Сонгуулийн хууль буюу ”салан баавгайн” үлгэр

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль буюу ”салан баавгайн” үлгэр

Муурын байшин шатлаа
Муухай хэрэг боллоо
Түргэн дохионы хонх
Түн тан, түн тан
Түймэр гарлаа цаана чинь
Түн тан, түн тан…

С.Маршакийн “Муурын байшин” жүжигт гардаг шиг зүйл манай улс төрд болоод байна. Сонгуульдаа орох гэтэл хууль нь байдаггүй. Ингээд Ардын намынхан Засгийн газ­раа эвлүүлэх гэж чичлүүлж байх зуур Ардчилсан намынхан Орон нутгийн сонгуулийн хуулийг засах ажилдаа оров. Орон нут­гийн сонгуулийг УИХ-ын сон­гууль­тай хамт явуулахын төлөө уйгагүй хэлэлцэж бай­сан нөх­дүүд хуулийнхаа зөрчил­дөө­нийг сая л санав. УИХ-ын сонгуулийн хуульд сонгогчдыг мөнгөөр хахуульдах, санал худалдаж авахыг бүхий л хэл­бэрээр хориглосон атал Орон нутгийн сонгуулийн хуульд энэ заалтууд нь байдаггүй гэнэ. Тэгээд нэр дэвшигч нар “орон нутгийн сонгууль” нэрийн дор УИХ-ын сонгуулийн суртал­чил­гаагаа хийх болсон тул арга­гүй хуульд өөрчлөлт оруулах шаард­лагатай болсон юм байх. Дээр нь хоёр хуульд заасан сонгогчдын саналыг авах хуга­цаа бас зөрөөд байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Лу.Гантөмөр энэ тухай өнгө­рөгч даваа гаригт дэлгэсэн. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн З.Энхболдод хуулийн төсөл боловс­руулах үүргийг өгсөн гэнэ.

Тэгээд энэ намрын чуулганы хугацаанд буюу энэ сарын 10-ны дотор хуульдаа өөрчлөлт оруулах юм байх. З.Энхболд төслийг нь боловсруулна, бид батална гэв. Нөгөө их урт удаан үргэлжилдэг хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээн ч өрнөхгүй юм байх. Ингэхэд нөхдүүд биднээр даажин хийгээд байна уу, даарин дээр нь давс үрээд сууна уу.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 17-нд УИХ арай гэж нэг УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн. Хэрэв дахиад 10 хоног хэтэрсэн бол ирэх сонгууль хуучин хуулиараа явах байв. Харин Орон нутгийн сонгуулийн хуульд ийм цаг хугацааны хязгаарлалт байхгүй тул “бага зэргийн” өөрчлөлтийг бол хийчих гэнэ. Гэхдээ тэр нь хэр бодитой юм бол доо. Сар хагасын өмнө арай гэж нэг хуулийг нь өөрчилсөн эрхмүүд өнөөдөр дахиад шинэ хууль дээр сууж чадах уу. Ингэхэд нөхдүүдэд ер нь сонгууль явуулах бодол байна уу, үгүй юу ч гэж эргэлзмээр болж байна шүү, нуулгүй хэлэхэд. Хуулиа өөрчилнө, өөрчлөхгүй гэж хэрэлдсээр байгаад хугацаа тулгачихвал, баталсан хойно нь бас нэг хэдэн нөхөр Цэц энэ тэр рүү гомдол бариад гүйгээд эхэлбэл хууль баталсан нөхөд биш, хуулинд нь ороогдож буй нөхдүүд л хохирч үлдэнэ гэсэн үг. Нэр дэвшээд өрсөлдөж буй нөхдүүд, тэдэнд сохор таамгаар саналаа өгөх гэж байгаа сонгогчид хоёр. Тэгж тэгж байгаад “За яршиг, орон нутгийн сонгуулиа дараа нь явуулъя” ч болж магадгүй. Ер нь нэг хууль тогтоох институци гэхээсээ илүү худлаа цуурдаг, дагаж уймардаг нөхдүүд нь олон харагдаад байгаа. Үлгэрлэвэл ченжүүдийн моодонд оруулсан “уймраа ногоон” шиг. Хаана юу яриад, ямар хууль суйлаад орхисноо ч заримдаа таг мартдаг шиг байгаа юм. Яг л ”салан баавгайн” үлгэр ээ…

