Шинээр байгуулсан Засгийн газарт ямар нэг тодотгол байхгүй. Ийм том намын эрээвэр хураавар Засгийн газар тодотголгүй байж яаж болох вэ. Тодотгол өгнө өө. Олонхийн намын төв хэвлэлд бичсэнээр “Ардын Засгийн газар”, бусад хэвлэлийнхний бичиж байгаагаар “Шинэ зууны Ардын засаг” хэмээцгээх аж. Ардын намынхан 100 жил засгийн эрх барина гэж сэрүүн зүүдэлж яваа юм биш байгаа. Жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрийг тааруулж хуралдаж байгаагаас үзэхэд магадгүй юм шүү. Гэхдээ энэ бүхэн тус намын генсек У.Хүрэлсүхийн найруулсан жүжиг. Тэр сюрреалист идеа гаргаж, коммунист суртал ухуулга хийхээсээ огтхон ч ичдэггүй. Итгэл үнэмшлээсээ ичдэггүйдээ ч өдий зэргийн карьерт хүрсэн. Түр зуур толгой нь манараад Тэргүүн шадар сайдад нэр нь цохиж явснаас биш одоо бол тэр байх ёстой байрандаа л байгаа. Тэрбээр фракциа Засгийн газарт “шахчихаад” өөрөө намын генсек хэвээрээ үлдсэн. Энэ бол ирэх сонгуульд оролцохын өмнө байраа зөв эзэлж байгаа хэрэг.
Харин “голын цаана” үлдсэн гомдогсдын эгнээ улам өргөжиж буй нь аюултай. Товчхондоо Засгийн газарт хотын фракцийнхны “хоншоорыг ч цухуйлгаагүй” нь М.Энхболд, “Элснийхэн”-тэй эвсэж, Н.Энхбаярт очих том шалтаг болж мэднэ. Нөгөөтэйгүүр “Ардын намынхан ирэх сонгуульд ялъя” гэвэл Н.Энхбаяртай эвсэхээс өөр аргагүй” гэж мэдэмхийрэгчид сүүлийн үед олширч байна. Ардын намынхан ч тэгтлээ “Пүү пай, үгүй цаашаа” гэхгүй байгаа. Энэ бүхэн Н.Энхбаярт ашигтай. Ашиг хуваалцахаар анаж суугаа хүмүүсийн нэг нь М.Энхсайхан. МҮАН-ын даргын харж байгаагаар сонгуулийн өмнө толгойгоороо тоглож, намын даргаараа наадах нь Ардчилсан намынханд үргэлж аюул дагуулдаг. Одоо ч гэсэн М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан нар шиг намын хаалгыг саваад гарах хүн тус нам дотор цөөнгүй бий.
Ардын намын Удирдах зөвлөл уржигдар хуралдаж Бага хурлын талаарх урьдчилсан мэдээлэл өгсөн юм. Тэрхүү хэвлэлийн хуралд Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд, генсек У.Хүрэлсүх, УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Шадар сайд М.Энхболд нар зэрэгцэн суужээ. Уг нь дөрвөн хүн боловч хаанаас нь ч харсан Н.Энхбаяр харагдаад болдоггүй. Үнэндээ тэр дөрвийн хэнийг нь Н.Энхбаяргүйгээр өдий зэрэгт хүрсэн гэх билээ. Ярьж буй зүйл нь ч яг хэвээрээ. Ард түмнээ сонсдог аян зохион байгуулаад л, 21 аймаг, есөн дүүрэг, 283 сум, 152 хороонд хүрч ажилласан тухайгаа тайлагнаж байх юм. Гэтэл эрх мэдэлгүй, өөрөө өөртөө намын дарга гэдэг “буурал” алба олж авсан Н.Энхбаяр тэднээс хэдийнэ түрүүлж, “тархийг нь угаачихаад” ирсэн байдаг. Мэдээлэл олж авах боломж муутай, алслагдсан, хөдөөгийн зарим зарим айлынхан түүнийг бурханчлан тахидаг хэвээрээ байна. Дээр нь “Та нар ядуу байгаа нь Засгийн газрын буруу. Энэ авлигачдыг би цэвэрлэнэ” гээд ярихаар таалагдахгүй хаачих юм бэ. Ийм нөхцөлд МАН-ын гомдогсод МАХН- руу нүүдэллэж эхэлбэл маш аюултай.
Юун 2031 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөртэй манатай. Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр Сү.Батболдын намыг самрах төлөвлөгөө хаалгыг чинь тогшоод байгаа юм биш үү, МАН-ынхан!