Иргэдэд өгөх хувьцааг сая төгрөгөөр үнэлсэн нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Иргэдэд өгөх хувьцааг сая төгрөгөөр үнэлсэн нь зөв үү?

“Ардын эрх” сонин Тавантолгойн ордоос иргэдэд өгөхөөр шийдвэрлэсэн 1072 ширхэг хувьцааг Засгийн газар сая төгрөгөөр үнэлсэн явдалд шүүмжлэлтэй хандаж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа дээрх асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

Батж.Батбаяр: АЖЛЫН ХЭСЭГТ НЬ ХУУЛЬ САНААЧЛАГЧДААС ОРУУЛАХГҮЙ БАЙЖ БАЙГААД ИЙМ ЗҮЙЛ ХИЙЛЭЭ

Энэ оруулаад ирсэн 39-р тогтоолд өөрчлөлт оруулах төсөл чинь миний анх санаачилж оруулсан төслөөс огт өөр байна. Ерөөсөө ААН-д эзэмшүүлэх 10 хувийг иргэдэд нэмж олгох тухай л байсан. Сая харсан чинь өөр байна. Ажлын хэсэгт нь хууль санаачлагчдаас оруулахгүй байж байгаад ийм зүйл хийлээ. Нэрлэсэн үнийг УИХ-ээс тогтоож болохгүй. Үүнийг УИХ хийдэг ч зүйл биш. Улс төрчид хүмүүст таалагдах л гэдэг хүмүүс, Энэ бүхэн бизнесийнхээ зарчмаар явах ёстой.

С.Эрдэнэ: НЭМЖ ОЛГОХЫГ БИ ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ

Нэмж олгохыг би эсэргүүцэхгүй. Иргэддээ аль болохоор ахиу зүйл өгч байх хэрэгтэй. Нэн ялангуяа баялгаас иргэдэд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө би явна. Гэхдээ ажлын байр бий болгож, Монгол орны эдийн засгийн дийлэнх хувийг нуруундаа үүрч яваа аж ахуйн нэгжүүдээ яагаад элдвээр цоллож, мууг нь дуудаж, Тавантолгойн хувьцааны арван хувийг нь иргэдийн хувьцаа дээр нэмэх гээд байгаа юм. Тэгэх дээрээ тулбал засаг өөртөө байгаа хувиасаа иргэдэд өгөх хэрэгтэй.

Тэрбишдагва: ХУВЬЦААГАА ААН-ҮҮДЭД БОРЛУУЛЖ БОЛОХ АГУУЛГААР ОРУУЛЖ ИРСЭН НЬ БОЛОМЖИЙН САНАЛ

УИХ гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж эхлээгүй байхад ард түмэнд популизм хийх зүйлийг гишүүдээс гаргаад байна. Тавантолгойн 39-р тогтоолд өөрчлөлт оруулна гэж хоёр намаас тус тусдаа ажлын хэсэг гарч төсөл санаачилсан. Уг нь МАН-ын 1,5 сая, Ардчилсан намын сая төгрөгийн амлалтыг энэ тогтоолоор хангачих боломж нь байгаа юм. Хувьцаагаа зарах эрхтэйгээр тогтоолын төслийг оруулж ирж байгаа нь, хувьцаагаа ААН-үүдэд борлуулж болох агуулгаар оруулж ирсэн нь ч боломжийн санал юм. Гэвч улс төр хийгээд энэ асуудал дээр завсарлага авчихлаа. “Эрдэнэс Тавантолгой”-г хариуцаж буй хүмүүсийн төлөвлөгөөгөөр эхлээд зам барих, ингэхээр 2017 оноос өмнө ногдол ашиг өгөхөөргүй юм шиг ойлгогдож байна. Гэтэл ахмад настнууд бид энэ хувьцааны чинь үр шимийг хүртэж чадах ч юм уу, үгүй ч юм уу гэх асуудлыг тавьж байна. Ингэхээр нь хувьцаагаа худалдах боломжийг нь бий болгож байгаа юм.

Ц.Баярсайхан: ЭНЭ ТӨСӨЛ ЧИНЬ ТАЛ ЕЭВЭНГИЙН ҮЛГЭР ШИГ БАЙНА

Тавантолгойн 39 дүгээр тогтоолоор иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэсэн. Дээрээс нь иргэн бүртээ баялгаас 1.5 сая төгрөг олгоно гэсэн. Гэтэл үүнийгээ нэг юм болгосон уг төсөл чинь тал еэвэнгийн үлгэр шиг байна. Хувьцаа өгсөн болоод, дараа нь түүнийг нь зарж сая төгрөг болгох замаар ард түмнийг луйвардах нь. Энэ бол төрийн том луйвар. Уг нь энэ асуудлаар төрийн бодлогоо гаргасан шүү дээ. Гэтэл одоо иргэдэд хувьцаа нэртэй цаас харуулсан болоод түүнийгээ аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгнө, эсвэл төр авна гэх юм. Нэг юмыг гурван хүнд зэрэг худалдах гээд байгаа юм байлгүй.


С.Бямбацогт: ЭНЭ ЧИНЬ ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУССАН ЗҮЙЛ

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, баялгаасаа иргэддээ 1.5 сая төгрөг олгох чинь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зүйл. Энэ зорилгоосоо ажлын хэсэг хазайгаагүй. Тавантолгойн ордыг ангилж, хувьцааг нь үнэлээд байгаа юмгүй. 39 дүгээр тогтоолд “Нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцаа олгоно” гэсэн өгүүлбэр байхгүй. Хувьцааны 20 хувийг иргэдэд олгоё л гэж байгаа. Засгийн газар бусад зохион байгуулалтыг нь хийнэ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж