Ямар баярын өдөр билээ гэж өмнө нь асуусан өрөөнд байсан нөхдөд “хүүе иргэний нийгмийн өдөр юм байна” гэж хэлсэнд “ямар иргэний нийгэм… Ж.Батзандан, О.Магнай нар чинь Ардчилсан намын гишүүн болчихсон биз дээ” гэж хариулж байна аа. Нөгөө нэг нь бүр “иргэний нийгэм чинь нээрээ байхгүй болчихсон биз дээ, бүгд аль нэг намд ороод, тэгээд юундаа баярлацгаах гээд байгаа юм” гэж байх юм. Үнэхээр иргэний нийгэм гэдгийг ямар утгатайг ч ойлгохгүй байгаа хүмүүс хэрхэн өнөөдөр Иргэний нийгмийн өдөр гэж мэдэх билээ дээ. Угтаа бол “Иргэний нийгэм” гэдэг нэр томъёо нь Монгол Улсад 1992 оны шинэ Үндсэн хуулиар анх удаа хэрэглэгдсэн. Түүнээс өмнө Карл Марксын зохиолд байдаг хөрөнгөтний нийгмийн тухай ойлголттой л байсан биз. Гэвч энэ нэршил орж ирснээс хойш хорин жил өнгөрч байхад “Иргэний нийгэм гэдгийг зөвхөн Уянга, Батзандан, Магнай нараар төсөөлж байна” гэдэг үнэхээр харамсалтай. Өчигдөр яах вэ, өнөөх Ж.Батзандан Facebook хуудсан дээрээ “Маргааш иргэний нийгмийн өдөр. Төрийн эрх мэдлээс илvv иргэний эрх, эрх чөлөө хvмvvcийн амьдралыг өөрчилнө гэдэгт итгэдэг хvмvvcийн баярын өдөр” гээд мэндчилгээ дэвшүүлжээ. Гэтэл хариуд нь “ийм өдөр байдаг юм уу” гэж.
Миний өнөөдөр “Иргэний нийгмийн өдөр” гэдгийг мэдээгүйтэй адил олон хүн “иргэний нийгэм” гэж мэддэггүй байх нь.
Сүүдрийн тухай тайлбарлахад гэрлийн тухай ярихаас өөр аргагүй гэдэг шиг иргэний нийгмийг тодорхойлохын өмнө төрийн тухай хэлэхээс аргагүй. Төрийг хянаж цагдаж байхгүй л бол уянаас алдуурч, бидэнд үйлчилдэг гэдгээ мартаад өөр лүү маань дайрахаас ч буцахгүй “хүнд гар”. Ийм ч учраас хүн төрөлхтөн гэдэг төрөөс өөрсдийгөө хамгаалахын тулд Үндсэн хуулийг бий болгосон. Мөн Үндсэн хуулийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн шүүхийг буюу манаачийг бий болгосон. Манайд энэ шүүхийг Үндсэн хуулийн Цэц гэдэг. Гэвч энэ бүхнээс илүү иргэний нийгэм нь төрийг хянаж байдаг. Ингээд бодвол чухам юу гэдэг нь ойлгогдоно. Иргэний нийгмийн байгууллага гэдгийг манаач шиг өөрчилж болдоггүй, худалдаад авчихаж болдоггүй, өөрийнхөө хүнээр тавьчихаж болдоггүй. Иргэний нийгмийг төлөөлөх хүмүүс нь төлөөлөх чадвараа алдсан ч, төрийн талд орсон ч иргэний нийгэм оршсоор байдаг. Иймдээ ч иргэний нийгэм гэдэг нь иргэн бүрт хамаатай ойлголт, “Иргэний нийгмийн өдөр” гэдэг нь төрөөс халамж, хайр хүсэхээс илүү боломж, эрхээ нэхэж чаддаг иргэдийн өдөр биз.