2012 оны УИХ-ын сон­гууль анх удаа холимог тогтол­цоо­гоор явах гэж байгаа. Мажоритари, пропорциональ хоёр тогтолцооны аль алиных нь элементийг агуулсан холимог сонгууль. Сонгогчид 26 жижиг тойрогт 46 нэр дэвшигчийг /нэг тойрогт 1-2 мандат ноогдож байгаа, энэ тооны нөхдийг УИХ-ын гишүүн болгоно оо гэсэн үг/, дээр нь улс даяар нэг том тойрогт 28 нэр дэвшигчийн жагсаалт бүхий намын нэрийг дугуйлах ёстой. Үүнийг хийхийн тулд УИХ өнгөрөгч арванхоёрдугаар сард 60 зүйл бүхий 50 гаруй хуудас хуулийг баталсан билээ. Зарим зүйл заалт нь Үндсэн хуулийн Цэц дээр оччихсон унаж тусах дээрээ тулаад байгаа. Харин эрхэм хууль тогтоогчид маань хуулиа батлаад л мартдаг тэр жишгээрээ одоо ч явж байна.

Улс төрийн намууд, нэр дэвшигчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сонгуулийн хэсэг хороодоос авахуулаад сонгогч нэг бүрийн эрх үүргийг тодорхойлж, давхар давхар хариуцлага ногдуулсан энэ хуулийн зүйл заалт бүрийг ирэх сонгуулиас өмнө амжиж сонгогч нэг бүрт хүргэх ёстой. Яагаад гэвэл хуулийг хийхдээ бус хэрэгжүүлэхдээ гол хүндрэл нь байдаг. Тиймээс баталсан хуулиа сурталчлах үүрэг ч бас УИХ-д давхар ноогдох ёстой. Үүнийг л манай хууль тогтоогчид харин умартчихаад байгаа юм даа.

Уг нь өнгөрсөн жил СЕХ энэ оныхоо төсвийг УИХ-аар батлуулахдаа хууль суртал­чил­гааны төсөв гэж цөөхөн төгрөг төсөвлөөд оруулж ирсэн юм билээ. Харин УИХ түүнийг нь хасаад, зөвхөн үйл ажиллагааны зардлыг нь суулгасан байдаг. Тэгээд одоо болсон хойно “Сонгуулийн ерөнхий хороо хуулиа сурталчлахгүй байна” гэж яриад яваа. Ингэхэд нөхдүүд саран дээрээс хууль батлаад байна уу, өөрсдөө зөвхөн агаараар амьдардаг улс уу. Зөвхөн мах, гуриланд л үнэ өгдөг юм биш, ямарваа ажил үйлчилгээ бүхэн өөрийн гэсэн өртөг зардалтай байдаг. Гэтэл УИХ-аас СЕХ-нд баталж өгсөн төсөв нь ердөө санал тоолох машин. Санал тоолох машин авлаа л гэнэ, буцлаа л гэнэ, Америкийнхийг нь ч авна, Солонгосыг нь ч авна гээд л их том сэдэв болгоцгоосон. Ингэхэд тэр машин чинь өөрөө санал өгөхгүй, сонгогч л санал өгөх юм байгаа биз дээ. Харин тэр сонгогчдод одоо өгөгдөөд байгаа мэдээлэл нь ердөө л “хоёр саналын хуудас бөглөх юм байх” гэдэг таамаг. Уг нь тэр саналын хуудас нь ямар тэмдэг­лэл тэмдэглэлээтэй байх, яаж бөглөхөөс эхлээд сонгууль зарлагдсанаас хойш сонгуулийн дүн зарлах хүртэлх хугацаанд хэн юу хийх, хэн юуг хориглосон гээд бүх мэдээлэл гарын авлага болоод өнөөдөр сонгогчдын гар дээр оччихсон байх ёстой. Дээр нь одоо л засварыг нь хийх гэж байгаа Орон нутгийн сонгуулийн хууль байна. Хоёр сонгуулийг хамтад нь явуулна гэвэл дахиад 4-5 хүнийг давхар дугуйлах болно. Гэтэл энэ бүх мэдээлэл хаана, хэний халаасанд явна аа…

2012 оны УИХ-ын сонгуу­лийг Орон нутгийн сонгуультай хамтад нь явуулна гэдэг угаасаа 2007 оны арванхоёрдугаар сард баталсан хуулиар хүлээн зөвшөөрөгдчихсөн зүйл. Зөвхөн хуулийн энэ заалтыг 2012 оноос хэрэгжүүлэхээр хойш тавиад байснаас биш. Тэгэхээр энэ удаа улстөрчид яаж ч мэлзээд хоёр сонгуулийг зэрэг явуулахаас өөр арга байхгүй, хуулийн хэрэгжилтийг хоёр дахиа хойшлуулна гэж арай байхгүй биз. “Хуулиас боллоо” гэдэг шалтаг лав энэ удаа байхгүй шүү, хууль тогтоогч эрхмүүд ээ…

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж