""Коммерсантъ"" сонинд бичсэнээр, Холбооны сансрын агентлагийн /Роскосмос/ тэргүүн Владимир Поповкинд ослын шалтгааны талаарх илтгэлийг даваа гарагт танилцуулжээ.
Уг илтгэлийг ""Ростехнологи"" гэдэг төрийн өмчит корпорацийн шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн дарга нь Холбооны сансрын агентлагийн тэргүүнд биечлэн танилцуулсан байна. Осол болсон үндсэн шалтгаан нь хөлгийн бүхээгийн тооцоолон бодох хоёр суваг нэгэн зэрэг ачаалсанаас үүдэн программд саатал гарсантай холбоотой гэж ""Коммерсантъ"" сонинд бичжээ.
Ослын шалтгааныг мөрдөн шалгах комисс хэд хэдэн хувилбарыг дэвшүүлсэн байна. Тухайлбал, АНУ-ын радарын нөлөөнд автсаны улмаас автомат станцыг хөөргөх явц тасалдсан байж магадгүй. Гараг хоорондын ""Фобос-Грунт"" станцыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 9-нд хөөргөсөн юм. Уг аппарат Ангараг гарагийн дагуул болох Фобос гарагаас дээж авч эх дэлхийд авчрах ёстой байжээ.
Хөөргөснөөс хэдэн цагийн дараа станцын бүхээгт гэмтэл гарч, ""Фобос""-ыг Ангараг гарагийн тойрог замд оруулах ёстой байсан пуужингийн хөдөлгүүр ажиллаагүй байна. Үүний улмаас уг аппарат агаар мандлын нягт давхаргад орж шатах хүртлээ буюу энэ сарын 15 хүртэл дэлхий орчмын тойрог замд гацжээ.
Энэ төсөл хоёр жил хагасын хугацаанд үргэлжлэх ёстой байсан бөгөөд таван тэрбум рубль буюу 161.2 сая ам.долларын өртөгтэй юм. ""Фобос-Грунт"" аппаратын үлдэгдэл хэсэг өнгөрсөн ням гаригт Номхон далайд унажээ.