Цагаан сарыг даруухан тэмдэглэх уриалга гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Цагаан сарыг даруухан тэмдэглэх уриалга гаргажээ

Монголын ард түмний уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос хэрэглэгч түмэндээ хандан уриалга гаргажээ.

Энэ талаар өчигдөр тус нийгэмлэгээс хэвлэлийн хурал хийсэн юм. Тодруулбал, cap шинийн баяраар айл өрх бүр хавтгайран ууц, өвчүү тавихгүй байх. Харин уламжлал ёсоо сэргээн мах шүүсээ дээдлэх мөн гар цайлгах бэлэг өгөхдөө мөнгө солилцох, шаардлагатай тохиолдолд үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгох гэсэн шаардлагыг Ерөнхийлөгчид өргөн барихаар хэлэлцүүлэн боловсруулжээ.

Хурлын үеэр "Монголын зан үйл дэмжигчдийн холбоо"-ны судлаач н.Цэрэннадмид "Бид алийн болгон Хятадын эдийн засгийг дэмжих бодлого баримтлах вэ. Ар араасаа шилээ даган үргэлжлэх монгол түмний энэ их баярт баячууд нь аархаж өмссөн дээл, зассан идээгээрээ гайхуулж байхад амьдралын түвшин доогуур иргэд, өтгөс буурай нар нь өрнөөс өрний хооронд баярлах нь өрөвдөлтэй юм. Тиймээс cap шинийг даруухан тэмдэглэдэг болох нь зүйтэй" хэмээж байсан.

Харин энэхүү уриалга нь зөв зохистой хэрэглээг бий болгох, үнэ ханшийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд чиглэгдсэн байна. Тэдний дэвшүүлсэн энэ санаачлагыг Монголын бурхан шашины төв, Гандантэгчинлэн хийд, Дашчойлон хийд, Их хүрээ хийд зэрэг шашины төвүүдээс гадна Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын залуучуудын холбоо, УИХ-ын гишүүд, иргэд гээд бүх хүрээнийхэн дэмжиж байгааг тодруулж байв.

Иймд тухайн санаачлагыг Төрийн тэргүүнээрээ дамжуулан ард иргэддээ хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Тэгээд ч Ерөнхийлөгчийн гаргасан аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэж байх уриалгын үргэлжлэл хэмээн онцолсон. Үүнээс үзэхэд, ард иргэд маань уламжлалт Цагаан сарын баяраараа заавал үнэтэй сайхан ууц тавьж, орсон, гарсан гийчэндээ гарыг нь цайлгах бэлэг бэлдэх шаардлагагүй болох юм.

О.Долгор
"Нийгийн толь" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж