.Баянмөнх нарыг салбар нь л танихаас улс төрийн хүрээнийхэн төдийлөн танихгүй. Тэр тусмаа цаашид ийм хүмүүсийг дэд сайдын албанд түлхүү оруулж ирэх хэрэгтэй. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд “Замын” хочтой Б.Цэнгэлийг томилсон байна. Замаар овоглосныг бодоход салбараа сайн мэдэх биз гэж найдъя. Ер нь энэ салбар зугаа, цэнгэлийн нэртэй  зулзаган сайдад их элэгтэй байдаг юм. Эв нэгдлийн Засгийн газрын үед “Том” Ц.Цэнгэл Зам тээвэр, аялал жуулчлалын сайд байсан шүү дээ.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад Нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн хол­бооны тэргүүн Д.Ундармааг томил­чихлоо. Угаасаа энэ суудал эрх баригч намын эмэгтэйчүүдийн гол бай, гоёор хэлбэл Засгийн газрын “гал манах” суудал шүү дээ. Ямар сайндаа үүнд нь дасаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд эрэгтэй сайд очихоор хачин санагддаг болчихсон байгаа юм. Одоогийн байдлаар гэнэн хонгор болохоор Л.Гүндалай, С.Ламбаа нар эмэгтэй сайдын сандал дээр очоод суучихсан удаатай ч тэгсгээд “босцгоосон”.  Харин энэ удаа Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар “Монполимет” компанийн ерөнхий захирал Ц.Гарамжавыг томилсон нь “нүдээ олов” уу гэлтэй санагдана. Түүнийг “Хал үзэж, халуун чулуу долоож явсан, муухан эрээс дөнгүүр сэтгэлийн хаттай, энэ салбарын болох, болохгүйг сайн мэдэх хүн” гэж салбарынхан нь ярьдаг. Ямар УИХ-ын сонгуульд нэр дэвшье гэж байгаа биш. Төрд зарагдъя гэсэн сэтгэлээр хандаж байгаа бол ядаж сонгууль дуустал зараад авъя.

Нийгмийн хамгаалал, хө­дөлмөрийн дэд сайдаар НАМЗХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилжээ.  “Засгийн газрын охидын суудал” хэмээн зарим нь шоолох янзтай. Гэвч “Ноёдын хүүхэд цагаан гартай” гэж хөөхгүйгээр бас л зараад авахад гэмгүй. Гэхдээ МАН-ын “охин” холбоодоос томилохын цаана улс төр харагдаад болдоггүй. Дэд сайдын суудлыг сонгуулийн өмнө олон нийтэд танигдах сурталчилгааны хуудас мэтээр харах нь зохимжгүй юм. Тэр тусмаа Н.Номтойбаярын хувьд Дорнод аймаг руу сээтэн хаяад гүйгээд байгаа. УИХ руу урвах магадлал өндөртэй хүмүүсийн нэг.

Ямартай ч үеийн үед байсаар ирсэн дэд сайдын суудлыг ад үзэхээс илүү үүрэг хариуцлага, имижийг нь чанаржуулж өгөх нь зүйтэй болов уу. Дэд сайд нарын цалин гэж улс хохироод сүйд болохооргүй, томоохон компанийн эздэд бол инээдтэй л мөнгө байдаг юм билээ. Унаа, шатахууны хувьд харамламаар санагдвал “Та өөрөө унааны зардлаа даагаарай” гээд тулгачих. Цаадуул чинь үнэхээр энэ ажлыг хийх дуртай бол тиймхэн зүйлд “хотойхгүй”.

Сайд ч гэсэн хүн шүү дээ. Хэчнээн төгс чадвартай байлаа гэхэд хоёр хүнийг орлох нэг хүн гэж үгүй. Дэд сайдтайгаа улс төр, төрийн албаа хослуулан барьж ажлаа эмхлээд явбал сайн хэрэг. Ямарваа шалтгаанаар эзгүйд нь орлох хүн заавал хэрэгтэй гээд олон талаас нь бодоод үзэхэд дэд сайдыг дэргэдээ байлгах шалтаг, шалтгаан олдоод байх шинжтэй.

Л.Баярмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж