импортлогчид өнгөрсөн сарын 6-нд бензин, шатахууныхаа үнийг литр тутамд
260 төгрөгөөр өсгөснөөс үнийн хөөрөгдөл бий болж түүнийг даган иргэдийн
ахуй амьжиргаа туйлдаж эхэлсэн билээ. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн
байнгын хороо нь валютын ханш болон шатахууны үнийн өсөлтийн шалтгаан
нөхцөлийг тодруулахын зэрэгцээ цаашид авах арга хэмжээний талаар санал
дүгнэлт боловсруулах зорилготой ажлын хэсгийг нэгдүгээр сарын 10-нд
байгуулсан юм. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаад санал дүгнэлтээ
эцэслэсэн бөгөөд түүнийгээ өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд
танилцуулах ёстой байсан ч, гишүүдийн ирц хүрээгүйгээс ирэх долоо
хоногийн мягмар гариг болгон хойшлуулсан юм. Гэхдээ тус ажлын хэсгийн
ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, бүрэлдэхүүнд нь багтсан
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Батж.Батбаяр нар сэтгүүлчдэд хэвлэлийн бага
хурал зарлаж, дүгнэлтээ танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн
Д.Ганхуягийн тайлбарласнаар ажлын хэсгээс Монголбанкны удирдлагад
хариуцлага тооцох ёстой гэсэн дүгнэлтийг гаргажээ. Төв банк бол ашгийн
төлөө бус байгууллага. Энэ ч утгаараа төгрөгийн ханшийг тогтвортой барьж
байх үндсэн үүрэгтэй боловч 150-200 тэрбумын алдагдлаа нөхөхийн тулд
төгрөгийг сулруулах замаар ажиллаж, иргэдэд асар их хэмжээний хохирол
учруулсан гэлээ. Өмнө нь алдагдлаа нөхөх зорилгоор дээрх аргачлалаар
ажиллаж иргэдийн халаасыг гөвж байсан ч холбогдох албан тушаалтанд
хариуцлага тооцолгүй өнгөрсөн. Үүнд нь өөгшсөн үү, дахин буруу арга
замаар ажиллажээ.
Хоёрдугаарт, валютын ханшийн чангаралтыг
далимдуулан нефть импортлогчид үгсэн хуйвалдаж бүтээгдэхүүнийхээ үнийг
үндэслэлгүйгээр хэт өндөр нэмсэн гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргажээ.
Нөгөөтэйгүүр, 2009 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын
тушаалаар байгуулагдсан, дэд сайд асан Б.Ариунсангаар ахлуулсан нефтийн
бүтээгдэхүүний үнийн асуудлыг авч хэлэлцэх ёстой ажлын хэсэг
Өрсөлдөөнийг хянан зохицуулах тухай хуулиар татан буугдах ёстой ч өнөөг
хүртэл чадамжтай байгаа. Тэр байтугай өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд дэд
сайд асан Б.Ариунсан тэргүүтэй нефть импортлогчдын төлөөлөл хуралдсан.
Өөрөөр хэлбэл, энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Гуравдугаарт, төр
нефтийн бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж чадаагүй. Тийм учраас Засгийн
газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэсэн
дүгнэлтийг гаргажээ. Үүнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
хамгийн тэргүүнд яригдаж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ
“Уг нь нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшийг судлах, шалтгаан нөхцлийг нь
тодруулах зорилгоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдан, нефть
импортлогчдод хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэж 10 тэрбум төгрөгийн
торгууль ногдууллаа. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол нефть импортлох
эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн ч өнөөг хүртэл
дорвитой арга хэмжээ аваагүй байгаа. Тэр байтугай нефтийн бүтээгдэхүүний
үнийг бууруулна гэж байсан нь талаар өнгөрч байна гэсэн юм.
Харин
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал нь нефть
импортлох эрхийг төр мэдэлдээ авах нь зүй ёсны гэдгийг харууллаа гэж
мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар Монгол Улсын Засгийн газраас нефть
импортлогчдод одоогоор 80 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Тодруулбал,
2008 онд нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх
зорилготойгоор нийт 50 орчим тэрбум төгрөгийг олгож байжээ. Энэ бол
чухамдаа татвар төлөгчдийн мөнгө. Мөн Засгийн газар нефтийн
бүтээгдэхүүнд ногдуулдаг Гаалийн болон Онцгой албан татваруудыг өөр
дээрээ авч, сар бүр хөдөлгөж байх шаардлагатай байна гэж үзэн, УИХ-аас
эрх авсан. Эрхийнхээ хүрээнд 2011 онд дээрх хоёр төрлийн татвараар нефть
импортлогчдыг 30 тэрбум төгрөгөөс хөнгөлжээ. Нэг ёсны 80 орчим тэрбум
төгрөгийг энэ мэтээр нефть импортлогчдод олгосон байна. Гэвч нефтийн
бүтээгдэхүүний үнэ буурсангүй улам өссөн. Ажлын хэсгийнхэн нефть
импортлогчдоос мэдээлэл хүсэхэд “Жил тутам алдагдалтай ажиллах боллоо”
гэсэн тайлбар хийж байсан авч, ашиг орлого нь өмнөхөөсөө хэд дахин
нугарч өссөн болохыг онцлов.
Жилд гурван хувийн ашигтай ажиллаж
байсан нефть импортлогчид одоо 25 хувийн ашигтай болсон. Энэ бол ашиг
найм дахин өссөнийг харуулж буй үзүүлэлт юм. Хөрөнгийнх нь хэмжээ харин
дөрөв дахин нэмэгдсэн. Тэгсэн атлаа төрөөс татварын хөнгөлөлт шаарддаг.
Одоо төр ганц торгоож байсан НӨАТ-аа тэглэх хүртэл арга хэмжээ авч
болзошгүй байгаа. Ийм нөхцөл байдлыг удаашруулбал ард иргэд л улам
хохирч, хоосон хонох өдрүүдийнх нь тоо нэмэгдэхээр байгаа тул Монгол
Улсын Засгийн газар нефть импортлох эрхийг авах нь илүү оновчтой гэж
ажлын хэсэг үзжээ. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ талын хуулийн төслийг
өргөн мэдүүлэхээр болж буй гэдгээ ч энэ үеэр мэдэгдлээ.
Монгол
Улс жилдээ нэг сая орчим нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Түүнээс
25-30 хувийг иргэд, үлдэж буй 70 орчим хувийг уул уурхайн компаниуд
ашигладаг гэсэн судалгаа бий аж. Тиймээс төр нефтийн импортыг мэдэлдээ
авчихвал зөвхөн иргэдийн нуруун дээр бууж болох 25-30 хувийн хэрэглээн
дээр хөнгөлөлт тавьж, татвараа хөдөлгөөд байх боломжтой. Ингэхдээ уул
уурхайн компаниудаас олсон ашгаар дээрх татаасыг хийгээд байх боломжтойг
ч мөн онцолсон юм.
Түүнчлэн хуралд оролцсон гишүүд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны
хуралдаан хойшилсон шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд
ирээгүйтэй холбон тайлбарлав. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж,
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт хариуцлага тооцох ёстой
гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан нь хуралд оролцохгүй байх
үндэслэл болсон байхыг үгүйсгэсэнгүй.