Ачааны автомашинд төв замын зөвшөөрөл олгоно

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Ачааны автомашинд төв замын зөвшөөрөл олгоно

Нийслэлийн ИТХТ-дийн 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам батлагдсан.

Энэ журмын дагуу хагас жил тутам ачааны автомашины жингээс нь хамаарч “B”, “C” ангиллаар зөвшөөрөл олгодог билээ. Тэгвэл энэ оны эхний хагас жилийн зөвшөөрлийг дүүргүүдийн Замын цагдаагийн тасаг дээр тарааж байгаа юм.

Түүнчлэн техникийн хувьд бүрэн бүтэн, өнгө үзэмжтэй ачааны автомашинд төв замын зөвшөөрөл олгох юм байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын цахим хуудас, хэвлэл мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Сүрэнжаваас тодрууллаа.

-Техникийн хувьд бүрэн бүтэн, өнгө үзэмжтэй ачааны автомашинд төв замын зөвшөөрөл олгож байгаа юм байна. Энэ зөвшөөрлийг ямар шаардлага хангасан машинд олгох вэ?

-Зөвшөөрөл авах тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан ашиглахыг хориглосон гэмтэлгүй, иж бүрдлийн хувьд бүрэн байх хэрэгтэй. Мөн ачааны автомашины дугуй болон гадна өнгө үзэмж цэвэр, машины тэвшнээс ачаа унах, асгарахгүйгээр сайн бэхлэгдсэн, битүү хучлагатай, их дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй байх шаардлагатай. Чингэлгийн болон бусад төрлийн тэвшний хаалт, түгжээ бүрэн, хэвийн ажиллагаатай, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, цацруулагч бүрэн байна. Түүнчлэн тусгай зориулалт бүхий автомашинууд зам талбай бохирдуулахгүй байх бүх нөхцлийг хангасан байж энэ зөвшөөрлийг олгоно.

-Энэ зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр олгодог юм бэ?

-Төв замын зөвшөөрөл авах жолооч нар оношлогоонд хамрагдсан байх ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл, техникийн хувьд бүрэн бүтэн ачааны автомашин төв замын зөвшөөрөл авна гэсэн үг. Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журамд зааснаар “В” ангиллын ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг хагас жилд 10000 төгрөг байдаг. Харин “С” ангилалыг 15000 төгрөг байхаар заасан байдаг. Энэ дагуу зөвшөөрлийг олгож байна.

-Үүнээс гадна орон нутгаас жилдээ нэг удаа нийслэлд орж ирдэг машинд зөвшөөрөл олгодог. Энэ талаар?

-Аймаг, сумдаас жилд болон улиралд нэг удаа нийслэлд орж ирдэг тээврийн хэрэгсэлд түр зөвшөөрөл олгодог. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөлд нийслэлд нэвтрэх “В” ангиллын ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг 1000 төгрөг, “С” ангилалд 1500 төгрөг байдаг юм.

-“В”, “С” ангиллаар зөвшөөрөл авсан автомашинтай иргэдийг ямар ямар замаар явахыг хориглосон байдаг юм бэ?

-Бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг “С”, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны автомашиныг “В” ангиллаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцуулдаг. Харин энэ ангиллаар зөвшөөрөл авсан автомашин тодорхой заагдсан цагуудад хотын төвийн замаар зорчихыг хориглосон байдаг.

-Тодруулбал?

-“В” ангиллын ачааны автомашин 10.00-21.00 цагийн хооронд зорчихыг хориглосон гудамж замуудыг танилцуулах юм бол Бага тойруугаас дотогш замууд, Энхтайвны өргөн чөлөөнд МУБИС-ийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Чингисийн өргөн чөлөөнд Төв шуудангийн зүүн урд уулзвараас Энхтайвны гүүрний урд уулзвар хүртэл дээрх цагт зорчих хориотой.

-Харин “С” ангиллын хувьд?

-Энэ ангиллын ачааны автомашин 07.00-21.00 цагийн хооронд Бага тойруугаас дотогш замуудад, Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвараар дайрч Баянбүрдийн аюулгүйн тойрог зам хүртэл, мөн Зүүн дөрвөн замын уулзвараас Сансрын аюулгүйн тойрог зам хүртэл зорчихыг хориглоно. Түүнчлэн Энхтайвны өргөн чөлөөнд МУБИС-ийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Чингисийн өргөн чөлөөнд Төв шуудангийн зүүн урд уулзвараас Энхтайвны гүүрний урд уулзвар хүртэл, Нарантуул захын баруун урд уулзвараас Зүүн дөрвөн зам гэх мэт замуудад зорчихыг хориглосон байдаг. Үүнээс гадна аюултай, овор ихтэй ачаа тээвэрлэж байгаа автомашин зөвшөөрөгдсөн маршрут, цаг, зөвшөөрлийн ангиллаас үл хамааран 08.00-22.00 цагийн хооронд нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

-Зарим ачааны машин төв замаар зорчиж байдаг шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Аваар ослын дуудлагатай үед заагдсан цаг маршрутаар хориглосон замд нэвтэрч хөдөлгөөнд оролцож болдог. Үүнд, Шуурхай болон онцгой байдлын албаны автомашин, Цагдаа, арми, хилийн цэргийн машин, Шүүх шинжилгээний төвийн шуурхай албаны машин болон Ус сувгийн удирдах газрын харьяа ариутгах татуургын болон цэвэр усны шугам хоолойн засвар, дуудлагын машин зорчиж болно. Мөн Дулааны шугам сүлжээний засвар, дуудлагын машин, холбооны шугамын гэмтлийн машин, хотын зам, барилга, засвар, арчлалт, хамгаалалтын автомашин болон хотын тохижилт үйлчилгээний машин хориглосон замуудад зорчино.

Э.Пагмадулам
 http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж