Энэ асуудлаар ШУТИС-ийн дэд захирал Г.Дамдиннямтай ярилцлаа.
-Танай сургуулийн оюутнуудын зарласан хэвлэлийн бага хурлын талаар таны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид сургуулийн оюутнуудын зарласан хэвлэлийн бага хурлын тухай мэдээгүй. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр л анх олж сонслоо. Мөн мэдээлэл дутуугаас андуу эндүү мэдээлэл ч байна лээ. Бас ортой зүйлийг ч ярьж байсан.
-Хэзээнээс нэг, хоёрдугаар ээлж гэж хоёр хувааж эхэлсэн бэ?
ШУТИС 2003 оноос энэхүү асуудал яригдаж эхэлнэ. Манай сургуульд кредит систем гэх сургалтын систем нэвтэрээд12 жил болж байна. Энэ системийн гол агуулга нь оюутан өөрөө чөлөөт сонголттой байдаг. Энэ нь оюутан багш, суралцах хичээл, цагийн хувиараа өөрөө сонгодог гэсэн үг. Тэгэхээр манай оюутнууд долоо хоногийн эхэнд хичээлтэй байгаад бусад өдөр нь хичээлгүй байх уу, ямар багшаар хичээлээ заалгах вэ гэдэг нь тухайн оюутны хувьд чөлөөт сонголт гэсэн үг. Үүнээс хойш 2003 онд суралцагчдын тоо ихэсч, анги танхимын хүрэлцээ багасч эхэлсэн. Үүнээс шалтгаалаад нэгдүгээр ээлж, хоёрдугаар ээлж гэж элсэлт авч эхэлсэн юм.
-Хоёрдугаар ээлж нь яагаад оройн анги гэж тооцогдох болсон бэ?
-2003 оноос хойш таван жилийн турш буюу 2008 он хүртэл нэгдүгээр, хоёрдугаар ээлж гэсэн категиороор элсэлт авч сургалтаа явуулж байсан. Гэтэл 2008 онд 53 тоот тушаал гарсан. Тухайн үед сайд байсан Н.Болормаа энэхүү тушаалыг гаргасан. Энэ тушаалд БСШУЯ-наас Боловсролын тухай хуулинд: “Суралцагсдыг өдөр, орой, эчнээ гэсэн категиороор ангилна. Нэгдүгээр ээлж, хоёрдугаар ээлж гэсэн категиор гэж байхгүй ёсгүй. ШУТИС-ийг хоёрдугаар ээлжийн гэх нэрийн дор оюутан элсүүлхийг хориглоно. Хоёрдугаар ээлжийн оюутнуудыг оройн анги гэж тооцсугай” гэж заасан. Ингээд 2008 оноос өдрийн анги, оройн гэж хяналтын тоо өгдөг болсон.
-Өдөр, оройн анги хоорондоо ямар ялгаатай вэ?
-Оюутнуудын ялгаагүй гэж хэлээд байгаа нэг талаараа үнэн. Өдөр, оройн ангийн оюутнууд суралцах цагийн хуваарь, багш, хичээлийн хувьд ижилхэн программтай мөр зэрэгцэн суралцаж байгаа. Энэ ялгаа хоорондоо ялгагдах зүйлгүй байсан ч “Хүний хөгжил сан”-ийн мөнгө олгогдож эхэлсэнээр энэхүү асуудал үүсч эхэлсэн.
-Анх сургууль болон оюутны хооронд байгуулдаг гэрээнд энэ тухай тодорхой зааж өгдөг үү?
-Тэгэлгүй яахав, анх оюутан сургуульд элсэхэд гэрээ байгуулдаг. Ялангуяа хоёрдугаар ээлжийн оюутантай нэмэлт гэрээ байгуулдаг. Мөн сургуулийн томилолтод тайлбар болгож нэмэлтээр энэ тухай анхааруулсан байдаг. Түүнд: ”Энэхүү эрхийн бичиг нь сургалтын төрийн сангаас зээл авах хөнгөлөлт үзүүлэхэд үндэслэх санхүүгийн баримт болж чадахгүй” гэсэн байдаг. Энэ бүх зүйлтэй тухайн оюутан санал нэгдэж гарын үсэг зурж баталгаажуулдаг гэсэн үг.
-Энэ гэрээний тухай оюутнууд огт дурдахгүй байсан?
-Аргагүй дээ. Оюутнууд бас учраа сайн олохгүй, нөгөө талаар мөнгөө авахыг л хүсч байгаа байх. Бид нар ч гэсэн оюутнуудаа өдөр, оройн анги гэж ялгаж үзэхийг хүсдэггүй.
-Яг ижилхэн шалгалт өгөөд элссэн оюутнуудыг яагаад нэг, хоёрдугаар гэж хуваадаг вэ?
-Яагаад гэвэл Боловсролын яамнаас бидэнд хяналтын тоог өгдөг. Өдрийн ангиас тэд, оройн анги тэд гэж тоо ирдэг гэсэн үг. Нөгөөтэйгүүр нэгдүгээр ээлж буюу өдрийн ангийн оюутан нь үнэндээ элсэлтийн шалгалтад хоёрдугаар ээлжийн оюутнаас арай илүү оноо авсан байдаг. Манай сургууль инженер техникийн мэргэжил эзэмшихийг хүсэгчид маш их нэмэгдсэнээр бид бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгаа.
-Өнгөрсөн жилийн “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олдох уу?
-2010-2011 оны “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний хувьд Засгийн газрын тогтоолд өдрийн анги гэж заасан тул оюутнуудад нөхөн олгох боломжгүй.
-Харин энэ жилийн хувьд?
-Бид оройн ангийн оюутнуудад олгох 500 мянган төгрөгтэй холбогдуулан БСШУЯ-нд хандан удаа дараа хүсэлт гаргаж байсан. БСШУЯ энэ асуудлаар маш сайн ажилсан. Учир нь БСШУЯ Засгийн газрын хуралдаанд манай оройн ангийн тухай хоёр ч удаа өргөн барьсан ч хуралдаанд уг асуудлыг дэмжээгүй. Бид одоо гурав дахь удаагаа өргөн барихаар ажиллаж байна.
-Та бүхэн одоо ямар арга хэмжээ авах вэ?
-Бодит ажил гэвэл боловсролын сайдад энэ тухайгаа тайлбарласан. Ингээд БСШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг байгуулах 39 дүгээр тушаал гарлаа. Бид оюутнуудын санал хүсэлтийг судлан бололцоот дүгнэлт гаргана. Удахгүй нааштай хариулт гарна гэж найдаж байгаа. Хоёр сарын 7 гэхэд хариу гарна.
-БСШУЯ-аас та бүхэнд хандан шаарлага тавьсан уу?
-Яамны зүгээс төгсөн гарсан оюутны хөдөлмөр эрхлэлтийн түвшин өндөр байвал энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдсэн. Манай сургуулийг жилд 3000 орчим оюутан төгсдөг тэдний 79,5 хувь нь шууд хөдөлмөр эрхэлдэг.
-Эдгээр оюутнууд тэтгэлгийн 70 мянгад хамрагдах уу?
-Хэрэв Засгийн газраас оройн ангийн оюутнуудыг өдрийн анги гэж тооцож эхэлбэл тэтгэлгийн мөнгөө авна.
-Уг оюутнууд өмнөх жилийн 500 болон 70 мянгаа авч чадахгүй бол төрийн ордны үүдийг хааж эсэргүүцлээ илэрхийлнэ гэсэн. Энэ асуудалд та бүхэн хэрхэн хандах вэ?
-Монгол Улсын үндсэн хуулинд хүн жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэсэн байдаг. Гэвч манай оюутнууд дээд боловсрол эзэмшиж байгаа болохоор арай л ийм буруу үйлдэл хийхгүй болов уу. Манай сургуулийн болон салбарын яамдын удирдлагууд хамтраад энэ асуудлыг шийдвэрлэх гээд ажиллаж эхэлсэн болохоор ийм үйлдэл хийхээ азнах хэрэгтэй. Хэрэв жагсаал цуглаан хийнэ гэвэл хичээлээ таслахгүй, хуулийн дагуу байх ёстой.