– Гадаад харилцааны яам гадаадад амьдарч байгаа монголчуудыг өрх бүлээр нь тоолж, нийгмийн халамжийг хүргэхэд хэрхэн анхаарч ажиллах төлөвлөгөө гаргах.
-Сангийн яам өрхүүдийн эрхэлж байгаа үйлдвэрт нь тус нэмэр болохуйц техник технологи, багаж хэрэгслийг судалж, тэдэнд ойртуулах. Өрх гэрт урамшууллын тогтолцоо нэвтрүүлнэ. /золигийн сэтгүүлчид бид мушгиж гуйвуулаад байгаа юм биш шүү. Яг ингэж бичсэн байна лээ/, бүр нэг айлын хэдэн хүн ажилгүй байснаас хэд нь ажилтай болсон, амьжиргааны төвшнөө хэр ахиулж байгааг нь тооцоолоод урамшуулах юм гэсэн. Дээр нь бас “…газар зүйн байршлаар нь зүйлчилж гаргаж болно” гэсэн тайлбартай. Ямар учиртай үг болохыг бүү мэд хангайн айл жишээлбэл өрх гэрээрээ мал маллаж хөдөлмөр эрхлэх болсон бөгөөд өмнө нь нэг үнээнээс таван литр сүү саадаг байсан бол энэ жил зургаан литрийг авдаг болж амьжиргааны төвшингөө сайжруулсан. Харин говийн айл бол бүр илүү хүнд нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг ч юм уу. Мэдэхгүй ээ, мэдэхгүй.
-Байгаль орчин аялал жуулчлалын яам хөдөө орон нутагт өрхийн амьжиргаа хэр байгаа, ажил эрхлэлтийг дэмжих ямар бодлого, үйл ажиллагаа явуулбал зохистойг тооцох. Энд бас салбарынх нь дагуу ажил эрхлэлтийг байгальтай ойртуулах хэрэгтэй гэсэн санаа яригдсан юм байх.
-Батлан хамгаалах яам цагдаа, цэргийн ар гэрийнхнийг хэрхэн анхаарвал зохих, тэдэнд хандсан ач холбогдолтой ажил, бодлого юу болохыг тодорхойлох,
-Боловсрол соёл шинжлэх ухааны яам хүн амын бичил нэгж болох гэр бүлийн гишүүд, тэр дундаа эх орныг авч явах үрсэд маань сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн олговол нэгдсэн зохион байгуулалтад орж болох, ингэж зохион байгуулалтад орсоноор ямар ямар асуудлуудыг шийдэх гаргалгааг гаргаж ирэх,
-Эрдэс баялаг, эрчим хүчний яам утаагүй түлш буюу хэмнэлтийг мэдрүүлнэ гэдэг зуухыг хэрэглэж байгаа өрхөд цахилгаан хэрэглэсний төлбөрөөс хөнгөлөх болон үр дүн юу болох талаар иргэдэд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй байна гэх зэрэг даалгавар өгч, хэрэгжих бодит бололцоог нь асууж байлаа.
-Хууль зүй дотоод хэргийн яам өрхийн бодлого дээр шат ахихын тулд нийт өрхөд гэр бүлийн хуулийг таниулж, амьдралд ойртуулахын тулд ямар ажил /хөнжилд засч болдог хуулийг хөнжилд тайлбарлаж бас болох л юм/ хийх хэрэгтэйг тодорхойлох гэх мэтчилэнгээр салбар салбараараа хийж болох ажлыг эрвийх дэрвийхээрээ хайж байгаа юм байна. Ингээд яамдуудын саналуудыг нэгтгээд ажиллачихвал өрх бүр “бондойгоод” ирэх бололтой. Өрхөө хөгжүүлчихвэл улс ч хөгжинө гэсэн нэг гаргалгаа бас байж болох л юм. Өмнө манай мэргэн засгийнхан жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлээд, бизнесийн хөгжлийг дэмжчихсэн учраас одоо өрхийг хөгжлийг анхаарч байгаа нь энэ бололтой.
Нэгэнт Өрхийг дэмжих жил гээд зарлачихсанаас хойш нөгөө загас хэрвээ үстэй байсан бол бөөстэй байх байсан гэдэг онигоо шиг “ө”, “р”, “х” үсэг болгоныг хамруулах гэж оролдож шүү. Иргэдийнхээ өөрөөр хэлбэл улсынхаа нэгж болсон өрхүүдэд хүрч ажиллахын тулд үүнээс илүүг бодож олно ч юу байхав.
Хэдийгээр албаны үгээр хэлхсэн энэ санаачлагууд, албаны хүмүүсийн хийх ажлаа ярих нь чихэр бурам шиг сонсогдох ч нэг л биш ээ. Сонгуулийн жил болохоор албаар ингэж сонгосон ч юм уу, ямар Сонгогчийн хөгжлийн жил гэж улаан цайм нэрлэчихэлтэй ч биш. Ер нь ингэхэд Монгол Улсад өрхийн хөгжлөөс өөр шийдвэрлүүштэй, тулгамдсан асуудал, хөгжүүлчихээр салбар байхгүй гэж үү? Утаатай тэмцэнэ гэхээр жил бүү хэл жаран хүрэлцэхгүй нь тодорхой ч өөр зөндөө л олон асуудлууд байгаа л бус уу,
Бодоод байх нь ээ, жил болгож онцлоод урд хойноос нь түүж яриад байгаа болохоос дээр дурдсан бүхэн угаасаа л яамдын хийх л ёстой ажил юм шиг санагдаад байх юм. Эсвэл хийх ёсгүй ажлаа хийж өгч биднийг өрх гэрийг минь гийгүүлэх гээд байгаа юм уу?
Ядахад сонгууль дөхөөд ирэхээр хаалга нүдэж орж ирээд шал угааж өгчих шахаад байдаг нөхдүүд “Өрхийн дэмжих жил шүү дээ” гээд өрөө өрөөгөөр гүйлдээд байвал яана аа. Уг нь ч төртэй төргүй өрхийнхөө асуудлыг өрхийн тэргүүн нь шийдээд яваа тал бол бий. Гэхдээ бас өрх болгоныг бөөцийлгөж бөмбийлгөе гээд байхад нь үгүй ээ гэж татгалзаад байлтай ч биш. Ингэсгээд л өрх гэрээ сүйдлүүлчихгүй шиг Өрхийн хөгжлийг дэмжих жилийг нь жаргаахыг хичээхээс. Яана аа, дараа жил өрхийн хөгжлөө бүр төгөлдөршүүлээд илүү нарийн асуудлыг нь шийдэж зохицуулж өгөх жил болгочих вий дээ. Нөгөө Өрхийн … хөгжлийн жил гээд. Ядаж байхад нэг яамны төрийн нарийн бичгийн дарга нь “Өрхийн асуудлыг авч хэлэлцэж, тодорхой биелэлтэд хүрэхийн тулд эдийн засгийн чадамжаас гадна өрхийн хүмүүжил, соёлыг ажлыг нарийн зааглаж боловсруулах болно” гэж хэлсэн байх юм. Яана аа, ямар соёлын ажлын ялгааг зааглаж, боловсруулах гээд байгаа юм бол оо?
Уг нь энэ төр өрх бүл рүү дайрч, шал гудсыг нь сөхөж байхаар өмнөх ажлаа л хийж байвал зүгээр байгаа юм даа, надад танд ч гай болохгүйгээр…